Сүүлийн жилүүдэд хосуудын тодорхой хэсэг нь гэрлэлтээ бүртгүүлэн албан ёсоор гэр бүл болж байгаа бол ихэнх хосууд гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарч байна.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэрлэлт гэдэг нь 18 насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг / Гэр бүлийн тухай хуулийн 3.1.1 дэх хэсэг/ хэлдэг. Харин гэрлэлтийн гэрчилгээгээ аваагүй боловч гэр бүл болсон хүмүүсийг энгийнээр хамтран амьдрагч гэж нэрлэдэг.
Гэрлэгчид бүл цуцлах, хамтран амьдрагчид хамтын амьдралаа дуусгавар болгож буй тохиолдолд хүүхдийн эрх ашиг хамгийн их хөндөгдөж байдаг тул хүүхдэ хэн нь өөрийн асрамжиндаа авах, хэрхэн тэжээн тэтгэх талаар эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулдаг / Гэр бүлийн тухай хуулийн 38.2 дахь хэсэг/. Нэгэнт л эцэг, эх болсон бол насанд хүрээгүй, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ.
Харин эцэг, эх нь харилцан тохиролцож гэрээ байгуулж чадаагүй бол тэтгэлгийг шүүхээр тогтоолгодог. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохдоо тэтгэмж өгөх үүрэгтэй эцэг/эх –ийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргана. Нэхэмжлэлийг гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ.
1. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн /
2. Гэрлэлтийн баталгааны хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн /
3. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн/
4. Хүүхэд сургуульд суралцдаг бол сургуулийн тодорхойлолт
5. Ам бүл, ажил байдлын талаар хороо, багийн Засаг даргын тодорхойлолт
6. Харьяа өрхийн эмнэлэг, эмчийн тодорхойлолт
7. Улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг тушаасан баримт гэх мэт бусад шаардлагатай баримтын хамт гаргаж өгнө.
Шүүх хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр олгохоор тогтооно тогтооно.
1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар:
2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр
3. Цалин хөлснөөс өөр орлогогүй этгээдээс тэтгэлэг гаргуулах тохиолдолд хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Хүүхдийн тэтгэлгийг мөнгөн хэлбэр эсвэл эд хөрөнгөөр олгож болох бөгөөд сар, улирал, хагас жил, бүтэн жилээр, эсхүл нэг удаа бөөнд нь олгож болно. Хэрэв тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болдог. Тухайлбал, 18 нас хүртэлх хугацаанд нийт хэдэн төгрөг төлөхөөс, төлөгдөөгүй үлдсэн нь хэд вэ? гэдгийг бодоод дээр нь алданги тооцоод нэхэмжлэх боломжтой.
Харин тэтгэлэг нөхөн төлүүлэхэд тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг тогтоох боломжгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтална. Тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг буюу бүхэлд нь нөхөн төлүүлэхээс шүүх чөлөөлж болдог.
Тэтгэлэг төлөгч нь шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэгтэй бөгөөд алдангийн нийт хэмжээ нь төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Мөн тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй /100,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.