Хамт инээх үедээ хүмүүс нэг нэгэндээ илүү ТАТАГДДАГ
Нийтлэлч: Familycenter.mn

Инээ. Дэлхий чамтай хамт жаргана. Уйл. Чи ганцаараа зовно гэдэг зүгээр ч нэг энгийн үг биш бололтой. “Psychologies” сэтгүүл шинэхэн дугаарынхаа нүүрэнд “Хамтдаа инээж харилцаагаа сайжруул” гэсэн уриаг тунхаглажээ. Судлаачдын хэлж байгаагаар хүмүүс хамтдаа инээх үедээ илүү ихээр нэг нэгэндээ татагддаг ба, хосуудын харилцаа бат бөх болдог байна. Амьдар, Инээ, Хайрла. Аз жаргалыг мэдэр.

ТАВЬЖ ЯВУУЛ!

Инээх. Яг үнэндээ бусдын юу гэж бодож байгаа бол гэдэгт санаа зовдог хүмүүс чин сэтгэлээсээ инээж чаддаггүй. Чин сэтгэлээсээ инээж сурахын тулд энэ бодлоо “таягдан хаяж”, тавьж явуул гэж Их Британийн инээдийн йогийн мастер, дасгалжуулагч  Лотте Миккелсен зөвлөжээ. Тэрээр “Хүмүүс үргэлж л нэг нэгнийгээ шүүж байдаг. Угтаа энэ байдлаасаа чөлөөлөгдөж чадсан газар хүмүүс маш их баяр баясгалан, инээд хөөрийг мэдэрч чадна” гэжээ.

Та хайрттайгаа танилцаад удаагүй байж магадгүй, эсвэл хэдэн арван жилийг хамт үдсэн ч байж магадгүй. Аль нь байхаас үл хамааран, романтик хайрыг хэлбэржүүлэгч хамгийн хүчтэй зүйл нь хосуудын хошин шогийн мэдрэмж юм. “Инээх чадвар” нь хамтдаа амьдралын олон саад бэрхшээлийг туулах үед болон хамтдаа ууланд алхах, замын түгжрэлд гацахад ч чухал. Гэхдээ энэ нь албадан хөгжилтэй байхыг хэлээгүй. Харин энгийн баяр баясгалан- хувийн орон зайг хүндэтгэсэн гэнэхэн хошигнол, хачин марзагналууд, гэдсээ хөндүүрлэтэл инээлдэхийг л хэлж байгаа юм шүү.

Та хайртай хүнээ нүдэнд нь оч үсэртэл аз жаргалтайгаар инээлгэх агшиндаа, яагаад түүнд дурласнаа илүү гүнзгий мэдрэх болно. Сэтгэл татам байдлын гол урьдач нөхцөлийн нэг нь инээмсэглэл гэж Belly Laughter In Relationships номын зохиолч Enda Junkins онцолжээ. Тэрээр “Инээд бол харилцааг хамгийн найдвартай бат бэх болгогч “цавуу”. Инээлдэж байх үедээ бид нэг “зурвас”-т байгаагаа мэдэрч, эерэгээр харилцах боломжийг бүрдүүлдэг гэв. Товчхондоо бид эерэг харилцаатай байхдаа хамтрагчдаа татагдаж, инээлдэж байхдаа бие биендээ илүү ихээр дурладаг байна.

           

Мэдээж амьдралд олон саад бэрхшээл, нугачаа тохиолдоно. Үргэлж инээмсэглэх нь утгагүй хэрэг хэдий ч, асуудлыг хэт ноцтойгоор хүлээж авч, хүндрүүлэх нь инээмсэглэл, баяр хөөрийг “үргээж” орхидог. Харин эрүүл харилцаатай хосууд, харилцааны хүнд үе тохиолдоход  ч хөнгөн марзагнал, хошин үйлдлээрээ харилцаагаа “аварч” чаддаг. Асуудалд заавал уур хилэн, уйтгар гуниг, нулимс дагуулах албагүй. Аливаа зүйлийн ач холбогдлыг бууруулахгүйгээр, хамтдаа инээлдэж болох бөгөөд хосууд инээлдэж байх үедээ асуудлыг илүү хөнгөн хүлээж авч, нэг нэгэндээ нээлттэй, бүрэн итгэлтэй харилцаж чаддаг. Болзооноосоо хоцрох, байрны зээл, хүүхдийн хэрэглээний зардал гээд юу ч тохиолдож байсан уур амьсгалаа мэдэрсэн хөнгөхөн хошигнолоор таагүй мэдрэмжүүдийг үргээх боломжтой.

ХЭРХЭН: ОДОО ХАРИЛЦААГАА “БҮҮСТЛЭЕ”

ДУРСАМЖАА СЭРГЭЭ, ДУРСАН САНА

Хамтдаа гэдсээ өвдтөл инээсэн жаргалтай мөчөө эргэн санаарай. Эдгээр мөчүүдийнхээ талаар хайртдаа хэлж, хөгжилд. Хэрвээ та хамтрагчдаа өөр лүү тань инээмсэглэх нөхцөлийг бүрдүүлбэл, тэр эргүүлэн өөрийн мартагдашгүй түүхээ хуваалцах болно.

