Сэтгэл зүйч Н.Рэнжмаа: Гэрлэлтийн “чанарыг” нэмэгдүүлэхийн тулд ДАРААХ зүйлсийг анхаараарай
Нийтлэлч: Familycenter.mn

Гэрлэлт гэдэг бол хосууд хайр сэтгэлээр холбогдож, нийгэм, хууль зүй, сэтгэл санааны хувьд харилцан бие биенийхээ өмнө хариуцлага хүлээх  асар хариуцлагатай шийдвэр байдаг.

 

Жил бүр олон мянган хос гэрлэлтээ баталгаажуулдаг ч олон мянган гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг харамсалтай тоо бий. ҮСХ-ы судалгаагаар 2019 болон 2020 онд оны байдлаар улсын хэмжээнд 34,295 гэрлэлт бүртгэгдсэн бол 7578 гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан статистик гарчээ.

Тиймээс гэрлэхээр төлөвлөж байгаа болон гэрлэсэн хосууддаа гэрлэлтээ хэрхэн чанартай, бат бөх байлгах, хэрхэн эрүүл зөв харилцааг цогцлоох талаар “Гэр бүл анхаарлын төвд” байгууллагын сэтгэл зүйч Н.Рэнжмаатай ярилцлаа.

-”Гэрлэлтийн чанар” гэхээр их сонирхолтой тодорхойлолт шиг санагдаж байна. Гэрлэлтийн чанарыг хэрхэн үнэлэх вэ, бас ямар гэрлэлтийг чанартай гэж үзэх вэ?

-Америкийн гэр бүлийн зөвлөгч, сэтгэл судлаач Давид Олсон “Гэрлэлтийн чанарыг судлах сорил”-ыг гаргасан байдаг. Тус сорилд гэрлэлтийн өдөр тутмын амьдралд нөлөөлж  болох нөхцөл байдлыг тусгаж 12 хүчин зүйлийг оруулдаг.

Үүнд:

  1. Гэрлэлтийн талаарх төсөөлөл,
  2. Гэрлэлтийн сэтгэл ханамж,
  3. Хосын зан төлөвийн нийцтэй байдал,
  4. Эхнэр нөхрийн харилцаа,
  5. Асуудлыг шийдвэрлэх арга,
  6. Санхүүгийн зохицуулалт,
  7. Чөлөөт цаг,
  8. Сексийн амьдрал,
  9. Үр хүүхэд ба гэрлэлт,
  10. Найз нөхдийн харилцаа,
  11. Жендерийн эрх тэгш байдал,
  12. Шашин шүтлэгийн нийцтэй байдал.

Тиймээс эдгээр 12 шалгуур таны хувьд ямар хэмжээнд байна гэдгийг гэрлэсэн хүн бүр өөрөөсөө асууж хувьдаа дүгнэлт хийх боломжтой.

Гэрлэлтийн чанарын үзүүлэлт өндөр байх тусам хосуудын хамтын амьдрал чанартай, бат бөх байх боломжтой. Хувь хүн бүр, хос бүрийн харилцааны чанарын үзүүлэлт ялгаатай байж болно. Тиймээс аль үзүүлэлт нь  гэрлэлтэнд сул байна гэдгийг хараад түүн дээрээ илүү анхаарч ажиллах хэрэгцээтэй гэсэн үг. Гэрлэлт бол гэрлээд л болчихдог зүйл биш.

"Аз жаргалтай гэр бүлийг бүтээхийн тулд цаг үргэлж гэрлэлтдээ анхаарал хандуулж, хичээл зүтгэл гаргах хэрэгцээтэй гэдгийг олон хүн орхигдуулдаг."

-Тэгвэл гэрлэлтийн чанарыг хэрхэн сайжруулж, гэрлэлтэндээ сэтгэл хангалуун байх вэ?

