Ш.Солонго: Familycenter.mn нийгэмд жендэрийн эрх тэгш байдал, эерэг хандлага, соёлыг түгээхэд үлэмж ач холбогдолтой төсөл
Нийтлэлч: Familycenter.mn

Гэр бүлийн боловсрол, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүй, хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилготой “Familycenter.mn” сайт гэр бүлийн гишүүдэд мэдээлэл, зөвлөгөө, тусламж үзүүлж эхэлсэн билээ. 

Тус мэдээллийн платформыг Канад улсын Засгийн Газрын санхүүжилттэйгээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (ОУХЭЗБ) “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” (2019-2022) төслийн хүрээнд хэрэгжүүлж буй.  Энэ удаагийн ярилцлагын дугаараар жендэрийн эрх тэгш байдлыг хангахын ач холбогдол, жендэрийн асуудал яагаад бид бүгдэд хамааралтай болох талаар Жендэрийн үндэсний  шинжээч, familycenter.mn төслийн жендэрийн зөвлөх Ш. Солонготой ярилцлаа.

- Сайн байна уу. Ихэнх хүн жендэрийн сэдвийг зөвхөн эмэгтэйчүүдэд хамааралтай асуудал гэсэн ташаа ойлголттой байх нь бий. Жендэрийн сэдэв яагаад бид бүгдэд хамааралтай, чухал асуудал вэ?
 
-Эрэгтэй, эмэгтэй хүмүүс биологийн ялгаатай байдал, ялгаатай хэрэгцээг тооцож үзэх, үүнд тохируулан нийгмийн хөгжлийн үр шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүст хэрхэн тэгш хүртээх вэ гэдэгт жендэрийн асуудал оршдог.  Жендэрийн ялгаатай байдал нь боловсролын тогтолцоо, нийгэм, улс төрийн харилцаа, хөдөлмөр гээд бүхий л салбарт хамааралтай бөгөөд нийгмийн хөгжлийн явцад өөрчлөгддөг ойлголт. Бүх салбарт жендэрийн асуудал хөндөгддөг. Тухайлбал, манай улсад сонсголын бэрхшээлтэй эмэгтэй төрөх эмнэлэгт очлоо гэж бодоход эмнэлэгт дохионы хэлмэрч байдаггүй. Тийм учраас эх баригчийн өгч байгаа зааврыг ойлгодоггүйгээс үүдэн эх хүүхдийн эрүүл мэндэд эрсдэл үүсдэг. Тиймээс сонсголын бэрхшээлтэй хүмүүст туслах дохионы хэлмэрчийг эмнэлгийн үйлчилгээнд ажиллуулах шаардлагатай. Эмэгтэй хүн  хүүхэд төрүүлээд 2-3 жилийн дараа ажилдаа ороход карьер хөгжлийн хувьд ажлын байран дээр байгаа бусад ажилтнуудаас хоцрогддог. Тиймээс энэ асуудал дээр жендэрийн эрх тэгш байдлыг хангах, бусад ажилтантай адилхан карьерийн түвшинд хүрэх боломжийг олгох үүднээс тухайн эмэгтэйн хүүхэд асарсан хугацаанд хоцрогдсон ур чадвар, боломжийг нөхөхийн тулд мэргэжил дээшлүүлэх, хоцрогдол арилгах сургалтыг заавал зохион байгуулах шаардлагатай байдаг. Энэхүү давтан сургалтыг тухайн байгууллагын хүний нөөц, сургалтын төлөвлөгөөнд оруулж төсөвт тусгах нь зүйтэй.
 
Товчхондоо бүхий л салбарт эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээнд тохирсон үйлчилгээг үзүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх гэх мэт нийгмийн бүх бүлгийн оролцоог хангах, хэнийг ч орхихгүй байхыг жендэрийн асуудал гэж хэлээд байгаа юм. Тэр ч утгаараа жендэрийн асуудал та бидэнд бүгдэд хамаатай ойлголт юм.  
Манай нийгэмд гурван хүү төрүүлсэн эхийг “Дархан бэр”  хэмээн өргөмжилж буй нь нэг хүйсийг нөгөөгөөс илүүд үзэж,  жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтыг улам гүнзгийрүүлж  байна.
 