ХҮҮХЭД ЗАНГАА ЭРГЭН АВЧИР

Сэтгэл засалч Lizandra Leigertwood, “Хүмүүс нас ахих тусам, хувийн болон нийгмийн асуудлуудтай нүүр тулж инээх нь багасдаг. Гэсэн хэдий ч та өөрийгөө аз жаргалтай болгож, өөрийгөө халамжлахын тулд харилцаандаа хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Гэхдээ энэ өөрийгөө хайрлаж байгаа хэрэг бөгөөд, өөрийн хүүхэд зангаа сэргээж, өөрийнхөө хэрэгцээ, хүслийг сонсож, дуртай зүйлээ хийгээрэй. Өөртөө сэтгэл хангалуун байх тэр дүр төрхийг бүтээснээр, та харилцаандаа сэтгэл хангалуун байх болно. Харилцаандаа сэтгэл хангалуун, “хувийн” аз жаргалтай байх нь хосын харилцааг илүү бэхжүүлнэ гэдгийг битгий мартаарай.

ЗОГСОО: ДЭЛГЭЦИЙН РОМАНС

Та хоёрын таалалд нийцдэг хошин шог, инээдмийн кино байдаг бол хамтдаа үзээрэй. Гэхдээ “жинхэнэ” инээд “аяндаа”, “тэнэг”, “онцгой” байдаг. Анхаарал сарниулах элдэв зүйлгүйгээр цагийг хамтдаа өнгөрүүлж байх үед “жинхэнэ”-ээсээ инээх боломж илүү олон тохиолддог гэж сэтгэл засалч Хилда Берк зөвлөжээ.

ТӨВЛӨР: ЭЕРЭГ ЗҮЙЛД ХАРЦАА ТУСГА

Та яг одоо хэлж чадах уу. Таны дурлалт залуу, нөхөр, хамтрагч юунд нулимсаа гартал инээдэг вэ. Харилцаагаа гайхалтай аз жаргалтай болгоход туслах нэгэн дасгалыг сэтгэл судлаач Лейгертвуд зөвлөж байна. “Та өөрийн болон хамтрагчаа юунд инээж, яаж инээлгэдэг гэдгийг ажиглаад, тэмдэглэл хөтлөөрэй. Бие биенийгээ илүү сайн мэдэх тусам хамтдаа инээх нь илүү их болж, бас олон удаа давтагдана. Эерэг зүйлд, инээмсэглэлд харцаа тусгаж, үүнд цаг хугацаагаа зарцуулаарай.

Тэдэнтэй онцгой мөчүүдээ хуваалцаж, хайртынхаа хэлээр ярилцаж сурах нь таны хайр сэтгэлийн харилцааг гайхалтай сайжруулахыг та богино хугацаанд харах болно.

ДАСГАЛ: АЗ ЖАРГАЛД СУРАЛЦ

Жаргалтай байхын тулд жаргах боломжтой гэдэгт итгэх хэрэгтэй. Айл бүхний аз жаргал ижил асуудал, зовлон ондоо байдаг гэдэг. Их Британид “аз жаргалын зөвлөх” мэргэжлийн эрэлт хэрэгцээ ихсэж байгаа бөгөөд, аз жаргалын зөвлөх Женни Жонс биеийн дасгал хийж биеэ эрүүл байлгадаг шиг, инээх дасгал хийж инээмсэглэх чадвараа хөгжүүлэхийг зөвлөжээ. Инээх булчингийн дасгал нь хийхэд маш амархан өгөөд, эхлээд та чөлөөтэй орон зайд очиж зогсоорой. Тэгээд эерэг зүйлсийг бодож, гүнзгий амьсгал. Дараа нь сөрөг зүйлсийг бодоод гүнзгий амьсгалаарай. Дараа нь сөрөг зүйлсийг бодохдоо архирах чимээ гаргаж, эерэг зүйлсийг бодохдоо зүүн тийшээ харж, баруун тийшээ харж инээмсэглээрэй. Инээмсэглэж байхдаа хөгжилтэй бүжиг хийгээрэй. Энгийн, этгээд, сонирхолтой мэт боловч гайхалтай үр дүнг танд авчирна.

АЖИГЛА: ТЭДНИЙ ХЭРХЭН ХИЙЖ БАЙГААГ АНЗААР

Сайхан харилцаатай, аз жаргалтай хосуудыг ажиглахыг харилцааны зөвлөх Адамс зөвлөж буй юм. Тэд таны мэдэх алдартай хосууд, эсвэл найзууд гээд хэн ч байж болно… Тэд цагаа хэрхэн өнгөрүүлж байна, хэрхэн хөгжилдөж байна, өөрсдийгөө яаж илэрхийлж байна… Та тэдний юу танд таалагдаж байна, харилцаандаа үүнийг туршиж үзэхэд гэмгүй.

Бид хайртай хүнээ аз жаргалтай байлгавал бидэнд дурлана, биднийг хайрлана гэж боддог. Гэтэл яг үнэндээ хүмүүс аз жаргалтай, инээж байгаа хүнд илүү ихээр татагдаж, тэднийг илүү ихээр хайрладаг байна. Өөрийгөө хайрлаж чаддаг хүн бусдыг хайрладаг.

Эх сурвалж: Psychologies сэтгүүл