Хүчирхийлэлд цэг тавьснаар айдасгүй, ирээдүйг гэгээнээр төсөөлөн, хүүхдүүдтэйгээ сэтгэл тайван амьдарч байна
Нийтлэлч: Familycenter.mn

Даван туулагчийн түүх

Надад юм бүхэн байсан. Гэрэл гэгээ цацруулсан харц, баяр баяслыг урин дуудсан инээд, үл холдох залуу нас, ирээдүйгээ цав цагаахнаар төсөөлсөн мөрөөдлүүд байсан. Залуу нас хайр сэтгэл хоёр ихэр байдаг учир айлын эхнэр, хүний гэргий болсон нь 2003 он. Хүнтэй сууж, гэргий хэмээгдэх болсноос хойш цагаан бүхэн минь саарал, бүр сүүлдээ тас харанхуй болж хувирсан.

Аз жаргал, амьдралын нэг хэсгээ оллоо хэмээн бодсон тэр өдөр ирээдүйд намайг том ангал нүх хүлээж байсныг би яахан мэдэх билээ. Хэрвээ өнгөрснийг буцааж чаддагсан бол түүний гэргий гэгдэх болсон тэр өдрийг эхлүүлэхгүй байсан. Гэрлэлтийн эхний жил хардалт хэмээх хар манангийн сүүдрээр цоожтой гэрт хуруун чинээ хүүгээ тэврэн уйлж суусан нь олон.

Торон цонхтой цоожтой хаалганы цаана би дөрвөн жил суусан. Өглөө ажилдаа явахдаа түгжинэ. Орой л ирж онгойлгоно. Хүүхдүүдээ өсгөх нь аз жаргал байдаг ч нөхрийн доромжлол, зодуур, гаж үйлдлийн боол болж амьдарсан гэхээр ухамсарт нэгний ой тоонд буухгүй л байх. Өдөр бүр л нөхрийнхөө ааш авирыг засрах байх, хүүхэдтэй болохоор өөрчлөгдөнө гэж итгэж найдна. Манай гэр бүл бусдын нүдэнд дутах зүйлгүй сайхан айл. Халамжтай хань, сайн аав, амьдралаа авч яваа эр хүн. Гэвч тэр дөрвөлжин байшин доторх амьдрал ганцхан хүний харцан дор үргэлжилнэ. Би гэр бүлийнхээ асуудлыг бусдад ил гаргахыг зориглоогүй, эр нөхрийнхөө муу муухайг олонд дэлгэхийг хүсээгүй. Энэ дарамтаа бусдаас тас нууж, зүрхэндээ нулимстай амьдарсан. Зулай зулайгаа гишгэн төрсөн хүүхдүүд минь цэцэрлэг, сургуульд орохтой зэрэгцээд нөхрийнхөө ажилд дэм болж, гэрээр юм оёж, зарж борлуулдаг болов.

Би элэг бүтэн амьдралын төлөө өөрийн биеэ хайрлаагүй, гаргуунд хаясан. Амь биш заяа биш хэмээн зориг гаргаж хотод байдаг ээж рүүгээ явахаар вагонд суутал нөхөр газрын хаанаас намайг явах гэж байгааг мэдсэн юм бүү мэд хүрч ирээд чирсээр буулгаж, “надаас салснаас үхсэн нь дээр” гэж вагон доогуур хийхээр чирч байсныг хавь ойрын хүмүүс арай гэж салгаж байсан.

Би гэдэг хүн ирээдүйгээ нэг ч удаа гэгээнээр харахаа больж өлбийсөн нэгэн болсноо ч анзаараагүй. Энэ их дарамтыг хүүхдүүдээ эцэгтэй нь байлгая, гэр бүлийнхээ нэр хүндийг хамгаалъя гэж тэвчсээр байсан... Гэтэл миний энэ харалган бодлоос ид цэцэглэж байсан охин минь аль хэдийн тасдуулаад хагдарсан цэцэг болсныг хожуу олж мэдэв. Ээжийнхээ зовлонт амьдралд нэрмээс болохгүй гэж хойд эцгийнхээ бэлгийн хүчирхийлэл дор охин минь 5 жил тарчилж. Эх хүн учраас тэсэх л ёстой хэмээн өөртөө тулгасан он жил намайг төдийгүй охиныг минь тамд унагасан байлаа. Дэндүү хайхрамжгүй явж дээ.

Даанч хааяа охинтой минь утсаар ярихдаа биений юм нь ирэх болж байна уу, найз бандитай болоо юу зэргээр хот руу сургуульд явсан хойгуур ярьж асуудаг байсныг анзаардаггүй ч байж. Энэ бүхнийг хэрээс хэтэрснийг ойлгож өөрийнхөө гараар бүтээсэн энэ амьдралдаа цэг тавихаар шийдэж мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг байгуулагад хандаж, гэрлэлтээ салгуулж, охины хэргээр хууль шүүхийн байгууллагад хандсанаар нөхөрт холбогдох хариуцлагыг хүлээлгэсэн. Хий хоосон дүр эсгэж, эр нөхрийнхөө нэр төрийн төлөө олон үнэт зүйлсээ алдаж байсандаа их л харамссандаа.

Өнгөрсөн он жилүүдэд яагаад ийм шийдвэр, ийм зориг гаргаж чадаагүй юм бэ, гэж өөрөөсөө олон удаа асуусан. Зоригтой алхмыг аль болох эрт хийсэн бол миний охины нүүрэнд айдас, гуниг бус, яг л ээжийнхээ залуу насны эхлэл шиг инээд хургаж байх байсан.

Гэвч өнөөдөр би хүүхдүүдтэйгээ айдасгүй, ирээдүйг гэгээнээр төсөөлөн, сэтгэл тайван амьдарч байна. Хайрыг хайр гэж харахгүй дэлгэсэн зүрх, гаргасан сэтгэл дээр минь дураараа туучиж байсан тэр хүнийг би өөрчилж чадахгүйгээ ухаарсан.