Даван туулагчийн түүх
Зүрх сэтгэлийн минь нэгэн тал болсон амьдралынхаа ханьтай учрах нууцхан мөрөөдөлтэй явсан надтай нэг л өдөр түшиг тулга, хайр энхрийллээ мэдрүүлсэн нэгэн сайхан залуу учирсан юм.
Түүний амлалт, халуун дулаан үгс нь зүүд шиг амьдралыг надад бэлэглэх юм шиг санагдаж билээ. Намрын сайхан өдөр хурим найраа хийцгээж өрх гэрээ тусгаарлалаа. Амьдран суугаад төд удалгүй нөхөр маань архи дарстай нөхөрлөх нь элбэгшиж эхлэв. Анхны амлалт үгсээсээ тэс өөр хүн болон хувирч байгаа түүнийг харахдаа би их л гайхширдаг байлаа. Эдгээр үйл явдлууд зүүдэнд ч оромгүй, хэзээ ч төсөөлшгүй хатуу амьдралын минь эхлэл байсныг би яахан мэдэх билээ.
Хөөрхөн алаг үртэй болчихоод төлөвшиж тогтох болов уу? гэж горьдсон ч итгэл найдварыг минь хээрийн цэцэг шиг гишигчин тасдаж 6-хан сартай нялх үрээ энгэртээ эрхлүүлэн байхад минь хайр гамгүй зодон, өвлийн хүйтэн шөнө хөөн явуулж байсан.
Хүүхдээ тэврээд гэрээсээ хөөгдсөн би аргагүйн эрхэнд өөрийн төрсөн эгчийндээ хэсэг хугацаанд толгой хоргодохоор очсон юм. Нэг өдөр эгчийн байрны ойролцоох цэцэрлэгийн сааданд хүүхдээ салхилуулж байтал хаанаас ч юм бүү мэд гэнэт нөхөр маань гарч ирээд охиноо бодъё, би дахиж чамайг зодохгүй, би өөрчлөгдөх болно гэж амлаж, байнга л гуйх болов. Энэ үед үнэхээр амлалтандаа хүрээд өөрчлөгдөх болов уу гэсэн итгэл найдвар төрж, зүрхэнд минь уучлал буусан юм. Өдөр бүр шалдаа буун гуйх түүнийг хараад өрөвч зөөлөн чанар минь дотроос ятгаж дахин нэг амьдраад үзэхээр шийдсэн.
Үүнээс хойш бурхнаас бэлэг болгон дахин хоёр хүүхдийг минь илгээсэн. Хүүхдээ тээж төрүүлэх бүртээ нөхөр маань хүүхдүүдээ хараад өөрчлөгдөх болов уу, үүргээ мэдэрч хариуцлагаа ухамсарлах болов уу гэсэн бяцхан хүлээлт маань өдөр ирэх тусам замхарсаар байлаа. Уучилж эргэн нийлсэн шийдвэрийнхээ төлөө харамсан гашуудах өдрүүд угтсаар байсан юм.
Ингэж цаг хугацаа хөвөрсөөр хүүхдүүд томорч ажил хийх боломж бүрдэж билээ. Гэвч ажлын газарт ирж хэл амаар доромжилж, хардаж, бүр ажил дээр гар хүрч ажиллах нөхцөл бололцоог минь үргэлж хаан боогдуулж байсан юм. Энэ бүх байдал эцэс төгсгөлгүй айдас дарамт зодуур нэг л өдөр миний тэвчээрийг барж бүрсгэр харанхуй хүчирхийллийн тойрогт орсноо ойлгож, тэрхүү тойрогтоо эргэлдсээр байгаа өөрийгөө олж харсан юм. Мөн нэгэнт нөхөр маань гаргаж буй үйлдлээ зогсоох нь битгий хэл, ухамсарлаж ойлгох, буруугаа хүлээн зөвшөөрөх чадваргүй болохыг олж харсан минь юу юунаас илүү их ололт байсан. Үүнийг ухаартлаа хэр их зовсноо хараад гайхдаг үе надад бий. Энэ бүхнээс үндэслэн энэ амьдралаа өөрчлөхөөр шийдэж гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд хандлаа.
Миний шүүхэд хандсан явдал өнөөгийн хууль хэрэгжүүлэгчдийн хандлага, үйлчилгээ ямар байгааг харуулсан юм. Эхний удаад биднийг эвлэрүүлэн зуучлалаар оруулсан нь хугацаа алдаж хүчирхийлэл үргэлжлэх боломжийг олгосон. Тухайн үед өмссөн хувцастайгаа 2 хүүхдээ чирээд гэрээсээ хөөгдсөн миний хувьд Улсын тэмдэгтийн хураамжийг төлөх чадваргүй учраас хорооноос амьжиргааны түвшний тодорхойлолт авах гэсэн боловч “Үнэлгээ хийх болоогүй байна, та нөхөртэйгөө хамт амьдарч байхдаа боломжийн байжээ” гэснээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөхөөс өөр аргагүй болж мөнгө олох гэж бас л хугацаа алдсан. Энэ бүхнийг зохицуулан арай гэж нэхэмжлэлээ өгтөл нөхөр чинь хаяг дээрээ алга гэсний дагуу эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Энэхүү олон шат дамжлагын улмаас бидний гэрлэлтээ салгах хугацаа хойшилсоор байлаа. Мөн нөхөр чинь олдохгүй байна, алга болчихлоо, шүүх дуудаад ирэхгүй байна гэх зэрэг шалтгаануудыг хэлж та өөрөө олоод өгөөч гэсний дагуу өөрийн амийг эрсдэлд оруулан байж, удаа дараа түүнийг олж өгч билээ.
Энэ бүх процесс үйл явцын дараа гэрлэлтээ цуцлуулсан боловч бага хоёр хүүхдийн минь тэтгэлэг төлөгдөхгүй бас л хохирсоор явна. Иргэдээ хамгаалахад чиглэсэн хуулийн байгууллагын үйлчилгээ хохирсон дээр нь улам хохироож байгаагийн тод жишээ нь би болсон. Энэ бол ганцхан миний амьдралын түүх хэдий ч надтай адил замналтай олон эмэгтэйчүүд ийм байдлаар асуудлаа шийдүүлэхдээ эрхээ хамгаалуулж чадахгүй шантарч, эрсдэлд орж эсвэл амиа алдаж байна.
Миний хувьд хүүхдүүдээ айдасгүй тайван орчинд өсгөх болсондоо баярлаж, ирээдүйгээ өөдрөгөөр харж, урдаа тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө хичээж явна.
Хүчирхийллийг зогсоохоор шийдэж, үүнээс өөр сайхан амьдрал байдаг, би үүнийг хүртэх эрхтэй, би хүчирхийлэлд байх ёсгүй гэж итгэх үед бүх зүйл өөрчлөгдөх боломжтойг ухаарсан.
Хүн бүр хайрлах, хайрлуулах эрхтэй. Хүчээр айлган сүрдүүлж, бие махбод, сэтгэл зүрхийг минь шархлуулах эрх хэнд ч байхгүй. Бид нар өөрсдөө зөвшөөрөөгүй цагт энэ бүхэн өөрчлөгдөх боломжтойг өөрийн биеэрээ туулж мэдэрч ойлгосон эгэл жирийн эмэгтэй байна. Надтай адил нөхцөлд, хий хоосон итгэл найдвар тээн, чамайг хэзээ ч хайрлахгүй тэдгээр хүмүүсийн хүчирхийллийн хүлээснээс чөлөөлөгдөөсэй гэж хүсч байна. Та ингэж амьдрахаар энэ дэлхийд төрөөгүй юм шүү гэдгийг захья. Хүн бүр үнэ цэнэтэй. Түүнийгээ үргэлж мэдэрч амьдрах нь амьдралын утга учир юм. Та бүхэн минь над шиг битгий оройтож ойлгоосой.
Хүчирхийллийн эсрэг үндэсний төв