-Зан чанарын ялгаатай байдлаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хувь хүмүүсийн зан чанарын ялгаа, өссөн орчин гэр бүлийн нөлөө, амьдралын туршид туулсан туршлага, бие хүний онцлог, сэтгэл зүйн хэрэгцээ  зэрэг ялгаа их байдаг. Эхнэрээ, нөхрөө өөрөөс тань ялгаатай гэдгийг хүлээн зөвшөөрөх нь их чухал. Ихэнх хосуудын хувьд нөгөө хүнээ өөртөө нийцүүлж, өөрчлөхийг их хүсч байгаа нь ажиглагддаг.

Хосууд хүүхэдтэй болох юм бол аав, ээж болсондоо баярлаж, хүүхдэдээ бүхий л анхаарал, хайр халамжаа хандуулж эхэлдэг. Энэ нь мэдээж зөв,  эцэг эхийн хийх ёстой зүйл. Гэсэн хэдий ч та эхнэр, нөхөр гэдгээ мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл хүүхдэдээ л хайр халамжаа үзүүлээд ханиа мартаж, орхиж болохгүй. Аав ээж нь бие биендээ санаа тавьж, анхаарч, хайр халамж үзүүлж байгааг хүүхдүүд харж өсөхдөө бусдыг мөн ийнхүү хайрлаж халамжлах учиртайг суралцаж байдаг. Ээж аав нь нэгнийгээ хайрлаж байгааг харсан хүүхэд аюулгүй тайван мэдрэмжийг авч өсдөг. Тиймээс хүүхэдтэй хосууд маань заримдаа хүүхдээ найдвартай хүнд түр харуулаад хоёулхнаа байх цаг гаргах, зугаалах, болзох, ярилцах цаг тогтмол гаргаж байгаарай.

Гэр бүлд маргаан, асуудал гарах нь хэвийн үзэгдэл. Ийм үед эхнэр нөхөр хоёр муудалцаж, маргалдаж байх үедээ нэг нэгнийгээ “дайсны тал” мэтээр хардаг. Өөрийн зөв, нөгөө хүнийхээ буруу гэдгийг батлахын тулд хэт “давшлах”, ялан дийлэхийн тулд “улайрах” зэрэг үйлдэл нь сэтгэлийн шархыг дагуулдаг. Гэтэл  гэр бүлийн харилцаанд ялалт, ялагдал гэж байхгүй. Нэг нэгэндээ дасч, нэг хүн шиг болсон байдаг тулд нэг нь өвдөхөд нөгөө нь ч өвдөнө. Тиймээс л нэг баг, хамтрагч гэдгээ маш сайн ойлговол “сэтгэлийг шархлуулах” үйлдэл хийх эсэх дээр болгоомжтой байх болно шүү дээ.

-Монгол залуучуудын “гэр бүл” гэх ойлголтод хандах хандлага, төлөвшил ямар байна вэ?

-Гэрлэсэн хосууд бие биенийгээ хайрлан дурлаж, амьдралынхаа туршид бие биедээ хань болохоор шийдвэр гаргасан байдаг. Гэтэл судалгаагаар жилд дунджаар 10 гэрлэлтийн 2 нь салж байна. Сүүлийн жилүүдэд гэр бүл салалтын тоо эрс өсөж байгаа нь маш олон шалтгаантай. Нийтлэг шалтгаан нь архидалт, хардалт, гэр бүлээс гадуурх харилцаа, гэр бүлийн хүчирхийлэл, санхүүгийн асуудал, харилцаа, үзэл бодлын зөрчилдөөн байдаг.

