Түгээмэл асуулт хариулт

1. ГЭРЛЭЛТ БҮРТГЭХ

Асуулт 1. Гэрлэхэд харшлах шалтгаанууд ямар шалтгаанууд байдаг вэ?

Гэрлэхийг хүсэгчид Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар дараах харшлах шалтгаануудтай бол гэрлэхийг хориглоно. Үүнд:

  1. Хэрэв таны өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол;
  2. Гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 насанд хүрээгүй бол;
  3. Төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх;
  4. Харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх;
  5. Үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх;
  6. Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол.

Асуулт 2. Би Сонгинохайрхан дүүрэгт, манай найз охин Баянгол дүүрэгт оршин суудаг. Гэрлэлтээ батлуулахдаа бид 2 заавал нэг хаяганд оршин суудаг байх шаардлагатай юу?

Заавал нэг хаяганд оршин суудаг байх шаардлагагүй. 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж байгаа Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулиар иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэдэг болсон.

Асуулт 3. Манай нөхөр Англи улсын иргэн. Бид гэрлэлтээ Англи улсад 2005 онд бүртгүүлж тэнд одоог хүртэл амьдарч байна. Эх орондоо очвол миний гэрлэлт хүчинтэй болов уу?

Монгол Улсын гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан харшлах шалтгаангүй бол гадаад улсад гэр бүл болсон ч гэсэн эх оронд тань таны бүртгэл хүчинтэйд тооцогдоно.

Асуулт 4. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ заавал гэрч байлцуулах ёстой юм уу? Мөн гэрч нь төрсөн ах дүү, хамаатан садан нь байх уу?

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6 дах хэсэгт “Гэрлэсний бүртгэлийг хөтлөхдөө гэрлэхийг хүсэгчдийг гэрчийн хамт байлцуулах бөгөөд гэрчээр 18 нас хүрсэн хүнийг оролцуулна” гэж зааснаар заавал гэрч байлцуулах ба гэр нь төрөл садангийн хүн байх шаардлагагүй.

Асуулт 5.  Би одоо 5 сартай жирэмсэн. Хүүхдийн аав нь 16 настай. Бид гэрлэлтээ бүртгүүлэх хүсэлтэй байгаа боловч хүмүүс 18 насанд хүрээгүй бол гэрлэлтээ бүртгүүлэх боломжгүй гэх юм. Бид гэрлэлтээ бүртгүүлэх боломжтой болов уу?

Гэрлэхэд харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлээр заасан байдаг. Дээрх тохиолдолд насанд хүрээгүй байгаа тул 16-аас 18 хүртэлх насны иргэнийг, түүний хүсэлт, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай гэж шүүхээр тооцуулан, уг шийдвэрээ гэрлэлтээ бүртгүүлэхдээ баримт бичигтээ хавсаргаснаар гэрлэлтээ  бүртгүүлэх боломжтой болно.

Асуулт 6. Манай найз залуу бид 2 хотод амьдардаг боловч орон нутгийн харьяалалтай. Бид заавал орон нутаг руугаа очиж гэрлэлтээ бүртгүүлэх үү? Гэрлэлтээ хотод бүртгүүлэх боломжтой болов уу?

2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс дагаж мөрдөгдөж байгаа Ирэний улсын бүртгэлийн хуулиар гэрлэлтээ иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгүүлэх боломжтой болсон. Ийм та 2 гэрлэлтээ Улаанбаатар хотод бүртгүүлэх боломжтой.

Асуулт 7. Би эхнэрээсээ салаад 3 жил болсон ба одоо буцаж нийлэх бодолтой байгаа. Энэ тохиолдолд гэрлэлтээ дахин бүртгүүлэх үү?

Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ илэрхийлж өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ. Гэрлэлтээ сэргээхдээ баримт бичгийг бүрдүүлж, өөрийн биеэр бүртгүүлнэ:

  1. тус тусдаа гаргасан өргөдөл;
  2. иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.

