Аз жаргалтай хосуудын 13 шинж
Нийтлэлч: Familycenter.mn

Хайр сэтгэлийн харилцаа аз жаргал, баяр баяслаас гадна бэрхшээл сорилтуудыг өөртөө агуулдаг билээ. Хосуудын дунд явуулсан олон тооны судалгааны үр дүн дээр үндэслэн “амжилттай” хосууд ямар нийтлэг шинжтэй байдгийг танилцуулж байна.

МЕССЕЖЭЭР МУУДАЛЦАХ ХЭРЭГГҮЙ

  • Харилцаандаа технологийг хэт их ашиглах нь аз жаргалын түвшинг бууруулдаг гэдгийг Брайхан Янгийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Судалгаанд оролцогчдын 38 хувь нь урт хугацаанд үерхэж байгаа, 46 хувь нь гэрлэлтээ товлосон, 16 хувь нь гэрлэсэн хүмүүс байжээ.
  • Бүсгүйчүүдийн хувьд мессежээр дамжуулан уучлал гуйх, хэрүүлийг төгсгөх, маргаантай шийдвэр гаргах нь хосуудын аз жаргалыг бууруулдаг бол,
  • Эрчүүдийн хувьд бичгээр хэтэрхий их харилцах нь харилцааны чанарыг мөн бууруулдаг ажээ.
  • Харин эсрэгээрээ, мессежээр хайр сэтгэлээ илэрхийлэх нь хосуудын харилцааг ойртуулдаг байна. 

Dreams and Wishes — maribelhearn: Bee and Deckard texting each other...

ХҮҮХДИЙН ТАЛААР НУХАЦТАЙ БОД
 
Хүүхдүүд амьдралын аз жаргал. Гэхдээ 5000 хүний дунд явуулсан Английн Өүпэн их сургуулийн судалгаагаар хүүхдээ төрүүлэхээс өмнө хосууд илүү аз жаргалтай буюу бие биедээ анхаарал халамж тавьж, цаг их гаргадаг байсан гэсэн дүгнэлт гарчээ.
 
Судлаачдын хэлж буйгаар, бүх зүйлд сэтгэл хангалуун байх ёстой гэсэн хосуудын хийсвэр хүлээлт нь хүүхэдтэй болсны дараа багасаж, харилцааны асуудлуудыг дагуулдаг байна. Тиймээс хүүхэдтэй болсны дараах хандлага гэрлэлтийн аз жаргалд онцгой чухал үүрэгтэй аж
 

НАЙЗУУД ТАНЬ ГЭРЛЭСЭН БОЛ ДАВУУ ТАЛ

Хүн хамгийн их цагийг хамтдаа өнгөрөөдөг таван хүнийхээ дундаж нь. Өөрөөр хэлбэл таны хамгийн удаан хамт байдаг хүмүүсийн үерхэл, гэрлэлт амжилттай байгаа эсэх нь таны хайр сэтгэлийн амьдралд ч хамаатай болохыг АНУ-ын Брауны их сургуулийн судлаачид онцолж байгаа юм.

Хэрэв таны дотны найз, эсвэл ойрын хамаатан гэрлэлтээ цуцлуулж байсан бол таны салалтыг сонгох магадлал 75 хувиар өсдөг бол, найзын найз болон холын хамаатан эхнэр/нөхрөөсөө салж байсан бол таны салах магадлал 33 хувиар нэмэгддэг гэнэ.

ХАРИЛЦААНЫ ЭХЭН ҮЕД ЗӨРЧИЛДӨХ НЬ ТӨДИЙЛӨН МУУ ЗҮЙЛ БИШ

Харилцааныхаа эхэн үед бие биенийхээ ялгааг мэдэрч, зөрчилдөх нь урт удаан харилцааны түлхүүр гэдгийг Флоридагийн их сургуулийн сэтгэл судлаачид хэлж байна. 

Эрдэмтэд “Шулуун шударгаар нэгнээ ойлголцоход богино хугацаандаа зөрчилтэй, хүндрэлтэй байж болох ч, нэгнээ эрт таних нь урт хугацаандаа хосуудын харилцааг амжилттай болгодог” гэсэн дүгнэлтэнд хүрчээ.

НЭГ НЬ АЙЛЫН ТОМ, НӨГӨӨ НЬ АЙЛЫН БАГА БАЙВАЛ ТОХИРОМЖТОЙ
 
Айлын хэд дэх хүүхэд байх нь хүний амьдралд ямар нөлөөтэй талаар олон судалгаа бий. Харилцааны зан төлөв, ажлын амжилт, бүр хайр сэтгэлийн харилцаа, гэрлэлтэд ч хамаатай гэдгийг судалгаагаар тогтоожээ.
 
Айлын ууган хүүхдийн дүү нараа харж хандах нь айлын багачуудын халамжлуулах, “хүний анхааралд өртөх, халамжлуулах”  зан араншинтай илүү нийцдэг гэсэн онолыг хэсэг эрдэмтэд дэвшүүлсэн байна.

ГЭРИЙН АЖЛАА ХУВААРИЛЖ, ХАМТДАА ХИЙХ

Гэр орны ажлаа хамтдаа хийдэг хосууд үерхэлдээ илүү аз жаргалтай байдаг гэдгийг Калифорнийн их сургуулийн эрдэмтэд тогтоожээ.

Өөрөөр хэлбэл, гэртээ юу хийх ёстойгоо өөрөө ч, нөгөө хүн нь ч тодорхой мэдэж байгаа бол хамтын амьдрал илүү сэтгэл ханамжтай байна гэсэн үг юм. Тиймээс хэн нь юу хийхээ байнга ярилцаж, ижил тэгш хуваарилж байх нь чухал аж.

БИЕ БИЕДЭЭ ЦАГ ГАРГА

5000 гаруй  хүнийг хамруулсан Английн Эдийн засаг, нийгмийн судалгааны зөвлөлийн ажиглалтаар ижил хүйстэн хосууд “Илүү эерэг бас жаргалтай” гэсэн дүгнэлт гарчээ.

Гэхдээ хосуудын бэлгийн чиг хандлага бус, хамтрагчдаа илүү их цаг зарцуулдаг, ярилцдаг, ижил сонирхлууд олонтой гэдэг түлхүүр үзүүлэлтүүд аз жаргалын үзүүлэлтэд нөлөөлсөн байна.

ЭРЭГТЭЙ НЬ ЦАРАЙЛАГ БИШ БАЙХАД ГЭМГҮЙ

Эхнэр нь өөрөөс нь хавьгүй илүү царайлаг гэж боддог эрчүүдийн харилцаа илүү аз жаргалтай байсны дээр, тэдний эхнэр, найз бүсгүйчүүд нь ч сэтгэл ханамж өндөр байжээ. Харин эрэгтэй нь өөрийгөө илүү царайлаг гэж боддог эрчүүдийн сэтгэл ханамжийн төвшин доогуур байсан гэдгийг АНУ-ын Зан авир, нийгмийн сэтгэл судлалын сэтгүүл онцолжээ.

ХОСУУД САЙН НАЙЗУУД БАЙХ ХЭРЭГТЭЙ

Эхнэр/нөхрөө сайн найзаа гэж боддог хүмүүс гэрлэлтэндээ хоёр дахин илүү сэтгэл ханамжтай байдаг хэмээн АНУ-ын Эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн судалгаанд дурдсан байдаг.

“Гэрлэлт гэдэг хайр сэтгэлээс гадна амьдралдаа нэгнээ түшиж тулах нөхөрлөл гэдгийг бид санаж явах хэрэгтэй юм” хэмээн судалгааг удирдсан Жон Хэлливэл дурджээ.

НИЙТЛЭГ НАЙЗУУД ИХТЭЙ БОЛ ДАВУУ ТАЛ

Хосуудын хэн хэнийх нь нийгмийн хүрээлэл харилцан давхацсан хүмүүс олон байх тусмаа харилцаа бат бөх байдаг гэсэн хамаарлыг Facebook олжээ.

Нөхөрлөлүүд давхар сэвтэх эрсдэл нь харилцааг бататгадаг нэгэн хүчин зүйл бөгөөд, хосууд бие биенийхээ найзуудтай танилцах нь салах эрсдэлийг ч бууруулдаг байна.

 

МӨНГӨНИЙ ТАЛ ДЭЭР ИЖИЛ БАЙР СУУРЬТАЙ БАЙХ

Үрэлгэн хүмүүс хэмнэгч хүмүүст, хэмнэх дуртай хүмүүс мөнгө зарцуулж чаддаг хүмүүст татагддаг гэдгийг Мичиганы их сургуулийн судлаачид тогтоожээ.

Хэдий эсрэг тэсрэг хүмүүс бие биедээ татагддаг ч, санхүүгийн сахилга бат адил байх нь хосуудын харилцааны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс хамтдаа мөнгөө хэмнэж, хамтдаа мөнгөө зарцуулдаг хүмүүс илүү аз жаргалтай байдаг гэнэ.

ДОЛОО ХОНОГТ ХАМГИЙН БАГАДАА НЭГ УДАА СЕКС ХИЙДЭГ

16000 гаруй америкчуудын дунд хийсэн судалгаагаар сардаа нэг удаа секс хийдэг хүмүүстэй харьцуулахад долоо хоногтоо нэг удаа секс хийдэг хүмүүс жилдээ 50.000 долларын нэмэлт орлого олохтой дүйцэхүйц амьдралын сэтгэл ханамжтай байдаг байна.

Мөнгө, Секс, Аз жаргал: Нарийвчилсан судалгаа” номонд сексийн идэвхтэй байдал нь хосуудын аз жаргалын чухал хүчин зүйл болохыг тайлбарлажээ.

НЭГНИЙХЭЭ АМЖИЛТААР БАХАРХДАГ

Эхнэр, нөхрийнхөө амжилт ололтод өөрийнхөөсөө дутахгүй баярладаг хосууд бат бөх харилцаатай байдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ.

“Аз жаргал, зовлон бэрхшээлийн алинд ч бүхнийг хуваалцах” хэмээх хуримын тангараг зүгээр ч нэг үг бус, хайр сэтгэлийн баяр баяслыг нэмэгдүүлдэг зүйл болохыг хамтдаа баяр хөөрөө мэдэрдэг хосууд батлан харуулдаг байна.

Эх сурвалж: INC.