Би 32 настай, нөхөр 2 хүүхдийн хамт Улаанбаатарт амьдардаг. Би нөхөртэйгээ 2000-2007 он хүртэл 7 жил хамт амьдарсан. Бид 2 хүүхдийнхээ хамтаар хадмындаа амьдардаг байсан болохоор байдал нэлээд хэцүү л байсан.
Тэр үед би цайны газар ажилладаг байсан болохоор ажил ихтэй тул байнга оройтож тарна. Иймээс нөхөр маань хүүхдүүдээ цэцэрлэгээс авдаг байсан. Нөхөр үүндээ ихэд бухимдаж, хүүхдүүддээ уураа гаргаж, зоддог байсан.
Би тэд “буруугүй ш дээ” гэж хэлэхэд тэр миний үгийг үл хайхран намайг бас зодно. Чиний ажил хийдэг чинь надад хамаагүй, би өрхийн тэргүүн гэрийн эзэн гэдгийг ойлгох хэрэгтэй гэдэг байсан. Би энэ байдлаас яаж гарахаа мэдэхгүй хадам эцэг эх, ах эгч нартаа хандсан хэдий ч тэд “чиний л буруу шүү дээ” гэсэн хариуг өгдөг байлаа.
Ингээд би мухардаж хаана хандахаа мэдэхгүй хэсэг байсан. Түүнд учир шалтгаангүй зодуулсаар байгаад би хайртай хэдий ч сэтгэлд дулаан зүйл үлдээгүй учраас итгэхээ больж салахаар шийдсэн.
Шийдвэр гаргасныхаа дараа ах эгч нар руугаа болон нөхрийнхөө хамаатнууд руу утасдаж манайд ирээч гэж гуйсан боловч хадмын талаас хэн ч ирээгүй. Харин манай ах эгч хоёр ирээд бүх зүйлийг сонссон. Би хоёр хүүхдээ аваад эгчийндээ очиж хамт амьдрах болсон. Гэхдээ би эгчдээ гэр бүлийнхээ хүчирхийллийн талаар хэлдэггүй байсан, ярих ч чадалгүй байсан. Миний хувьд энэ маш том нууц байдаг байсан гэхүү дээ. Хувцсаар минь хоолой боож, багалзуурдаж хөхрүүлдэг ба би биеэрээ дүүрэн хөх няц болоод явдаг байсан болохоор түүнийгээ нууж байнга хүзүүтэй цамц өмсдөг байлаа. Би нөхрөөсөө салсныхаа дараа ажлынхантайгаа тэр байтугай даргатайгаа болон бусад хүмүүстэй энэ асуудлаар чөлөөтэй ярьж чаддаг болсон. Тэд энэ тухайгаа нууж явсан нь буруу гэж надад хэлсэн. Ажлынхан маань намайг өглөө ирэхдээ л уйлаад бөлцийчихсэн байдаг байсныг, энд тэндээ хөхөрснийг олж харсан байдаг байж. Би ажил дээрээ хэзээ ч уйлж байгаагүй ч шөнөжингөө зодуулж уйлдаг байсан. Тэд ямар нэг юм болохгүй гэдгийг мэддэг байсан юм байна лээ. Надаас “яасан бэ” гэхээр “их унтчихжээ” гэж хариулдаг байлаа. Харин тэдэнтэй ярихад би ганцаархнаа тийм асуудалтай биш байсан ба нөхрөөсөө салсан хүмүүс ч бас байсан. Ажлынхан маань намайг маш их дэмжиж тусалсан даа.
Би дахин гэрлэж амьдралаа шинээр эхэлүүлсэн. Одоо гурван настай хүүхэдтэй. Би сэтгэл санааны дарамттай харилцаанд байхаа больсон. Хааяа хүүхдүүд маань эцэгтэйгээ уулздаг ч тэр энэ бүх асуудалд хүүхдүүд буруутай гэж үздэг хэвээрээ л байгаа. Тэр хүүхдүүдтэйгээ уулзах гэж байнга ирдэггүй, шүүхийн тогтоол гарсан учир тэтгэлэг төлдөг. Хааяа хүүхдүүдийн ном дэвтэр гээд мөнгө хүрэлцэхгүй хэцүү л байдаг. Дахин хүнтэй сууна гэдэг бас л жаахан бэрхшээлтэй байсан. Гэхдээ би одоо сайн нөхөртэй. Тэр намайг сайн ойлгодог, хуучин нөхөртэйгээ байхад минь ч надад тусалдаг байсан учраас түүнд итгэдэг.
Миний хувьд илүү дээр амьдрал байдаг юм байна гэдгийг мэддэг болсон ба амьдралаа сайжруулж чадна гэдэгтээ итгэл дүүрэн байна.
Эх сурвалж: Хүчирхийллийн эсрэг үндэсний төв