Аюулгүй байдлаа хэрхэн хангах вэ ?
Гэр бүлийн хүчирхийллийн баримтжуулах

Гэр бүлийн хүчирхийллийг баримтжуулах нь одоо биш ч гэсэн хүчирхийлэл хэзээ нэгэн цагт даамжирвал заавал хэрэг болно гэдгийг санаарай.

  • Таныг зодсон, сүрдүүлсэн, заналхийлсэн, доромжилсон тухай бүрийг тэмдэглээрэй
  • Найз нөхөд, хамаатан садан, ажлын газрынхаа итгэлтэй хэн нэгэнд хэлж туслалцаа аваарай
  • Хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд хандаарай
  • Шарх, сорвио хугацаа алдалгүй эмнэлэгт үзүүлж баталгаажуулаарай
  • Хорооныхоо хэсгийн байцаагчид хандаж аюулын зэргийн үнэлгээ хийлгэх
  • Бас нийгмийн ажилтандаа мэдэгдэж, нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх

 

Аюулгүй байдлын төлөвлөгөө гаргах

Хэрэв та гэр бүлийн хүчирхийллийн дунд өөрийгөө байна гэж үзэж байгаа бол хамгийн түрүүнд заавал  аюулгүй байдлын төлөвлөгөө гаргаарай.

  • Өөртөө тохиолдож байгаа хүчирхийллийн талаар итгэлтэй хэн нэгэнд хэлж, аюул тохиолдсон үед мэссэж, явуулах эсвэл дуудлага хийж тусламж хүснэ гэдгээ хэлж урьдчилж тохирох;
  • Хөршүүд болон ойрын хүмүүстээ их дуу чимээ сонсох, сэжигтэй зүйл олж харвал шууд цагдаа дуудахыг сануулж хэлэх;
  • Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага авдаг тусгай дугаар, түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн утсыг цээжлэх;
  • Хүүхэддээ аюул тохиолдсон үед шууд залгах цагдаагийн газрын дугаарыг цээжлүүлж, хэрхэн дуудлага хийхийг зааж өгөх;
  • Чухал бичиг баримт тухайлбал иргэний үнэмлэх, гадаад паспорт, хүүхдийн төрсний гэрчилгээ, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, банкны мэдээлэл   зэргийг нэг дор байлгах. Мөн эдгээр бичиг баримтын хуулбарыг бэлэн мөнгөний хамт нэг дор хадгалах;
  • Өөрт тохиолдож буй хүчирхийллийн талаар тэмдэглэлийн дэвтэрт  бичиж үлдээх;
  • Хүчирхийллээс хэрхэн  хамгаалуулах талаар мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах;
  • Хүчирхийлэгчийн мэдэхгүй хирнээ таныг, таны хүүхдийг аюулгүй байлгаж чадах ямар газар байгааг бодож олоорой. Жишээ нь: Найзын тань гэр эсвэл хамаатных тань байж болно. Гэхдээ та хүүхэдтэй бол хол явах боломжгүй гэдгээ тооцоорой;
  • Харин та хүүхдүүдээ орхихыг хүсээгүй хирнээ тэднийг авч явж чадахгүй эсвэл боломжгүй бол хүүхдүүдээ өөрийнхөө асрамжинд авахыг хүсч байгаагаа бичгээр үйлдэж үлдээхийн зэрэгцээ, хуулбар хувийг өөртөө авах;
  • Хүүхдүүдээ орхиж явах шийд гаргахаасаа өмнө хэрхэн эргүүлж хурдан авах төлөвлөгөөг гаргах.