Хавсаргах баримт бичиг:

  1. Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол тухайн шийдвэр
  2. Шүүхээс гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн шийдвэр

Асуулт 8. Ямар тохиолдолд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцдог вэ?

Бусдад учруулсан материалын хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс гэрлэлтээ хуурамчаар цуцлуулсан нь тогтоогдсон тохиолдолд гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцдог. 

Асуулт 9. Сайн байна уу? Гэрлэлт бүртгэлийг зохицуулсан ямар эрх зүйн актууд байдаг вэ?

Гэр бүлийн тухай хууль (1999 он)

Иргэний улсын бүртгэлийн тухай хууль (2018 он)

Иргэний улсын бүртгэл хөтлөх журам (2018 он)

Улсын бүртгэлийн үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай Засгийн газрын тогтоол (2010 он)

Асуулт 10. Гэрлэлтээ бүртгүүлэхдээ ямар баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай вэ?

Гэрлэхийг хүсэгчид засаг захиргааны нэгж харгалзахгүй доорх баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  •  тус тусдаа гаргасан өргөдөл;
  • иргэний үнэмлэх, эсхүл гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг.
  • Иргэнийг сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон бол тухайн шийдвэрийг хавсаргана.
  • Шүүхээс гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол тухайн шийдвэрийг хавсаргана.

 

2. ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ЭРХ, ҮҮРЭГ

Асуулт 1. Ямар тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарладаг вэ?

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан бол эцэг буюу эх нь, төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын аль нэгний нэхэмжлэлээр шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж 6 сар хүртэл хугацаагаар эрхийг нь хязгаарлана.

Асуулт 2. Би одоо 35 настай. Ээжээрээ овоглож аавгүй өссөн юм. 9 настай байхад минь ээж минь өөд болоод ээжийн маань дүү намайг үрчлэн авч өсгөсөн. Бага байхад минь ээж маань намайг дагуулан аав дээр хэдэн удаа очиж байсан боловч та хоёр хэрэггүй гээд хөөж байсан. Гэтэл одоо гэнэт гарч ирээд миний хүү аав нь ажилгүй, бие тааруухан байна гэх юм. Би тэр хүнийг хуулийн өмнө тэжээн тэтгэх үүрэг хүлээх үү?

Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана гэж заасан. Тиймээс та тухайн хүний өмнө тэжээн тэтгэх үүрэг хүлээхгүй.

Асуулт 3. Гэр бүлийн гишүүн гэдэгт ямар хүмүүс хамаарагддаг вэ?

Гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ.

Асуулт 4. Манай хажуу хашааны залуу байнгын архи ууж 6 настай хүүгээ зодож, гадаа хүйтэнд нүцгэн хөөгөөд гаргачих юм. Энэ хүнд миний зүгээс эцэг байх эрхийн хасуулах арга хэмжээ авч болох вэ?

Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.

Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй. Энэ тохиолдолд танд шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.

Асуулт 5. Манай эгчийг нөхөр нь байнгын архи ууж дарамтлан зоддог байсан. Манай эгч байнгын дарамтад байдаг байсан ба эгч маань цус харваад тусламж авч чадалгүй өөд болсон. Одоо хүүхдүүдийг нь харж хандах хүнгүй хүнд байдалд байгаа. Эгчийнхээ хоёр хүүхдийг өөр дээрээ үрчлэн авах боломжтой болов уу?

Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.

Уг нэхэмжлэийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Асуулт 6. Би 1 хүүтэй ганц бие ээж. 2 жил хагасын өмнө эх байх эрхээ хязгаарлуулаад, үргэжлүүлэн эрхээ хасуулсан. Тухайн үедээ архинаас хараат байсан. Харин одоо архинаас гарсан. Хүүг минь асрамжийн байгууллагад шилжүүлсэн байсан. Хүүгээ буцаан авч эрхээ сэргээлгэх гэсэн боловч хүү маань үрчлэгдсэн тул эх байх эрхээ алдсан гэх юм. Тийм байж болдог юм уу?

Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн уг хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана гэж заасан байдаг. Мөн хүүхэд нь үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй гэсэн заалт байдаг. Таны  тохиолдолд хүү тань үрчлэгдсэн бол эх байх эрхийг сэргээх боломжгүй юм.

Асуулт 7. Би 2 охинтой. Манай нөхөр 8 сарын өмнө авто ослоор нас барсан. Нас барсны дараахан хадам ээж маань манай 2 охиныг надаас зөвшөөрөл авалгүй цэцэрлэгээс нь авч яваад одоог хүртэл авчирч өгөөгүй. Тухайн үед түрээсийн байранд байдаг байсан ч манай 2 хүүхдийг авч явснаасаа хойш хаягаа өөрчилсөн байсан. Одоог хүртэл хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Утсаар ярихаар уулзуулахгүй гээд охидтой минь ч яриулахгүй юм. Охидоо олох, улмаар өөр дээрээ авмаар байна. Боломжтой болов уу?

Гэр бүлийн тухай хуулийн  33 дугаар зүйлд зааснаар Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахыг шаардаж эцэг, эх нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.Таны тохиолдолд оршин суугаа хаяг нь тодорхойгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно.

Асуулт 8. Би эх байх эрхээ 6 сараар хязгаарлуулаад 2 сар өнгөрч байна. Энэ хугацаанд бүхнийг ойлгож засарсан. Одоо эрхээ сэргээлгэж болох болов уу?

Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.

Асуулт 9. Эцэг, эх байх эрхийн хязгаарлуулсан тохиолдолд хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр үлдэх үү?

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдуулан хууль тогтоомжоор олгосон эрхээ алддаг ба шүүх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Асуулт 10. Хүүхдийнхээ эцгийг ямар байгууллагад хандан тогтоолгох боломжтой вэ?

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно.

Дээрхээс бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.

Асуулт 11. Гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчдын дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн дундаас төрсөн хүүхэдтэй адил эрх эдлэх боломжтой юу?

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

3. ХҮҮХЭД ТӨРСНИЙГ БҮРТГЭХ

Асуулт 1. Шинээр төрсөн хүүхдийнхээ төрсний гэрчилгээг хугацаанд нь авч чадаагүй юмаа. Хугацаа хожимдуулсны торгууль гэж төлөх үү? Хэдэн төгрөг төлөх вэ?

Иргэний  улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор бүртгүүлнэ. Дурдсан хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 15.24.1 дэх заалтад зааснаар  хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /1нэгж =1000 төгрөг/

Асуулт 2. Би гэр бүлийнхээ хүнтэй хамтран амьдраад 3 жил болж болж байна. Саяхан төрөөд хүү маань одоо 10 хоногтой. Хүүгээ эцгээр нь овоглож болох болов уу?

Гэрлэлтээ батлуулаагүй тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлэн засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэж  гэрчилгээ олгоно.

  • Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.
  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт;
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх;

Асуулт 3. Нөхөртэйгөө хамтран амьдраад 5 жил болж байна. Нөхөр маань өмнөх эхнэрээсээ гэрлэлтээ цуцлуулаагүй юм. Би одоо 6 сартай жирэмсэн.  Хүүхдээ төрөхөөр ааваар нь овоглох боломжгүй байдаг юм уу?

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.14 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх өргөдөл тус тусдаа гаргаагүй, эцэг тогтоосон тухай эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, эсхүл эцэг, эхийн хэн нэгний өмнөх гэрлэлт дуусгавар болоогүй бол хүүхдийн эхийн овог, нэрээр төрсний бүртгэдэг. Таны тохиолдолд хамтран амьдрагч тань өмнөх гэрлэлтээ дуусгавар болгоогүй байгаа тул хүүхэд эцгээрээ овоглогдох боломжгүй юм.

Асуулт 4. Төрөөд 20 хонож байна. Хүүхдэдээ хэдий хугацаанд төрсний бүртгэлд хамруулж гэрчилгээ авах ёстой байдаг билээ?

Иргэний бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар эцэг, эх, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл эрх бүхий байгууллагын төлөөлөгч хүүхэд төрсөн өдрөөс хойш 30 хоногийн дотор засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй төрсний бүртгэлд бүртгүүлнэ.

Асуулт 5. Хүүхдээ төрснийг бүртгүүлэхийн тулд эцэг, эх хоёр нь заавал нэг хаяг дээр оршин суудаг байх ёстой байдаг уу? Ямар баримт бичиг бүрдүүлдэг вэ?

Нэг хаяг дээр оршин суудаг байхыг шаарддаггүй ба дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
  2. хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
  3. эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.

Асуулт 6. Хүүхдээ ааваар нь овоглохын тулд заавал гэрлэлтийн баталгаатай байх ёстой байдаг юм уу?

Хүүхдээ ааваар нь овоглохын тулд заавал гэрлэлтийн баталгаа шаардахгүй. Харин гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хүүхдээ эцгийн овог, нэрээр бүртгүүлэх хүсэлтэй бол тус тусдаа өргөдөл гаргана. Эцэг, эхийн хэн нэг нь ирэх боломжгүй бол өргөдлөө нотариатаар гэрчлүүлнэ.

Асуулт 7. Би Улаанбаатар хотын иргэн. Төрөөд 10 хоноод хөдөө аав ээж дээрээ ирсэн юмаа. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авч амжаагүй байгаа юмаа. Хүүхдийнхээ төрсний гэрчилгээг авахын тулд заавал харьяа оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ иргэний бүртгэлийн ажилтанд бүртгүүлэх үү?

Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын 5 дугаар зүйлд зааснаар үрчилсний, овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний, хүйс өөрчлөгдсөний, шилжилт хөдөлгөөний, Монгол Улсын харьяат болсон, харьяатаас гарсан, иргэний харьяаллаа сэргээн тогтоосны бүртгэлээс бусад иргэний улсын бүртгэлийг засаг захиргааны нэгжийн харьяалал харгалзахгүй бүртгэхээр заасан. Иймд таны тохиолдолд хүүхдийнхээ төрсний гэрчилгээг нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй байгаа газрынхаа иргэний бүртгэлийн байгууллагын ажилтанд хандан авах боломжтой.

Асуулт 8. Манай нөхөр Япон Улсын иргэн. Бид Монголд амьдардаг ба төрөөд 7 хонож байна. Хүүхдэдээ төрсний гэрчилгээг нь авах гэсэн юм. Ямар нэгэн нэмэлт материал бүрдүүлдэг болов уу?

Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн, нөгөө нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол тэдний дундаас Монгол Улсын нутаг дэвсгэрт төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ авахаар бол дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг;
  2. хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа;
  3. эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ.
  4. нэмэлтээр эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл

Асуулт 9. Эцэг эх нь Швед Улсын иргэн. Тэр хоёрын дундаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдэд гэрчилгээ авч болох уу?

Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын иргэн, харьяалалгүй эцэг, эхээс төрсөн хүүхдийн төрсний бүртгэлийг хөтөлж, регистрийн дугааргүй төрсний гэрчилгээ олгож болно.

Асуулт 10. Гэрлэлтээ цуцлуулаад 8 сар болж байгаа. Тухайн үедээ жирэмсэн гэдгээ мэдээгүй байсан. Одоо төрөх хугацаа маань дөхчихсөн. Хүүхдээ ааваар нь овоглуулах боломж байдаг болов уу?

