Даван туулагчийн түүх: ТЭМЦЭЛ ХЭЗЭЭ Ч оройтохгүй

Манайх Дархан хотод амьдардаг байлаа. Би айлын долоон хүүхдийн хоёр дахь нь болж мэндэлсэн. Миний бага нас архины хамааралтай аавынхаа хүчирхийлэл дарамт, айдас дунд өссөн. Ээжийгээ хамгаалан олон ч шөнө бид нуугдаж, зугтаж өнгөрүүлсэн дээ. Тэр нэгэн өдөр Монгол улсын хамгийн сайн циркийн сургуульд суралцагч шалгаруулж авах зарыг харсан юм.

 

Энэ тухайгаа гэрийхэндээ хэлэхэд аав маань намайг дагуулж Улаанбаатар хотод ирж шалгаруулалтад оролцуулсан. Ингээд 550 хүүхэд оролцсноос хоёр хүүхэд шалгаруулж авахад азтай тохиолдлоор би тэнцсэн юм.

Суралцаж байх хугацаандаа нагац эгчийндээ амьдардаг байлаа. Надтай яг л боол зарц шиг их л дээрэлхүү хандана. Эцэс төгсгөлгүй дарамт, хүнд хэцүү бэрхшээлийг дуусгах гарц нь сургуулиа амжилттай суралцаж төгсөх гэж бодсон учир бүхнийг тэвчин өнгөрүүлж билээ.

Ингээд суралцаж байх хугацаандаа анхны хайрттайгаа 16-н насандаа танилцсан бөгөөд бид хамтдаа циркт ажилладаг байлаа. Тэр их царайлаг, хүчирхэг, сэтгэл булаам залуу байсан. Би одоо л намайг аюулгүй байлгаж чадах хүн оллоо гэж бодсон. Би гэрлэх тухайгаа бусадтай хуваалцахад ээж, циркийн захирал хоёр түүнийг сайн нөхөр болж чадахгүй гэж анхааруулсан. Гэхдээ би түүнд хайртай болсон учраас тэдний анхааруулгыг тоогоогүй өнгөрсөн. Гэвч тэдний зөв байсан.

Бид хуримаа хийж, амьдрал эхэндээ сайхан байсаан. Гэрлээд удаагүй байтал бор дарсанд дурлан, үе үе зодох болж, айдастай амьдрал минь эхэлсэндээ. Тухайн үед Монголд хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг хамгаалах байр байхгүй байсан. Тэр намайг зодож эрүүг минь хугалсны дараа би зугатах гэж оролдсон ч зодоод буцаагаад гэртээ авчирдаг байсан. Хүмүүст өөрчлөгдөнө гэж амласан ч хэзээ ч түүндээ хүрч байгаагүй. Надад туслах хүн байгаагүй учир аймшигт 7-н жилийг өвдөлт дарамттай өнгөрүүлсэн. Би ганцаардаж, маш их сэтгэлээр унаж байсан. Гэхдээ би хүүгийнхээ төлөө амьдрах хэрэгтэй байсан.

Нэг өдөр АНУ-ын циркийн жүжигчид Монголд ирсэн. Тэд миний тоглолтыг сонгож, тэдэнтэй хамт АНУ-д очиж 2 жил тоглолт хийх санал тавьсан. Би ч зөвшөөрсөн. Гэхдээ 5-н настай хүүгээ орхиж явахгүй гэдгээ хэлсэн. Ямар эх хүн хүүгээ хүчирхийллийн дунд орхиод явах билээ. Аз болоход тэд миний хүсэлтийг зөвшөөрсөн. Ингэж доромжлол гутамшиг, хүчирхийлэл мэдэрсэн 7 жил минь төгсгөл болсон юм.

Би хүүгийнхээ болон өөрийнхөө төлөө шинэ, аюулгүй, аз жаргалтай амьдралыг эхлүүлсэн. Өнөөдөр би хүүдээ эмэгтэйчүүд болон хүүхдүүдтэй яаж зөв харьцахыг зааж өгч байна. Тэр минь бусадтай их эелдэг, зөөлөн, хүндэтгэлтэй харьцдаг. Бид одоо л үе дамжсан гэр бүлийн хүчирхийллээс салж чадлаа. Би үүгээрээ их бахархдаг. Өөрийн биеэр туулж өнгөрүүлсэн тэр амьдралаар минь одоо ч хүмүүс амьдарч байгааг харахад сэтгэл үнэхээр их өвддөг. Монголчууд бид үр хүүхдүүдээ багаас нь зөв хүмүүжүүлж, хүчирхийлэгч бус, бусдыг хайрлаж энэрч, хамгаалдаг хүмүүс болгон өсгөх учиртай.

Мөн хүчирхийллийг өөгшүүлэгч бус, үүнийг зогсоохын төлөө тэмцэгч байж, хөршөө өөрийн адил хайрладаг байхыг уриалж байна.

Одоо би АНУ-д ажиллаж, амьдардаг мэргэжлийн циркийн жүжигчин, багшаар ажиллаж байгаа 50-н настай аз жаргалтай хүчирхэг, үзэсгэлэнтэй, ухаалаг Монгол эмэгтэй болсон. Миний инээмсэглэл чин сэтгэлийнх, би өөрийнхөө үнэ цэнийг ойлгож ухаарсан агаад одоо хэн ч надтай хүч хэрэглэн харьцах ёсгүйг ойлгосон.

 

Хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй эмэгтэйчүүд та бүхэн бүгд үзэсгэлэнтэй, хайрыг хүртэх эрхтэй. Өөрт чинь тийм их зориг, хүч нуугдаж байгаа. Өөртөө итгээрэй. Өөрийнхөө болон үр хүүхдүүдийнхээ төлөө ухаалаг байж чадна. Тэмцэл хэзээ ч оройтохгүй шүү.