Гэр бүлийн боловсрол, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх “Familycenter.mn” сайт нээгдэн, олон нийтийг мэдлэг мэдээллээр хангаж эхлээд байна. Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан зөвлөгөө, ярилцлагын шинэ дугаарын зочноор “Хайрын өмнө хүлээсэн хариуцлага” номын зохиолч, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ)-ийг үүсгэн байгуулагчдын нэг Чулуунбаатарын Сосормаа оролцож байна.
- Юуны өмнө гэр бүлийн тухай ойлголтоос ярилцлагаа эхэлье. Хүн бүр гэр бүлд амьдардаг бас хамтын амьдрал зохиодог эсвэл зохиох гэж оролдсон байдаг шүү дээ. Хосууд хамтдаа аз жаргалтай байх гэж гэрлэдэг ч харамсалтай нь гэрлэлт бүхэн тийм байдаггүй шүү дээ. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?
- Аз жаргалын талаарх хувь хүний ойлголт ялгаатай тул нэг үгээр тодорхойлох их хэцүү. “Минийхээр аз жаргалтай гэр бүл гэдэг гишүүд нь тэгш эрх, тэгш эрх мэдэлтэй гэр бүлийг хэлдэг. Өөрөөр хэлбэл эхнэр нөхрийн хэн ч өөрийнхөө асуудлаар өөрөө шийдвэр гаргах эрх мэдэлтэй, эрх чөлөөтэй, хувийн орон зайтай, хүний эрх, эрх чөлөөгөө эдэлж чадвал тэнд аз жаргал оршино. “
Товчхондоо та нийгмийн эсвэл хэн нэгний тулгасан загварт орж, дүрд тоглох биш өөрийнхөөрөө байж, өөрийнхөө хүсэл зорилгод хөтлүүлж байж аз жаргалыг мэдэрнэ шүү дээ. Өрх бүлийн аз жаргалыг гишүүд хамтдаа бүтээдэг.
- Гэр бүлд хүний эрх, эрх чөлөө ярихаар монгол ёсны уламжлалаас хазайлаа гэж үзэх хүмүүс байдаг. Бас эмэгтэй, эрэгтэй хүний тогтсон үүрэг, дүрийг даган гүйцэтгэх ёстой гэсэн үзэл, хандлага ч газар сайгүй бий. Тэгэхээр энэ үзэл, таны аз жаргалтай гэр бүлийн талаарх тодорхойлолттой зөрөөд байна уу ?
- Хүний эрх бол сонгодог ойлголт. Хүний эрх, эрх чөлөөг хэн ч зохиогоогүй, хэн ч олгоогүй тийм учраас хорих, булааж авах эрх хэнд ч байхгүй. Төрөөс хүний эрхийг хүлээн зөвшөөрч, хангах үүрэг хүлээдэг, харамсалтай нь олон гэр бүлд энэ үүрэг хэрэгжихгүй байна. Маш энгийн жишээ хэлье. Бид гудамжинд хэн нэгэнд зодуулсан бол эсвэл хэн нэгэнд доромжлуулсан, нэр төрөө гутаалгасан бол цагдаа дуудаж, шүүхэд ханддаг. Гэтэл гэр бүлдээ, хайртай хүмүүсээс бие, сэтгэл санаа, бэлгийн маш хүнд дарамт шаналлыг амсдаг атлаа тэвчээд л яваад байдаг. Товчхондоо гэр бүлд хүний эрхийн хамгийн том зөрчил явагддаг бөгөөд үүнийг бид гэр бүлийн хүчирхийлэл гэж нэрлээд байгаа юм.
Хүний эрх заяагдмал гэдгийг бид бүгд мэднэ. Хүн бүр хүйсийн ялгаанаас үл хамааран энэ эрхээ эдлэх ёстой байдаг. Тухайлбал амьд явах, аюулгүй орчинд амьдрах, халдашгүй дархан байх, нэр төртэй байх, хийсэн ажлаа үнэлүүлдэг, шийдвэр гаргах эрх мэдэлтэй байх, өсөн хөгжих, сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэх гээд бүгд л хүний эрхийн түгээмэл хэлбэрүүд юм. Эрхээ эдэлж байж хүн бүрэн бүтнээ мэдэрч, оршихуйгаа хангаж чадна. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийллийн бүх хэлбэрүүд хүний эрхийг хөсөрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл хүний мөн чанарыг устгаж, зовлон шаналалд оруулдаг нь хамгийн аймшигтай.
- Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн 95-97% нь эрчүүд байдаг. Яагаад эрчүүд хайртай хүмүүсээ айдас, дарамтад автуулж, хүчирхийлж цаашлаад үүнийг давтанүйлдээд байдаг юм бол? Хүчирхийлэл үйлдэгчдэд гэмших, ухаарах, мэдрэмж төрдөггүй хэрэг үү?
- Яг энэ асуултад л бүх асуудлын учиг оршиж байгаа болов уу. Гэр бүлийн хүчирхийлэл бол гэр бүлийн дотоод асуудал биш, харин хэн ч хүлээн зөвшөөрч, хүлцэн тэвчиж болохгүй гэмт хэрэг гэдгийг сүүлийн хэдэн жил л Монголын төр ойлгон, хуульчилж байна шүү дээ. Гэхдээ бид асуудлын учир шалтгаантай биш үр дагавартай зууралдсаар байна. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хойно нь шийтгэдэг тогтолцоог бүрдүүлсэн. Харин одоо учир шалтгаан руу нь орох цаг болсон. Яагаад эрчүүд хүчирхийлэгч болдог талаар хийсэн дорвитой судалгаа ч байхгүй байж “цаазал” гэж орилоод байж болохгүй. Мэдээж бид хүчирхийлэгчдийг жигшиж байгаа, гэхдээ тэд тэнгэрээс бууж ирээгүй тул тэднийг төрүүлээд байгаа нийгмийн хүчин зүйлсийг судлах нь маш чухал. Бидний ажлын туршлагаас харахад гэр бүлийн хүчирхийллийн үндэс суурь бол юуны өмнө хүйсээр ялгаварлах нийгмийн үзэл хандлагад байдаг. Эрэгтэй хүн, эмэгтэй хүнээс илүү их хүчтэй, эрх мэдэлтэй байх ёстой гэсэн уламжлалт хэвшмэл үзэл эрчүүдийг маань төөрөгдүүлдэг гэж шуудхан хэлчихье.
- Эр хүн өрхийн тэргүүн, эрэгтэйчүүд хүчирхэг байх ёстой, гэр бүлээ тэжээх ёстой гэх мэт жендэрийн хэвшмэл ойлголт нь гэр бүлийн хүчирхийлэлд хүргэдэг гэсэн үг үү?
- Мэдээж Монгол уламжлалаараа эрчүүдээ өрхийн тэргүүн гэж хүндэлдэг. Гэхдээ гэрийн эзэн, өрхийн тэргүүн гээд эхнэр хүүхдээ захирна гэж үү. Хэрвээ захирагдахгүй бол уураар айлгаж, нударгаар асуудлыг шийдэх үү. Яагаад эхнэр хүүхдээ өөрийн өмч гэж ойлгоод байдаг юм бэ гэсэн асуултууд ар араасаа гарч ирнэ. Эдгээр асуултуудыг ойлгохын тулд гэр бүлийн тухай ойлголт нийгмийн хөгжлийг дагаад өөрчлөгдөж байгааг дурдах ёстой.Орчин үе, технологийн дэвшлийн эринд хүйс биш хувь хүний мэдлэг боловсрол чухал болсон. Түүнийг дагаад гэр бүлийн амьдралд ч өөрчлөлт гарч байна. Залуучууд гэр бүлийг “БАГ” гэж үздэг болж байна. Тэгэхээр гэр бүлийн амьдралд багийн гишүүдийн үүрэг, оролцоо маш чухал бөгөөд нэг нь нөгөөгөө нөхөх, хамтын удирдлага, зохицуулалт руу шилжиж байна.
Гэр бүлийн амьдрал бол багийн менежмент юм.
Нөгөө талаар зарим улсад тухайлбал, Шведэд ээжид нь хүүхдээ харах хугацаа “мамалет” өгөхөөс гадна аавд мөн тийм хугацаа буюу “папалет” өгнө. Ингэснээр зөвхөн ээж нар хүүхэд гаргаж, асардаг гэсэн уламжлалт ойлголтыг эвдэж, аавын гүйцэтгэх үүрэг хүүхдийн хүмүүжилд ямар чухал байдгийг ч харуулж чадаж байна.
“Түүнчлэн хүүхдэд төрсөн цагаас нь эхлээд ээж, аав чинь чамайг өсгөн хүмүүжүүлэхдээ хүртэл энэ тэнцүү эрх, үүрэгтэй шүү гэдэг мессэжийг өгч буй хэрэг.”
- Таны “Хайрын өмнө хүлээсэн хариуцлага” номонд дурдагдсан хүчирхийлэл үйлдэгчдийн сэтгэл зүйн талаар уншигчдад маань тайлбарлавал. Ялангуяа сэтгэл зүйн хамгаалалтын механизм гэж юуг хэлээд байна вэ?
- Хүчирхийлэл үйлдэгчид хамгийн аймхай хүмүүс байдаг гэж сэтгэл зүйчид үздэг. Тэд өөртөө итгэх итгэл муутай, сул дорой учраас уураар өөрийгөө хамгаална. Яагаад гэвэл ууртай хүнээс бүгд айдаг гэсэн ойлголттой учраас тэр.
“Хүчтэй эр хүн байх гэсэн хиймэл багийн цаана үнэндээ “намайг голох вий, өөр эрийг илүүд үзээд хаячих вий” гэсэн айдас оршдог. Тийм ч учраас эхнэрээ хянах оролдлогууд хийдэг.”
Жишээ нь хардалт байна. Хардалт бол хяналтын нэг хэлбэр юм шүү дээ. “Би ажилгүй, эсвэл цалин багатай, эхнэр надаас илүү ажилд орвол намайг голоод салчихна” гэсэн айдас нь хардалтыг, цаашилбал хүчирхийллийг бий болгодог. Өөрөө ажлаасаа халагдчихаад эхнэрээ ажлаас нь гарахыг шаардсаар байгаад хоёулаа ажилгүй болсон эхнэр, нөхөр хоёртой би уулзаж л байлаа. Сэтгэлзүйн үндсэн 3 хамгаалалт бий.Үүнд:
- Хяналт тавих
- Бууж өгөх
- Үл хайхрах
*Хяналт тавих хамгаалалтын механизм бусдыг өөрийнхөө эрхшээлд оруулж, бүх үйлдлийг нь хянах хэлбэрээр илэрнэ. Тэгэхээр хүчирхийлэл үйлдэгчдийн сэтгэлзүйд хяналтын механизм үйлчилдэг гэсэн үг.
*Бууж өгөх, эвлэрэх нь өөрийгөө хамгаалж буй бас нэг төрлийн хамгаалалт юм. Тухайн хүнтэй маргалдах, зөрчилд орохоос зайлсхийж, хэлснийг нь дагаж, номхон хүлцэнгүй байх хэлбэрээр илэрдэг. Хүчирхийлэлд олон жил өртсөн эмэгтэйчүүд сэтгэлзүйн энэ хамгаалалтад шилжсэн байдаг.
*Үл хайхрах хамгаалалт бол асуудлаас зугтаах арга юм. Сонсоогүй, мэдээгүй царайлах, ажлаар өөрийгөө дарах, хөдөө гадаа яваад гэртээ үзэгдэхгүй байхыг чармайх зэрэг нь бүгд хүчирхийллийг үл хайхрах замаар өөрийгөө аврах гэсэн арга шүү дээ. Нүүр номоор нэг хөгжилтэй пост олон зуун хүн лайк дарсан харагдаж байсан. Тэр нь “Та нөхөртэйгээ 50 жил амьдраад, гэрлэлтээ хадгалж чадаж буй нууцаасаа хуваалцаач” гэхэд эмэгтэй “Зарим үед харалган, заримдаа дүлий, ихэнхдээ тэнэгдүүхэн байхад л болчихно доо” гэж хариулсан гэжээ. Энэ постыг үзсэн хүмүүс инээлдэж байсан ч олонх нь хүлээн зөвшөөрсөн коммент бичсэн байсан. Мэдээж гэр бүлийн амьдралд маргалдах, зөрчилдөх зүйл олон л гарна. Гэхдээ үргэлж түүнээс зугтаад байвал их хөндий хүйтэн уур амьсгалыг бий болгоно биз ээ. Магадгүй гэр бүлээ салгахгүйн төлөө тэр эмэгтэй бүхнийг тэвчин тэсвэрлэсэн байх гэж надад бодогдсон. Түүнийхээ үр дагаварт тэр өөрийнхөө мөн чанарыг гээсэн, хүсэл сонирхол, мөрөөдөл, найз нөхөд, карьераа ч гэсэн алдсан биз ээ.
“Хайр эрх чөлөө олгодог бол хүчирхийлэл золиос шаарддаг гэдгийг залуу хүн бүр гэрлэхээсээ өмнө ойлгох хэрэгтэй.”
- Хүүхдээ ирээдүйд гэр бүлийн хүчирхийллээс ангид, эрүүл, эерэг харилцаатай гэр бүлийг цогцлооход нь эцэг эхийн зүгээс юуг анхаарах шаардлагатай вэ?