Иргэний Улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.9 дэхь хэсэгт зааснаар гэрлэлт цуцлуулсан, эсхүл гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг эцгийн овог, нэрээр бүртгүүлэх бол эцэг, эхийн иргэний үнэмлэх, эсхүл эцэг, эхийн хэн нэг нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн бол паспорт, эсхүл паспортыг орлох баримт бичиг, хүүхэд төрсөн тухай эмнэлгийн байгууллагын магадлагаа, заасан баримт бичигт эцэг, эхийн тус тусдаа гаргасан өргөдөл, эсхүл эцэг тогтоосон тухай шүүхийн шийдвэрийг хавсаргана.

 

4. ҮРЧЛЭЛТ

Асуулт 1. Эхнэр бид хоёр 7 настай эрэгтэй хүүхэд үрчилж аваад 8 сар болж байна. Гэвч хүү маань бидний үгэнд орохгүй, гэрээсээ мөнгө хулгай хийгээд хэцүү юм. Тэгээд үзэж хардаг хүнд үзүүлсэн чинь удам муутай хэл ам ихтэй заргач айлын удам байна, та хоёрыг их л зовоох хүүхэд байна гэсэн. Бид үрчилсэн хүүхдээ буцаах боломжтой болов уу?

Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр зааснаар үрчилж авсан хүүхдээсээ татгалзах боломжгүй юм.

 

5. ГЭРЛЭЛТ ЦУЦЛАХ

Асуулт 1. Гэрлэлт цуцлах ажиллагааг хаалттай явуулах боломжтой юу? Боломжтой бол ямар нөхцөлд хаалттай явуулдаг вэ?

Гэрлэлт цуцлах ажиллагааг хаалттай явуулах боломжтой. Үүнд:

  • Гэрлэлт цуцлуулах шалтгаан нь гэрлэгчдийн хувийн нууцтай холбоотой (бусдад задруулбал тухайн хувь хүн, түүний гэр бүлийн гишүүний нэр төр, алдар хүнд, ашиг сонирхолд харшлах мэдээлэл)
  • Хэргийн оролцогч хүсэлт гаргасан бол шүүх хуралдааны бүрэн буюу зарим ажиллагааг хаалттай явуулж болно.

Асуулт 2. Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаан шийдвэрлүүлэхэд бол улсын тэмдэгтийн хураамжинд хэдэн төгрөг төлдөг вэ?

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7дугаар зүйлийн 71.1-т зааснаар эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30 000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө.

Асуулт 3. Би  2004 онд нөхөртэйгөө гэр бүл болоод 2005 онд охин Д-г төрүүлсэн. Нөхөр маань амьдрал ахиугаа сайжруулах зорилгоор 2008 онд Солонгос улс руу ажиллахаар явсан бөгөөд 2010 оноос одоо болтол сураг чимээгүй байна. Би хаана хандаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой вэ? 

Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно. Нөхрөө нас барсан гэж зарлуулах хүсэлтээ нөхрийнхөө сүүлчийн оршин сууж байсан газрын харьяалагдах шүүхэд гаргана. Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно. Иргэнийг нас барсан гэж зарлагдсан шийдвэр гарсны дараа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд зохих тэмдэглэл хийлгэснээр шийдвэр гаргасан шүүх байгаа газрын гэр бүлийн байдлын бүртгэлийн байгууллагад уг шийдвэрийг явуулна.

Асуулт 4. Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх нь ямар давуу талтай вэ?

Эвлэрүүлэн зуучлалаар маргаанаа шийдвэрлүүлэх нь хэд хэдэн давуу талуудтай. Үүнд:

  • Маргалдагч талуудын хувьд ч гэсэн олон баримт нотолгоо бүрдүүлэхгүйгээр зөвхөн харилцан ярилцах, ойлголцох хэмжээнд оролцох нь илүү хялбар, зардал бага байдаг.
  • Ингээд ярилцсаны үр дүнд тэдгээрээс зөв шийдэл гарах магадлал илүү их байдаг.
  • Шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн оролцоотойгоор маргааныг шийдвэрлэх нь шүүхийн ачааллыг бууруулдаг.
  • Маргаанд оролцогч талуудын хэн хэн нь сэтгэл ханамжтай үлдэх зэрэг давуу талтай юм.