Манай улсад гэрлэсэн хосуудаас гадна хамтран амьдрагч хосууд их бий. Гэрлэнэ гэдэг бол үнэтэй хурим найр хийхдээ биш, хуулийн өмнө насан туршдаа нөгөө хүнийхээ өмнө хариуцлага хүлээнэ гэсэн амлалт, хариуцлага дагалдаж байдаг. Зарим залуусын хувьд хуулийн үүрэг хариуцлагаас зугтах, энэ хүнтэй хэсэгтээ амьдарч үзэж байгаад бүр болохгүй бол салчихна гэдэг ухвархан бодол их тээж буй мэт санагддаг. Тэгэхээр залуусын гэр бүлийн амьдрал зохиох нас нь болохоос өмнө ахлах ангид нь эсвэл оюутнуудад энэ талаарх зөв ойлголт, гэр бүлийн боловсрол олгох хэрэгтэй. Үүнээс гадна аль хэдийн гэр бүл болсон хүмүүсийн хувьд харилцааны асуудлаа хэрхэн шийдэх, сэтгэл зүйн хэрэгцээний ялгаатай байдал, хүүхэд хүмүүжлийн арга гэхчлэн амьдралд нь хэрэгтэй сургалт зөвлөгөө улсаас зохион байгуулж, гэр бүлүүдийг өргөн хүрээнд хамруулбал мэдэхгүй зүйлээ мэдэж авч, гэрлэлтдээ илүү анхаарал тавих боломжтой санагдаж байна. Үүнээс гадна илүү өргөн хүрээнд  олон арга хэмжээ авч ажиллах хэрэгтэй

-Гэр бүл салалтын үр нөлөө, хор уршиг нь юу вэ?

-Салалт нь хосуудын аль алинд нь сэтгэл зүйн төдийгүй бие махбодид сөргөөр нөлөөлдөг бөгөөд эцэг эх нь салсан хүүхдүүдэд ч сэтгэл зүйн асуудлыг дагуулдаг.

Салалтаас үүдэн хүмүүсийн бие махбодын эрүүл мэндэд дархлаа суларч, өвчлөмтгий болох,  эрэгтэй хүмүүсийн хорт хавдар болон зүрх судасны өвчлөл тусах магадлал өсдөг. Жингийн хувьд өөрчлөлтөд орох (нэмэх эсвэл хасах), зүрхний шигдээс болох, цус харвах нь ихэсдэг.  Эмэгтэйчүүд эрчүүдээс илүү зүрхний шигдээс болдог нь стресс удаан хугацаанд үргэлжилж, дархлааг бууруулдагтай холбоотой. Хоол боловсруулах систем доголдож, бодисын солилцоо алдагддаг.

Салалтаас үүдэн хүмүүсийн сэтгэл зүйд гэм буруутай мэдрэмж, ганцаардал, сэтгэл түгших, стресс, сэтгэл хямрал, гутрал, нойргүйдэл, мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэх зэргээр нөлөөлдөг.

Салалт нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь нийтлэг санхүүгийн болон эрүүл мэндийн асуудлыг бий болгодог. Зөвхөн хосууд хохирол амсаад зогсохгүй салалтад хүүхдүүдийн сэтгэл зүй маш ихээр хохирдог. Тиймээс хосууд гэрлэлтийн чанартаа анхаарал хандуулж, аз жаргалтай гэр бүлийг бүтээхэд хичээл зүтгэл гаргаж, гэрлэлтэд нухацтай хандах хэрэгтэй юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд бат бөх, эрүүл харилцаатай, чанартай гэр бүлийг хэрхэн бүрдүүлэх талаар товчхон зөвлөгөө өгвөл?

-Гэрлэлтийн чанар гэдэг нь угтаа гэрлэлтийн эерэг болон сөрөг зан үйлийн тэнцвэрийг хэлж байгаа бөгөөд эерэг утгаар гэрлэлтийн чанарыг гэрлэлт дэх сэтгэл хангалуун байдал, гэрлэлтийн аз жаргал гэж тодорхойлж болно. Гэрлэлтийн чанарыг сайжруулахын тулд эхнэр нөхөр хоёулангаас нь хичээл зүтгэл, идэвх санаачлага гаргах шаардлагатай.

"Хосууд гэрлэлтийн талаарх ойлголт, хүлээлтээ нэг болгох нь их чухал байдаг. Аль аль нь өөрсдийн өссөн гэр бүлээсээ үлгэр загвар авсан байдаг тул зөрүү их үүсдэг. Тиймээс нөхөр эхнэр бие биенээсээ юу хүсэж хүлээдэг талаараа нээлттэй ярилцаж ойлголцох, бие биенийхээ үзэл бодлыг хүндлэх, эрх тэгш харилцааг хадгалах нь хамгаас чухал."

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.