Санаачилга: Бүтээлчээр баярлаж, багаар суралцаж, бусдадаа тусалцгаая

Familycenter.mn дөрөвдүгээр сард “хүүхэд хүмүүжил” сэдвийн хүрээнд ярилцлага, сурвалжилга, зөвлөгөө мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад бид охиныхоо санаачилгыг дэмжиж, төрсөн өдрийг нь сургууль, номын сантай хамтран  бүтээлчээр тэмдэглэсэн гэр бүлийг сурвалжиллаа.

Д.Баясгалан охин Нийслэлийн 21 дүгээр сургуулийн 5-р ангид суралцдаг бөгөөд өөрийн төрсөн өдрөөрөө буюу энэ сарын 15-нд сургууль дээрээ Ковид-ын үед гэртээ тусгаарлагдаж байхдаа хийсэн баримал, уран зургуудаар үзэсгэлэн гаргасан юм. Мөн үзэсгэлэн дэх бүтээлүүдийг 2000-3000 төгрөгөөр худалдаалж, олсон орлогоо сайн дурын ажилд зарцуулж бусдад хандивлажээ.

Д.Баясгалан хэлэхдээ, “Анх зургаан настайгаасаа Хүүхдийн урлан бүтээх төвд явж зурж сурсан. Миний сонирхол, хоббиг дэмждэг ээж аав бас сургуулийнхандаа баярлалаа гэж хэлмээр байна. Би зургаа илүү сайн зурж, том болоод Итали улсад очиж дизайнераар сурахыг хүсдэг. Манай ээж, аав надтай миний хүсэл, сонирхол, мөрөөдлийн талаар ярилцаж үргэлж дэмждэг. Төрсөн өдрөө ингэж тэмдэглэх санаачилгыг маань ч дэмжиж, ангийн багш сургуулийн менежер, захиралтай ярилцаад зөвшөөрсөн нь сайхан санагдаж байна” гэсэн юм. Харин Л.Баясгалангийн ээж Ж.Дагиймаа, “Охиныхоо төрсөн өдрийг зүгээр л нэг тэмдэглээд өнгөрөх биш хийх дуртай зүйлийг нь дэмжээд, найз нөхөдтэй нь хуваалцаж, нийгэмд  зөв уриалга гаргахыг хүссэн. “Бүтээлчээр баярлая, бага багаар суралцъя, бусдадаа тусалъя” хэмээх уриатайгаар өнөөдрийн өдөрлөгийг зохион байгуулж байна. Уран зураг, баримлын орлогоо сайн дурын ажилд зарцуулах бол “бага багаар суралцъя” гэдэг нь манай охины байнга очиж үйлчлүүлдэг Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн хамт олон сургууль дээр нь ирж “Номын тэмдэглэл хэрхэн хийх вэ, номын санд хэрхэн үйлчлүүлэх вэ?” зэрэг танилцуулгыг хийсэн” хэмээсэн юм. 

Харин анги удирдсан багш Б.Алтанзул, “Д.Баясгалан маань маш хичээнгүй сурагч Д.Баясгалан сурагчийн маань гэр бүлээс тавьсан энэ санаачилгыг сургуулийн удирдлагуудад танилцуулахад маш найрсгаар хүлээж авсан. Сургууль бол сурагчийн өөрийгөө хөгжүүлж, өөрийгөө нээж, сурч боловсорч, төлөвших орон зай. Бид сурагчаа ямар ч нөхцөлд, чадах бүх нөөц бололцоогоор дэмждэг байх хэрэгтэй. Яг ийм төрсөн өдрийн өдөрлөг арга хэмжээ анх удаа болж байна. Гэхдээ мөн анх удаа бидэнд ийм төрлийн санал ирсэн. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хүсэл сонирхлыг анхааралтай сонсож, багштай нь чөлөөтэй хуваалцаж эргээд тэр бүхнийг хамтран хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байвал маш гоё бүтээлч, эерэг үр дүн гарах юм байна гэж бодож байна” гэж хэлсэн юм. 

Нийслэлийн 21 дүгээр дунд сургуулийн 5г ангийн сурагч Д.Баясгалан Д.Нацагдоржийн нэрэмжит номын сангийн идэвхтэн уншигч бөгөөд тус номын сангаар үйлчлүүлээд таван жил болжээ. Энэ хугацаанд 250 гаруй ном уншиж, номын тэмдэглэл хөтөлсөн байна. Өдөрлөгийн үеэр Нацагдоржийн номын сангийн зүгээс идэвхтэн уншигч Д.Баясгалангийн төрсөн өдрөө бүтээлчээр тэмдэглэх санаачлагыг дэмжиж 21-р сургуулийн 5-р ангийн нийт сурагч нарт “номын тэмдэглэл хэрхэн хөтлөх, номын сангаар үйлчлүүлэх” талаар сургалт зохион байгуулсан юм. 

Хэрхэн бүртгүүлэх вэ?

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд 1-15 насны хүүхэд төрсний гэрчилгээ болон сурагчийн үнэмлэхтэйгээ очиж 3000 төгрөгөөр бүртгүүлэх боломжтой. 

Хэдэн номтой вэ?

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан одоогийн байдлаар тус танхим нь уншлагын танхим болон гэр бүлийн уншлагын танхимтай, нийт 7000 гаруй номтой. Мөн төв болон харьяа 4 салбартаа хүүхдийн уншлагын танхимуудаараа хүүхэд, багачуудад боловсрол, соёл, мэдээлэл, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйлчилгээг үзүүлж, бие хүнийг бүтээлчээр хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулан ажиллладаг байна. 

Хаана салбартай вэ?

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан /Хан-Уул дүүрэг дэх салбар номын сан/

Үндсэн фонд нь 47000 гаруй боть номтой, дотроо Монгол хэл дээрхи номын фонд, гадаад хэл дээр бичигдсэн номын фонд, ойрын фонд, хүүхдийн номын фонд гэж 4 хуваагддаг. Нийтийн уншлагын танхим 100 хүний суудалтай, хүүхдийн уншлагын танхим 50 хүний суудалтай. Мөн гэрээр ном олгодог.

Хаяг: Хан-Уул дүүрэг 2-р хороо, Жаргалант үйлчилгээний төвийн 2-р давхарт

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан / Баянзүрх дүүрэг дэх салбар номын сан/

 Нэг ээлжиндээ 100 суудалтай Нийтийн уншлагын болон Хүүхдийн уншлагын танхим 2 танхимаар тус бүрт үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн гэрээр ном авах боломжтой.

Хаяг: Баянзvрх дүүргийн 1-р хорооны 58-р байрны 1-р давхар

Д. Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан / Сонгино Хайрхан дүүрэг дэх салбар номын сан/

Тус салбар номын сан нь нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхимтай СХД, БГД-ийн хүн амд номын сангийн үйлчилгээ үзүүлдэг. 35,000 орчим номын фондтой.

Хаяг: 14-р хорооны “Өнөр” хорооллын 2-р vйлчилгээний төв /Цамбагарав/-ийн баруун хаалга

Цагийн хуваарь:

Намар, Өвлийн цагийн хуваарь
(9 сарын 16-ны өдрөөс 6 сарын 15-ны өдөр хүртэл)
Даваа-Баасан: 9:00 – 20:00
Бямба, Ням: 10:00 – 19:00


Зуны цагийн хуваарь
(6 сарын 06-ны өдрөөс 9 сарын 15-ны өдөр хүртэл)

Даваа-Баасан:10:00 – 18:00
Бямба, Ням : амарна