 

6. ГЭР БҮЛИЙН ГИШҮҮДИЙН ХӨРӨНГИЙН ЭРХ

Асуулт 1. Нөхөртэйгөө гэр бүл болсноос хойш ахуйн ажил хийж, хүүхдүүдээ асран гэртээ байж орлого олоогүй бол гэрлэснээс хойш бий болсон дундын хөрөнгөө хамтран өмчлөх эрхтэй юу?

Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр гэр бүлийн бусад гишүүн хөрөнгөө хамтран өмчлөх эрх эдэлнэ.

Асуулт 2. Нөхөр бид хоёр гэрлэлтээ 2007 онд батлуулан хамтран амьдарч байгаад 2010 оноос хойш тусдаа амьдарч байсан. Би 2013 онд өөрийн мөнгөөрөө хоёр өрөө байр зээлээр авсан ба одоо зээлийнхээ 87 хувийн төлж барагдуулсан. Гэвч одоо нөхөр маань гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэлдээ миний авсан байрыг дундын өмч гээд хуваарьт хөрөнгөө гаргуулж авахаар тусгасан байх юм. Ийм нөхцөлд шүүх яаж шийдвэр гаргах вэ?

Гэр бүлийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж үздэг. Энэ заалт нь гэрлэлтээ бүртгүүлж хамтран амьдарсан байхыг шаарддаг ба таны нөхцөлд тусдаа амьдарч байх хугацаандаа та өөрийн хөрөнгөөр тус байрыг авсан нь та хоёрын хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэлгүй юм.

Асуулт 3. Миний дагавар охин одоо 15 настай.Эхнэртэйгээ гэрлээд 9 жил болж байна. Дагавар охин минь дундаа хамтран өмчлөх эрх эдлэх үү?

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т "Гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” хамруулахаар заасан. Тийм болохоор таны дагавар охин таны нэгэн адил хамтран өмчлөгч байна.

7. ЭЦЭГ, ЭХ ТОГТООЛГОХ

Асуулт 1. Эцэг, эх тогтоолгох шинжилгээг хувийн генетикийн шинжилгээ хийдэг газар хийлгэсэн юм. Тэгэхээр энэ шинжилгээний хариугаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлдээ хавсаргаж болохгүй гэсэн үг үү?

Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр /Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйл/ Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгана. /Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т/  Иймд өөр хувийн байгууллагаар хийлгэсэн шинжилгээг хавсаргах боломжгүй юм.

Асуулт 2. Эцэг, эх тогтоолгох шинжилгээг төрөөд удаагүй байгаа хүүхдэдээ хийлгэхээр бол заавал хүүхдийн цуснаас авдаг уу?

Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгээс шинжилгээний дээжинд ихэвчлэн цус авдаг ч зарим тохиолдолд нялх хүүхдээс шүлс авдаг.

Асуулт 3. Эцэг, эх тогтоолгох шинжилгээний төлбөр нь хэд байдаг вэ?

Эцэг, эх тогтоох шинжилгээний хийлгэхийн тулд 147000 төгрөг төлөх ба энэ мөнгө нь Төрийн сан руу шилждэг.

8. ТЭЖЭЭН ТЭТГЭХ, ТЭТГҮҮЛЭХ

Асуулт 1. Би 2 хүүхэдтэй нөхөртэйгөө хамтран амьдардаг байсан. Одоо нөхрөөсөө салаад 3 жил болж байна. Гэрлэлтээ бүртгүүлж байгаагүй ч 2 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох, өнгөрсөн 3 жилийн хугацааныхаа хүүхдүүдийнхээ тэтгэлгийг нөхөн гаргуулах боломж байгаа болов уу?