Энэ нь Монгол Улсын үндсэн хуульд хүнийг үндэс угсаа, нас, хүйсээр ялгаварлахгүй гэсэн суурь заалтыг зөрчиж буй юм. Тухайн айлд эрүүл мэндийн шалтгаанаас үүдэн хүүхэд төрүүлдэггүй бэр ч байж болно. Гэтэл нөгөө 3 бэрийг  хүү төрүүлсэн хэмээн өргөмжилдөг нь  эрүүл мэндийн шалтгаанаар хүүхэд төрүүлэх боломжгүй эхийн сэтгэл зүйд хүнд тусах нь ойлгомжтой.
 
Жендэрийн ялгарварлан гадуурхалтыг өөгшүүлж байгааг “Дархан бэр” хэмээх өргөмжлөл байна хэмээн  жендэрийн үндэсний шинжээчид дүгнэлт хүргүүлэхээр 3 охин төрүүлсэн эмэгтэйг “Уран бэр” гээд өргөмжилж эхэлсэн. Энэ нь ялгаагүй жендэрийн хэвшмэл ялгаварлан гадуурхалт бөгөөд ялгаагүй уг өргөмжлөлтэй холбоотой үүдэлтэй сөрөг үр дагавар бий болно. Үндсэндээ уран бэр ч бай, дархан бэр ч бай ийм ойлголт байж болохгүй, тэр тусмаа төрийн  болон төрийн бус байгууллагууд үүнийг зохион байгуулаад байгаа нь нийгэмд жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтыг өөгшүүлж байна. Энэ нь  маш их сөрөг үр дагавартай.
 
 - Жендэрийн хэвшмэл ойлголтоосоо ангижрахгүй байх нь ямар сөрөг үр дагаврыг бий болгох вэ?
 
- Жендэрийн хэвшмэл ойлголт, жендэрийн мэдрэмжгүй байдлаас нийгмээрээ салж чадахгүй байх нь маш олон сөрөг үр дагаварыг дагуулдаг. Жэндэрийн хэвшмэл ойлголт бол сөрөг ойлголт. Тухайлбал, бид эрэгтэй хүүхэд төрөхөд цэнхэр малгай, эмэгтэй хүүхдэд ягаан малгай өмсгөчихдөг. Цэцэрлэгийн насны эрэгтэй хүүхдийн өнгийг тоглоомыг цэнхэр, хар , саарал эсвэл буу, машинаар,  харин эмэгтэй хүүхдүүдийг ягаан өнгөтэй барби, хүүхэлдэйгээр тоглуулдаг. Охин хүүхдийг бүдэрч унаад уйлахад нь аргадаад тайвшруулдаг атлаа эрэгтэй хүүхэд уйлбал өөрөө унасан хүүхэд уйлдаггүй, эр хүн уйлдаггүй юм гэхчлэн зэмлэх жишээтэй. Энэ мэтчилэн гэр бүл, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдүүдэд эрэгтэй хүүхэд ийм байх ёстой, эмэгтэй хүүхэд ийм байх ёстой гээд хэвшмэл ойлголтыг багаас нь суулгаж байдаг. Түүнчлэн манайд бас нэгэн хэвшмэл ойлголт байдаг нь эрэгтэй юм чинь өөрийгөө аргалаад амьдарчихна гээд мал дээр авч үлдээд, охидоо хүний хүн болно, эрдэм ном сурахгүй бол хүний дор орчихно гээд сургуульд явуулах жишээтэй.
 