-Гэр бүлдээ хайр, хүндлэлд өссөн хүүхэд сэтгэл зүйн хувьд бүрэн бүтэн байдаг. Өөрийг нь хайраар өсгөсөн бол том болоод тийм л гэр бүл зохионо. Харин хүчирхийлэл дарамтад өссөн хүн хүүхдээ ч мөн тийм л аргаар хүмүүжүүлэх магадлал өндөр. Хүүхдийн нүдэн дээр хайртай аав нь архидан согтуурч, хайртай ээжийг нь зодож, уйлж орилуулах бол хамгийн аймшигт гэмт хэрэг юм шүү дээ.
“Хүүхдүүдийн олонх нь ээжийгээ хамгаалж чадахгүй байгаадаа өөрийгөө буруутгаж насан туршдаа шаналдаг.”
Сэтгэл зүйн хүнд цохилт авсан хүүхдүүд сэтгэцийн олон төрлийн эмгэгтэй болсон байх тохиолдлууд ч олон. Эцэг нь эхийг нь хүндэлдэг, тэд гэрийн ажил, хоолоо хамтдаа эсвэл ээлжлээд хийхийг харж өссөн хүүхэд яг л ийм хамтач гэр бүлийг зохиох гэж чармайна. Хүүхэд бол эцэг эхийн тусгал тул аав ээжийнхээ үйлдлээс тэд бүгдийг ухамсаргүйгээр хуулбарладаг.
Хэдэн жилийн өмнө сошиал сүлжээнд нэгэн залуу “ Би хүүдээ эр хүн уйлж болохгүй гэж итгүүлэхээс илүүтэй эмэгтэй хүнийг уйлуулж болохгүй гэж захина” хэмээн бичсэн байсныг үзээд сэтгэл минь ихэд хөдөлж билээ. Нээрээ л хөвгүүддээ эр хүн хатуу, чанга байх ёстой гэсэн хэвшмэл ойлголтыг суулгах биш бусдын эрх чөлөөг хүндэлдэг, асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэдэг ухаанд сургаж байж хүчирхийлэл зогсоох боломжтой.
“Үнэндээ бол хайраас л эр зориг ундран гардаг юм шүү дээ. Хайр л хүнийг бусдын төлөө зүтгэх сэтгэлтэй болгож, хүнд сорилтыг даван туулах сэтгэлийн тэнхээтэй болгодог.”
“Эцэг эхчүүд охидоо багаас нь хүч чадалтай, хөвгүүдээс ялгарах зүйлгүй гэдгийг ойлгуулж өсгөөсэй гэж хүсдэг. Яагаад заавал охид хүүхэлдэйгээр тоглож, ягаан даашинз өмсөж байх ёстой гэж, яагаад заавал тэдэнд хэн нэгэн аврагч ханхүүтэй уулздаг гүнжийн тухай үлгэр уншиж өгөх ёстой гэж? Охид яагаад сансрын нисэгч болохыг мөрөөдөж, машинаар тоглож, өмд өмсөөд модонд авирч болохгүй гэж ? Тэгэхээр 21-р зууны иргэдийг хүмүүжүүлж байгаа эцэг эхчүүд уламжлалт арга хэмээн итгэж хүйсийн ялгааг хүүхдийн сэтгэл зүйд тулгаж, хөгжлийг нь битгий тушаасай.”
Уламжлал гэдэг байнга шинэчлэгдэн өөрчлөгдөж байх ёстой оюун, сэтгэхүйн бүтээн байгуулалт юм. Нэг талаар нийгмийн соёл биднийг бүтээдэг ч нөгөө талаар хүн төрөлхтөн соёлоо өөрчилж, шинэчилж байж урагшилдаг жамтай. Энэ бол хөгжлийн зүй тогтол. Хүчтэй хүйс, сул хүйс гэсэн ойлголтыг бид тархинаасаа авч хаях ёстой. Хүйсээс үл хамаарч хүн бүр үнэ цэнэтэй.
-ХЭҮТ-ийг үүсгэн байгуулж, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хүчин чармайлт гарган ажилласан мэргэжилтний хувьд өнгөрсөн 25 жилийн хугацаанд жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар нийгэм, соёлын орчинд ямар өөрчлөлт, хандлагууд бий болсон гэж та дүгнэх вэ?
