Эгэл түүхүүд цуврал: С.Тэнгис
Нийтлэлч: Familycenter.mn

Эгэл түүхүүд цувралыг хүргэж байна. Энэ удаагийн цувралаар С.Тэнгис  #Хүүхдийг_зодож_шийтгэх_бус_эерэг_аргаар_хүмүүжүүлье сэдвээр өөрийн дурсамжаа хуваалцлаа. 

 
"Манай үед сурагчдад "алганы амт" үзүүлнэ гэдэг хэвийн шахуу үзэгдэл байлаа. Багш бүр үзүүлдэг "амт"-аараа ялгаатай. Алгадна, чимхэнэ, шугамдана, укаскдана, чихэднэ гээд өөр өөрийн "дархан мэхнүүдтэй". Тэрүүгээр нь хоч өгөхөд хочгүй үлдэх багш байхгүй гэмээр. Азаар би дундаас дээш сурлагатай байсан болохоороо алганы амт үздэггүй шахам байв. Гэхдээ л хүүхэд болсон хойно санаатай, санамсаргүй хусуулдаг л байлаа. Харин дундаас доош сурдаг хүүхдүүд байнга "алганы амт" үзнэ. Тэглээ гээд тэд сайжрахгүй, сахилгагүй нь томоожихгүй. Харин дунд ангид ороод н.Уртнасан гэдэг математикийн багштай болов. Уртаа багш ерөөсөө зоддоггүй. Бидэнд уурлаж ч үзээгүй байх. Уг нь улсдаа эхний гуравт ордог шилдэг багш байсан. Азтай тохиолоор Уртаа багш манай ангийг дааж авсан юм. За тэгээд энэ үеэс л эрээвэр хураавар ангийнхан маань “томоотой” Уртаа багшийн хичээл дээр сахилгагүйтэх нь бүү хэл чих тавин сонсож, зарим "дүлий" хүүхдүүд цоорч эхэлсэн шүү. Нүдэн дээр л хүүхдүүд хөгжөөд, хичээлдээ идэвх ороод, нүд нь гэрэлтээд ирдэг юм билээ. Түүнээс хойш "алганы амт" гэдэг нь нарийн яривал хүнд юм тайлбарлах, ойлгуулахдаа үр дүнгүй. Харилцааны ур чадвар маруухан хүний, муугаар хэлбэл "мал хөлөөрөө" гэдэг нь юм байна даа гэж ойлгож авч билээ.