Та шүүхэд тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах эрх нээлттэй ба харин өмнөх 3 жилийнхээ тэтгэлгийг нөхөн гаргуулах боломжгүй. Учир нь та шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас  эхлэн хүүхдийн тэтгэлгийг шаардах эрх үүсдэг.

Асуулт 2. Нөхрөөсөө салаад 3 жил болж байна. Салахдаа хүүхдийн тэтгэлэг тогтоолгосон боловч сүүлийн 2 жил өгсөнгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар явсан боловч ямар ч нэмэр гарсангүй. Одоо хаана хандах вэ?

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага тэтгэлэг төлөгчийн мөнгөн хадгаламж болон бусад эд хөрөнгөөс тэтгэлэг гаргуулах тэтгэлгийг гаргуулах боломжтой ба тэтгэлэг төлөгч нь өөрийн нэр дээрээ бүртгэлтэй хөрөнгөгүй болон ажил эрхэлдэггүй бол тухайн тэтгэлэг төлөгчөөс тэтгэлэг гаргуулах боломжгүй байдаг. Харин та эрүүгийн хэргийн шүүхэд хандах боломж нь нээлттэй.

Асуулт 3. Амьжиргааны доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэсэн ойлголт ялгаатай юу?

Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн  3 дугаар зүйлд зааснаар амьжиргааны доод түвшин гэж хэрэглээний доод хэмжээг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг  /хэрэглээний доод хэмжээ гэж хүний нэн тэргүүний зайлшгүй хэрэгцээг хангах хүнсний болон хүнсний бус хэрэглээний сагсаар тодорхойлсон бараа, үйлчилгээний шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон тоо, хэмжээг/ хэлнэ.

2018 онд мөрдөх хүн амын амьжиргааны доод түвшин нь

  • Баруун бүсэд 178000 төгрөг
  • Хангайн бүсэд 182600 төгрөг
  • Улаанбаатарт 198600 төгрөг
  • Төвийн бүсэд175600 төгрөг
  • Зүүн бүсэд 174000

Харин тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ, тэдгээртэй адилтгах бусад гэрээгээр ажиллаж байгаа ажилтан болон ажиллагч /цаашид “ажилтан” гэх/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин /хөлс/-гийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн доод хязгаарыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ гэнэ./ Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай 3 дугаар зүйлийн 3.1дэх хэсэг/

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай 2016 оны 4 дүгээр сарын 20 -ны өдрийн Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт Үндэсний хорооны дугаар 04 тогтоолоор 2017 оны 01 дүгээр сарын 01- нй өдрөөс эхлэн нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу 240000 /хоёр зуун дөчин мянга/-н төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

Асуулт 4. Би хүүгийн хамт хотод амьдардаг ба хүүдээ тэтгэлэг тогтоолгосон юм. Аав нь орон нутагт амьдардаг ба өөрийн амьдардаг газрынхаа амьжиргааны түвшнээрээ тэтгэлэг төлдөг. Ингэж төлөх нь зөв үү?

Тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулдаг. Ийм та Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшнээр буюу 198600 төгрөгөөр тооцож тэтгэлэг гаргуулна. 

9. АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧ

Асуулт 1. Асран хамгаалах, харгалзан дэмжих гэсэн ойлголтууд ямар ялгаатай вэ?

Асран хамгаалалтыг 14 нас хүрээгүй хүүхэд болон сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тогтоогдсон хүнд тогтоодог бол харгалзан дэмжигчийг 14-18 настай хүүхэд, согтууруулах болон мансууруулах бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн эрхийн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн эрүүл мэндийн байдал болон өндөр настай хүнд тогтооно.