- Мэдээж маш их өөрчлөлт гарсан. Хамгийн энгийн жишээ хэлэхэд 1995 онд ХЭҮТ байгуулагдаж эхлэх он жилүүдэд бид гэр бүлийн хүчирхийлэл” гэдэг үгийг хэлэхэд олон нийт ойлгохгүй, сонсоод цочирдож байсан. Төрийн албан хаагчид биднийг хүлээж авдаггүй тохиолдлууд ч байсан. Харин өнөөдөр энэ үгийн утгыг бүх нийтээр ойлгох болсон төдийгүй эсэргүүцэх нийгмийн сэтгэлзүй бүрджээ. Өнгөрсөн хугацаанд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д хоёр ч удаа нэмэлт өөрчлөлт орж шинэчлэгдлээ. Бусад холбогдох заалтууд Эрүүгийн, Иргэний, болон Зөрчлийн тухай хуулиудад тусгагдсан. Монгол Улс Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуультай болсон гэх мэтээр нэрлээд байвал эрх зүйн орчинд дорвитой өөрчлөлт гарсан. Гэхдээ хууль батлагдсан гарснаар “жинхэнэ ажил” эхэлдэг хэмээн бусад орны зөвлөхүүд хэлж байсан нь үнэн санагддаг. Нөгөө талаар хүний нөөцөө мэргэшүүлэн бэлтгэх, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, салбар хоорондын зохицуулалт хоцрогдоод байна. Нэг жишээ хэлэхэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас баривчлагдсан эрчүүдэд сургалт явуулах гарын авлага, сургагч багш нар хангалтгүй л байна.
Гэр бүл бол нийгмийн эд эс. Эс бүр эрүүл байж нийгэм эрүүл болно. Харамсалтай нь Монгол Улсад гэр бүлийг дэмжих бодлого учир дутагдалтай байсаар ирсэн.
Уул нь сургууль, цэцэрлэг бүрийн дэргэд эцэг эхэд зөвлөгөө өгөх, хүүхдүүдтэй ажиллах гэр бүлийн төв байгуулах боломжтой шүү дээ. Мэдээж нүсэр биш. Эхний ээлжид сэтгэл зүйч, нийгмийн ажилтан байхад болно.
Харин нэгдсэн арга зүйн удирдлагатай байж, тэднийг байнга бэлтгэн, мэргэшүүлж байвал үр дүн даруй гарна.
Бид олон жилийн өмнө Итали Улсад туршлага судлахаар очихдоо “Салсан ч гэсэн эцэг эх” гэсэн нэртэй зөвлөгөө өгөх төвд очиж байсан юм. Сэтгэл зүйчид салсан эцэг эхчүүдэд үр хүүхдийнхээ хувьд хэрхэн эцэг эх хэвээр байх тухай зөвлөдөг.
Эхнэр нөхөр хоёр салсан ч хүүхдээсээ салаагүй гэж үздэг.
Гэр бүл салалт хүүхдийн сэтгэл зүйд хэрхэн сөргөөр нөлөөлдгийг эцэг эхэд нь ойлгуулж, түүнийг хамтдаа даван туулах арга замыг зөвлөдөг юм билээ. Түүнчлэн хэрхэн хүүхэдтэйгээ уулзах, ээлжлэн гэртээ байлгах, багш сургуультай холбоотой байх талаар зөвлөдөг. Гэр бүл салсан шалтгаанд хүүхдээ буруутгаж болохгүй, нэгэндээ дургүйцэх дургүйцлээ хүүхдэдээ гаргаж “чи яг аав шигээ ийм, тийм” гэх мэтээр гомдоож болохгүй зэрэг олон зүйлсийг хэлж өгдөг тун хэрэгтэй үйлчилгээ байсан. Манайд залуучуудыг гэр бүлд бэлтгэх, эцэг эх болоход туслах, хүүхдийн хүмүүжүүлэх арга ухаанд зөвлөн сургах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх нийгмийн хэрэгцээ нэмэгдсээр байна. Эдгээр үйлчилгээг хөгжүүлэх гэхээр төрөөс төсөв, санхүү хүндрэлтэй хэмээдэг. Гэтэл эрүүл мэндийн даатгалаас сэтгэл зүйн зөвлөгөө авах үйлчилгээг санхүүжүүлэх бүрэн боломжтой. Сэтгэцийн эрүүл мэнд бол нийгмийн эрүүл мэндийн чухал бүрэлдэхүүн хэсэг шүү дээ. Архидалт, гэр бүл салалт, хүчирхийлэл, хүчингийн асуудлаар сэтгэл зүйчид хандаж туслалцаа авч байж сэтгэцийн хямрал, сэтгэл гутрах өвчлөл, цаашилбал амиа хорлолт, гэмт хэргийн тоо ч буурна. Гэхдээ би өөдрөг хүн учраас энэ бүхэн алхам алхмаар хийгдэж, бид урагшилна гэдэгт итгэлтэй байдаг.
- Бидний урилгыг хүлээн авч үнэтэй цагаа гарган ярилцсанд маш их баярлалаа.