2. Хүүхэд тань танаас айж, эмээдэг байх хэрэгтэй
Гэхдээ таны сүр хүч, сэтгэл хөдлөлөөс бус таны итгэлийг алдах вий гэхээс айдаг байх хэрэгтэй. Энэ бол зарим нэг ээжүүдийн үхэхээрээ айлгадгаас тэс өөр зүйл шүү. Та хүүхэдтэйгээ ээнэгшиж дотно холбоо үүсгэх нь чухал.
3. Хүүхэд таны өөрийн дураар шийдсэн биш гэр бүлийн бүх гишүүдийн хамт хэлэлцэж баталсан дүрэмд захирагдаж өсөх хэрэгтэй
Дүрэмд захирагдаж өссөн хүүхэд нийгмийн хэв журамд амархан дасан зохицож, үүргээ ухамсарладаг.
4. Хүүхэд тань өөрийгөө хүлээн зөвшөөрдөг, өөртөө хайртай нэгэн байх хэрэгтэй
Хэрэв та түүнийг хэн нэгэнтэй харьцуулдаг, өөрийнх нь чадахгүй зүйлийг нь үргэлж эхэлж сануулдаг, өөрийнхөө бие эрхтэнд дургүйгээ илэрхийлэхэд нь үл тоодог бол тэр өөрийг нь тоох өөр нэгнийг, өөрийг нь сонсох нэгнийг хайж эхэлдэг. Гэвч тэр хүн нь танд таалагдах магадлал тун бага.
5. Хүүхэд тань хөдөлмөрийн хуваарьт үүрэг хүлээж, түүндээ тохирсон хариуцлагаа ухамсарлаж, сайн хийсэн бол сайшаагдаж, тааруу үр дүн үзүүлсэн бол шийтгэл авдаг байх ёстой
Шийтгэл мэдээж хэрэг насанд нь тохирсон байх ёстой нь. Жишээ нь “wifi-г 22:00 цагаас хойш унтраах, 3 долоо хоног кинонд явах эрхээ хасуулах г.м.
6. Хүүхдээ жаахан хэмээн бүү бод
Тэд бүхнийг мэддэг бас мэдэрдэг. Таны эхнэрээсээ өөр хүнтэй уулздаг гэдгийг, нөхөртөө дургүй гэдгийг хүртэл тэд мэддэг. Гэвч хамгийн аюултай нь тэд үүний буруутанг өөрийгөө гэж боддог.
7. Хүүхдийнхээ онцлогийг хүлээн зөвшөөр
Ноомой, унжгар эсхүл дэндүү их сэтгэл хөдлөлтэй, гомдомтгой байлаа гээд таны хүүхэд асуудалтай, та хичнээн хичээсэн ч ийм байгаа бол танай хүүхэд сэтгэцийн хувьд “асуудалтай” нэгэн биш шүү. Энэ зүгээр л тэдний онцлог. Яг л алим хэзээ ч нэг ижил хэмжээтэй байдаггүйтэй адил. Харин онцлогийг нь мэдэрсэн бол түүнд нь тохирох арга барилаа л олох хэрэгтэй.
8. Сэтгэл зүйн хувьд хүүхэдтэйгээ ямагт ойр бай
Хүүхэд тань хэн нэгэнд ухаан санаагаа алдтал дурлаж, түүнээс нь өөр хэн ч хэрэггүй мэт аашилж болно. Шохоорхол төдий гэж бодон үл тоох хэрэггүй. Тэдний тархинд ялгарах даавар нь хайрыг тэгж хүлээж авахад хүргэж буй хэрэг. Хаягдаж гансарсан байвал аль болох хамт байхыг хичээгээрэй. Харин одоо март, ахиад нэгэн олдож л таараа гэх нь тун бурууг санаарай. Мөн найзуудыг нь гэртээ урьж, элэгсэг харилцаарай. Энэ нь тэдэнд таныг арай өөрөөр олж харах нэг боломж шүү.
9. Хүүхдээ үргэлж анзаарч бай
Өсвөр насан дээрээ хүүхэд аливаад донтох нь амархан. Учир нь өнөө л тархи, мэдрэлийн тогтолцооны ажиллагаатай л холбоотой. Түүнээс аавыгаа дуурайсан гэхчлэн хандах нь тийм ч оновчтой биш. Хамгийн гол нь хүүхэд тань танд үнэнээ л хэлдэг байх нь чухал. Юу ч болсон бай та л түүнд хамгийн түрүүнд бодогддог бол та супер аав, ээж байна аа гэсэн үг. Эсрэгээрээ танаас нуугаад байгаа бол та аав, ээжийн үүргээ биелүүлэхгүй байна гэж ойлгоорой.
10. Тэдний хамгийн сайн найз, зөвлөх нь бай
Өсвөр насны хүүхдүүд аливааг ойлгож хариу үйлдэл үзүүлэхдээ хурдан, ухаантай, хүч чадалтай, ирмүүн байдаг ч тэдэнд ганцхан зүйл юу юунаас илүү хэрэгтэй. Тэр бол түүнийг ойлгодог, сонсдог, юу болох юу болохгүйг аядуу тайван, ухаалгаар хэлэх зөвлөхөөр л тэд дутдаг.
Сэтгэл судлаач Д.Лхамсүрэн