Гэрлэлт цуцлах

Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах асуудлыг гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний

хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран

хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу анхан шатны шүүх гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлийг хүлээн

авч, маргааныг хэлэлцэх бөгөөд доор дурдсан нөхцөлүүдийн аль нэг үндэслэл нь байхад л шүүхээс

хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үүсгэх боломжтой болно.

  •  Гэрлэлтийг цуцлахыг гэрлэгчдийн хэн нэгэн зөвшөөрөхгүй байгаа
  •  Гэрлэлт цуцлахыг зөвшөөрсөн ч захиргааны байгууллагад хүсэлт гаргахаас татгалзаж буй

тохиолдолд

  • 18  хүртэлх насны хүүхэдтэй
  •  Дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаантай байгаа
  •  Гэрлэгчдийн хэн нэг нь иргэний эрх зүйн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон.

Эвлэрүүлэн зуучлах журмаар эвлэрсэн бол давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн

асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй байна. Гэрлэгчдийн хэн нэгний

байнгын хүчирхийлэл дарамтаас болж гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул учирсан

болох нь тогтоогдсон бол шүүгч гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр хэргийг хянан

шийдвэрлэнэ.

Гэрлэгчдийн аль нэг нь эсхүл хоёулаа бусадтай гэр бүлийн харилцаатай болсон байх нь тэдний

хоорондоо эвлэрэх боломжийг багасгаж байгаа хэдий ч бүрэн үгүйсгэх үндэслэл биш юм.

Гэрлэгчдийн хэн нэг нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон байдлыг шүүхүүд гэрлэлтийг

шууд цуцлах үндэслэл болгодог алдаатай практик нь баталгаатай гэр бүлийн нэр хүнд, ач

холбогдлыг бууруулаад зогсохгүй гэрлэлтээ цуцлуулаагүй атлаа өөр бусадтай гэр бүлийн

харилцаанд орох дутагдлыг өөгшүүлэх хортой үр дагавар үүсгэж буйг анхаарах нь зүйтэй /Улсын

дээд шүүхээс гаргасан Гэр бүлийн маргаантай хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим

асуудлын талаар тоймын 1.1.4 /

Гэр бүл салснаар хүүхдүүдэд хэмжээлшгүй их сөрөг нөлөөтэйг анзаарахгүй өнгөрч болохгүй. Эцэг

эх нь салсан хүүхэд гэр бүлийн хайр халамжинд бусдын адил элэг бүтэн өсч торних эрхгүй болж,

өөрийгөө буруутган амьдралыг үзэн ядаж, бусдад итгэх итгэлээ алдан, бяцхан зүрхэндээ хагацлын

шарх тээн явдаг. Гэр бүлийн салалтаас болж хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурах,

хөгжих, өөрөө шийдвэр гаргах, хайрлуулах, халамжуулах, хамгаалагдах эрх нь зөрчигддөг.

Гэрлэлтээ захиргааны журмаар цуцлах бол гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн тухай

өргөдлөө тус тусдаа бичиж иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага гэрлэлтийг цуцлана.

 

Гэрлэгчид эвлэрэх боломжгүйгээс бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд эвлэрүүлэн

зуучлах ажиллагааг заавал явуулах бөгөөд үүнийг шүүхээс гадуурх урьдчилан шийдвэрлэх

ажиллагаанд хамааруулдаг. Гэрлэгчид эвлэрэх боломжгүй гэдэг нь гэрлэгчид цаашид хамтран

амьдрах бодит нөхцөл байхгүй болохыг ойлгоно.

Хэрэв гэрлэгчид эвлэрвэл, шүүгч тэдний эвлэрснийг баталж захирамж гаргаж гэрлэлтийг цуцлахгүй

/хэрэгсэхгүй/ орхих, шүүхээс тогтоосон дээрх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй бол хэрэг хянан

шийдвэрлэх ажиллагааг сэргээж, үргэжлүүлэн явуулж гэрлэлт цуцлах, тэжээн тэтгэхтэй холбогдсон

хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарснаар хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан

ажиллагаа дуусгавар болно. Хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх явцад эвлэрүүлэн зуучлах

ажиллагааг дахин явуулж болно.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл нь гэр бүлийн эрх зүйн харилцаанаас бусад маргаантай

холбоотой нэхэмжлэл, хүсэлтээс агуулгын хувьд ялгаатай. Тухайлбал,

Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэлд:

  •  Гэрлэгчдийн овог, эцгийн нэр, нэр;
  •  Гэрлэлт хэзээ, хаана бүртгүүлсэн;
  •  Гэрлэлт цуцлах болсон шалтгаан;
  •  Насанд хүрээгүй хүүхэдтэй бол түүний нэр, төрсөн он, сар, өдөр;
  •  Хүүхэд эрүүл саруул бойжиж буй тухай өрхийн эмчийн тодорхойлолт;
  •  Насанд хүрээгүй хүүхдийг хүмүүжүүлэх түүнд асрамж тогтоох тухай хүсэлт;

Энэ талаар хэлэлцэн тогтсон гэрээ байгаа эсэхийг зааж холбогдох нотлох баримтыг хавсаргана.

  •  Тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн талаарх хүсэлт;
  •  Улсын тэмдэгтийн хураамжинд 70,200 төгрөг тушаасан баримт;
  •  Нэхэмжлэл - 2%;

Үүнээс гадна дараах баримтуудыг нэхэмжлэлд хавсаргах боломжгүй бол хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагааны явцад гаргах ёстой. Үүнд:

  •  Гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээ эсхүл үрчлэлтийн гэрчилгээний наториатаар гэрчлэгдсэн хуулбар
  •  18 хүртэлх насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт
  •  Гэрлэгчид эд хөрөнгийн буюу тэжээн тэтгэх гэрээ байгуулсан бол гэрээний нэг хувь
  •  Эд хөрөнгийн маргаантай бол гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болон хуваарьт

хөрөнгийн жагсаалт зэрэг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт орно.