Гэрийн ажлыг зөвхөн эмэгтэйчүүд хийх ёстой гэсэн хэвшмэл ойлголттой хүмүүс нийгэмд цөөнгүй бий.
Хосууд хоёулаа ажил эрхэлдэг ч орой гэртээ нөхөр нь буйданд тухлан телевиз үзэж, эхнэр нь хоол хийх, аяга таваг угаах, гэр цэвэрлэх, хувцас угаах, хүүхдээ саатуулах гээд эмэгтэйчүүдийн хөлсгүй хөдөлмөрт зарцуулах цагийг багасгах, жендэрийн эрх тэгш биш байдлыг тэнцвэржүүлэх үүднээс Испани улсын нэгэн сургууль хөвгүүдэд гэрийн ажлыг заадаг байна.
Montecastelo сургууль хичээлийн хөтөлбөртөө хоол хийх, үйл урлах, хувцас индүүдэх, гэр цэвэрлэх зэрэг ажлыг тусгажээ. Түүнчлэн сургуулийн зүгээс эр хүний хийвэл зохих цахилгаан болон сантехникийн мэдлэг олгохоос гадна мод төмөр зэргээр ахуйн хэрэгслүүд хийх зэрэг чадварыг хөвгүүдэд олгохыг зорьдог байна. Энд онцлох хамгийн чухал зүйл нь сургууль уг хичээлүүдийг сургахдаа хөвгүүдийн эцэг эхчүүдийг, тэр дундаа аавуудыг оролцуулдаг ажээ. Түүгээр ч үл барам зарим аавууд сайн дураар хичээл заадаг байна.
“Хоол хийх, хувцас индүүдэх нь зөвхөн эмэгтэй хүний ажил биш. Энэ бол ямар ч хүний эзэмшвэл зохих чадварууд юм. Гэр бүлийн амьдрал бол хоёр хүний хамтын хичээл зүтгэл гэдгийг нэн ялангуяа хөвгүүдэд сургахыг бид зорьж байна. ” хэмээн сургуулийн хичээлийн эрхлэгч Габриел Браво тайлбарлажээ.
Хөвгүүд эхэн үедээ энэ хөтөлбөрийг гайхширч байсан ч эцэг эхчүүдийн тусламжтайгаар тэд хичээлдээ дуртай болж, зарим нь далд авьяасаа ч илрүүлжээ.
Эх сурвалж: Rach Feed