10. ОВОГ, НЭР ӨӨРЧЛӨХ

Асуулт 1. Бид хамтран амьдраад 3 жил болсон ба хүүхдээ төрүүлэхийн өмнө хоёр тийшээ болж ганцаараа хүүхдээ төрүүлж эцгээр нь овоглох хүсэлтэй байсан ч тэр хүн зөвшөөрөөгүй би өөрөөрөө овоглох болсон. Хүүхдээ эцгээр нь овоглох боломжтой болов уу?

Иргэн та шүүхэд эцэг тогтоолгох нэхэмжлэл гаргаж уг нэхэмжлэлийг хангасан тохиолдолд харьяа гэр бүлийн бүртгэлийн байгууллагад шүүхийн шийдвэрээ авч очин хандан хүүхдээ эцгээр нь овоглуулах хүсэлтээ гаргаж болно.

Асуулт 2. Би хүүхдийнхээ овгийг солиулаад гэрчилгээг нь авчихсан бусад баримт дээрх овгийн өөрчлөлтийг ямар хугацаанд солиулах хэрэгтэй вэ?

Иргэн та овог, эцэг эхийн нэр өөрчлүүлсэн бол холбогдох эрх бүхий байгууллагад 60 хоногийн дотор хандан шинэчлэн авна. /Иргэний бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.11-т/

11. ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ

Асуулт 1. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд ямар тусламж үзүүлдэг вэ?

Тус төвөөс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд заасан эрхийн хүрээнд шууд үйлчилгээ буюу хуулийн зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчөөр хангаж, хэргийг дуустал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог. Мөн сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, түр хамгаалах байранд байрлуулдаг. Түүнчлэн нийгмийн үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь зуучлах арга хэмжээ авдаг. Үүнээс гадна хүүхэд хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.

Асуулт 2. Манай нөхөр байнга архи ууж 2 хүүхдээ болон намайг зодох юм. Би болон хүүхдүүд маань өдөр бүр түгшүүртэй амьдрах боллоо. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд ямар хариуцлага ногдуулдаг юм бол?

Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; 

1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;

2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;

2.3.таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Асуулт 3. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага аваад ирсэн цагдаа ямар үүрэг хүлээх вэ?

Дуудлага хүлээн авсан цагдаагийн албан хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор  бусдын олон байранд нэвтрэн орж

  • хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, хуульд заасан журмын дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх;
  • хүчирхийлэл үйлдэгчид хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоохыг шаардах;
  • аюулын зэрэг өндөртэй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан сум, баг, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх;
  • хохирогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллийг бичгээр өгөх;
  • хохирогчийн эрхийг хангах арга хэмжээ авах;
  • шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах;
  • галт зэвсэг, хүчирхийлэл үйлдэхэд ашигласан зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хураан авах.
  • Цагдаагийн алба хаагч шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн этгээд, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах;
  • Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүчирхийлэл үйлдэгч биелүүлэхээс татгалзсан, эсхүл эсэргүүцсэн бол албадлага хэрэглэх
  • хохирогчид орон байрнаасаа хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, баримт бичиг, хүүхдийн сургалтын хэрэгсэл, шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлж, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах зэрэг ажиллагааг явуулна.

 

Цагдаагийн алба хаагч аюулын үнэлгээ хийж, хохирогчийг хамгаалалтанд авах арга хэмжээ авахаас гадна хохирогчдод хэрэгтэй гэсэн тусламжийн хуудас өгдөг. Үүнд хохирогчийн эрх үүрэг юу юм, ийм тохиолдолд яах ёстой, хаана хандах ёстой талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Нөхцөл байдал дээр очиход хүчирхийлэлд өртсөн хүүхэд байх юм бол шууд авч явах үүрэг хүлээсэн байгаа. Ямар тохиолдолд гэвэл, амь насанд нь аюултай байдал үүссэн, үүсч болзошгүй үед, тухайн хүчирхийлэгч согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн байгаа орчноос хүүхдийг шууд авч яваад хамтарсан багт нь хүлээлгэж өгөх. /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйл/