Монголын Урлагийн Зөвлөл /МУЗ/ нь Зориг Сантай хамтран Монгол-Америкийн соёл, боловсролын солилцоог хөгжүүлэх замаар ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх зорилготой “Люби-Женкинс” сурагч солилцооны хөтөлбөрийг 16 дахь жилдээ хэрэгжүүлж буй аж.
Тус хөтөлбөр нь ЕБС-ийн ахлах ангийн сурагчдыг ардчилсан хүмүүнлэг иргэн болгон төлөвшүүлэх үүднээс бүтэн жилийн хугацаанд манлайлал, ардчиллын тухай ойлголт, багаар ажиллах ур чадвар, урлагийн боловсролыг дээшлүүлэх цуврал сургалтуудыг зохион байгуулдаг. Сургалтын үр дүнд сурагчид нийгэмд чиглэсэн бичил төслийг санаачлан хэрэгжүүлдэг ба эдгээр төслийн нэг нь “Моду” төсөл юм.
“Моду” төсөл нь Монголын түүх соёлыг хүүхэд залуучуудад түгээх, түүхийн үнэ цэнийг таниулах зорилготой бөгөөд энэ хүрээнд уран бүтээлч Г.Гэрэлхүүгийн “Дурсамжийн сүм” үзэсгэлэнг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд 2022.05.03-11-ний өдрүүдэд толилуулах гэж байна.
Энэхүү үзэсгэлэнгийн бүтээлүүд нь хувь хүний дотоод ертөнцийг дурсамжийн дүрслэлээр баяжуулж, хорвоо дэлхийд болж буй зүйлсийг хөрвүүлэн илэрхийлэхийг зорьсон. Түүний монгол зургийн өнгө төрх хувиран, орчин үеийн дүрслэх урлагийн чиглэл, тэр дундаа комик зургийн дүрслэлийн шинэ хэллэгийг бий болгодгоороо онцлогтой.
“Моду” төсөл нь түүх соёлын тухай мэдлэгийг хүүхэд залуучуудад сонирхолтой байдлаар энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан хүргэх юм.
2022 оны 5 сарын 3-11-ний ажлын өдрүүдэд 10:00-18:00 цагийн хооронд МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд хүрэлцэн ирж “Дурсамжийн сүм” үзэсгэлэнгээр зочлоорой.
Дэлгэрэнгүй мэдээллийг МУЗ-ийн 319015, 319017 утсаар холбогдон авна уу.