Манайд нийгэм, соёлын орчны уламжлалт, хэвшмэл ойлголтоор эрэгтэй хүүхдийг багаас нь айл гэрийн эзэн болно, амьдралаа авч явна, чи удирдагч болно, хүчирхэг байх ёстой гэж сургадаг бол охидыг гэрийн эзэгтэй болох учраас гэрийн ажилд сайн нөхөр, нөхөртөө халамжтай байх ёстой гэх мэтчилэн ялгаатай, жендэрийн хэвшмэл ойлголтоор хүмүүжүүлж, хайрцагладаг. Бага насандаа олж авсан ийм ойлголт, төлөвшил нь хожим гэр бүлээ зохиохдоо эхнэр бол гэрт хүүхдээ харж байх ёстой, эрэгтэй нь ар гэрээ тэжээхийн тулд хөдөлмөрлөнө, би бүхнийг удирдах ёстой, гэр бүлийн гишүүд миний  хяналт, удирдлагад байх ёстой гэсэн  буруу зан төлөв, хандлагыг  бий болгодог. Энэ нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан болдог. Үүнийг эвдэхэд урт удаан цаг хугацаа шаардагддаг.
 
Жендэрийн хэвшмэл ойлголтоор эрэгтэй хүнийг ярьж, уйлж болохгүй, хүчирхэг, гүндүүгүй байх ёстой гэхчлэн мэдрэмжээ илэрхийлэх боломжийг нь үгүйсгэх, хүйсэнд оноосон хэвшмэл ойлголт, хандлагын уршгаар хүйсийн хооронд маш том сөрөг үр дагавар, тэгш бус байдал буюу эрх мэдлийн тэнцвэргүй байдал бий болдог. Энэ нь жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан болдог ба хүчирхийллийн хохирогчдын нь ихэнх нь охид,  эмэгтэйчүүд байдгийг энд онцлон хэлэх хэрэгтэй.
 
- Тэгвэл хүүхдээ жендэрийн хэвшмэл ойлголтоос ангид хүмүүжүүлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?
 
- Жендэрийн хэвшмэл ойлголтыг гэр бүлээс гадна сургуулийн орчин хүүхдэд суулгадаг. Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт нь тухайн хүүхдийг аливаа асуудлыг хүчирхийллээр шийддэг нэгэн болдог. Тиймээс эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид  бид хүүхдүүд дунд хөгжлийн ялгаатай, бэлгийн цөөнх гэх мэт олон янз байдлыг хүндэтгэн үзэж, бусдыг ойлгож хайрладаг хандлагыг хүүхдүүдэд багаас нь суулгаж өгөх ёстой.
 
Өөр нэг жишээ гэвэл бага ангийн сурах бичгийн агуулгыг нэрлэж болно. Жендэрийн мэдрэмжгүй зураг, текст нь жендэрийн хэвшмэл ойлголтыг ухамсаргүйгээр хүүхдийн тархинд суулгаж, улмаар лавшруулдаг. Өөрөөр хэлбэл, эмэгтэйчүүдийг гэрийн ажил хийх, үнээ малаа саах, хүүхдээ асарч байгаагаар харуулдаг бол эрэгтэй хүнийг ар гэрээ тэжээгч, манлайлагч байдлаар жишээ татах нь олонтаа. Тиймээс нэн ялангуяа сурах бичгийн агуулга боловсруулахад хэвшмэл ойлголт төрүүлэхээс урьдчилан сэргийлэх үүднээс жендэрийн мэргэжилтнийг  ажиллуулах шаардлагатай.  
 
Мөн эцэг эхчүүд өөрсдөө жендэрийн хэвшмэл ойлголтоосоо салж, хүүхдэдээ өөрсдөө зөв үлгэрлэх, сурах бичгийн агуулгыг  жендэрийн мэдрэмжтэй болгох, сургалтын хөтөлбөрт жендэрийн агуулгыг тусгаж өгөх, олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах нь чухал.
 
- Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь өрх гэрийн амьдрал төдийгүй улс орны хөгжилд  хэр ач холбогдолтой вэ?
 
- Жендэрийн тэгш байдлыг хангахыг хүндрүүлж ойлгох шаардлагагүй, тун энгийн зүйлээс эхэлдэг. Гэр бүл, боловсролын институц, ажлын орчинд дээр дурдсанчлан тэгш байдлыг хангах боломжтой.
 
Аливаа байгууллагын стратегид  эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээг харгалзан үзэж, тэдний оролцоо тэгш хангагдаж буй эсэх, ашиг шимийг эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн хэн нь  хүртэж байна  зэргийг анхаарах нь  зүйтэй.
 
Бодлогын түвшинд жендэрийн мэдрэмжтэй бодлого, хөтөлбөр баталж хэрэгжүүлэхийн тулд жендэрийн тэгш байдал ямар түвшинд байгааг судлах, хүйсээр ангилсан мэдээлэл цуглуулах шаардлагатай. Үүний ач холбогдол нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгмийн харилцаан дахь тэгш оролцоог хангахад нөлөөлж буй хүчин зүйл, хэрвээ оролцоо тэгш бус байвал тэгш байдлыг хангах жендэрийн мэдрэмжтэй  арга хэмжээг даруй авах нь чухал ач холбогдолтой.
 
- Жендэрийн хэвшмэл ойлголтын халахын тулд бид юунд анхаарал хандуулах ёстой вэ?
 
-Сүүлийн үед ялгаварлан гадуурхалтын олон төрлүүд ажиглагдаж байна. Тухайлбал, ажлын ярилцлагын үеэр, ажил олгогч танай гэр хаана байдаг вэ гэж асуух, гэр нь хотын төвд ойрхон байдаг бол ажилд авах, хол захын гэр хороололд байдаг бол ажилд авахгүй байх хандлага хүртэл бий болж байна шүү дээ. Хүн хаана амьдрах, бусдаас өөр байгаа нь  ялгаварлан гадуурхагдах шалтгаан болох ёсгүй.
 
Ялгаварлан гадуурхалт, жендэрийн хэвшмэл ойлголт, тэгш бус байдлыг халах, гэр бүлийн орчинд тэгш байдлыг хангахын тулд аль нэг хүйстоноосон ажил үүрэг, ялгавартай хандлагаа өөрчлөх, мөн боловсролын тогтолцоонд жендэрийн мэдрэмжтэй хандлагыг суулгах шаардлагатай. Түүнчлэн олон нийтэд хандсан кампанит ажлыг тогтмол хийх ёстой.
 
- Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох хүчин чармайлтад Familycenter.mn мэдээллийн платформ ямар өөрчлөлтийг авчирна гэж та харж байна вэ?
 
-Familycenter.mn нь хосуудад гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, тэдний эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхэд томоохон өөрчлөлтийг бий болгоно гэж итгэж байна. Цаашлаад жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл үйлдэгдсэн тохиолдолд авах арга хэмжээ, хаана хандах зэрэг мэдээлэл, зөвлөгөө, тусламжийг цаг алдалгүй үзүүлэх мэргэжлийн найдвартай эх сурвалж болж байгаагаараа үлэмж ач холбогдолтой төсөл юм. Хүчирхийллийг үйлдэгдсэн хойно нь арга хэмжээ авах биш үйлдэгдэхээс өмнө нь урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид энэ сайтад хандан мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчаас туслалцааг цаг алдалгүй авах боломжийг хангаснаар нэн онцлог болж байна. Энэ нь урт хугацаандаа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийлэлд хохирогчийг буруутгахгүй байх, тэдэнд түргэн шуурхай туслалцаа, үйлчилгээ үзүүлэх хандлагыг нийгэмд төлөвшүүлэх үр нөлөөтэй.
 
- Төслийн зөвлөхийн хувьд Familycenter.mn-ийн контентийн агуулга талаас юуг онцлох вэ?
 
- Тус вэбсайтаар олон нийтэд хүрч буй нийтлэл, видео гээд бүх төрлийн контентийн агуулга хийцлэл нь жендэрийн мэдрэмжтэй байдлыг хангаж, энэ соёлыг олон нийтэд төлөвшүүлэх, тэдгээрийнжендэрийн талаарх зөв ойлголтыг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. Ингэснээр жендэрийн мэдрэмжтэй байдлыг нэмэгдүүлж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
-Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье.