Ө.Батбаяр: Амжилттай гэрлэлтийг бүтээхийн тулд дараах зүйлсийг хэрэгжүүлээрэй

Монгол Улсад гэр бүл салалтын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, нийгмийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Тиймээс энэ удаагийн “Мэргэжилтний зөвлөгөө” цувралын зочноор MIND сэтгэл судлалын төвийн үүсгэн байгуулагч, сэтгэл судлаач Ө.Батбаярыг урьж, гэр бүлийн үнэ цэнэ юу вэ, хэрхэн тайван, бат бөх, аз жаргалтай, тогтвортой гэрлэлтийг бүтээх вэ зэрэг сэдвийн хүрээнд ярилцлаа. MIND сэтгэл судлалын төв нь гэр бүл, хүүхэд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд мэргэжлийн сэтгэл судлаачид хамтран “Сайн уу, хайрт минь” картыг шинээр гаргасан нь гэр бүл, хосын харилцааг дэмжих зорилготой монголдоо анхдагч бүтээгдэхүүний нэг болж байна.

- Сүүлийн жилүүдэд Монгол Улсад гэр бүл салалтын асуудал ноцтой түвшинд яригдаж байна. Мөн даяаршил, соёлын нөлөөгөөр залуучуудын дунд гэр бүл болох бус ганцаар амьдрах соёл ч дэлгэрч байгаа юм шиг...?

- Улс орнууд өөрийн орны гэрлэгсдийн анхны гэрлэлтийн дундаж насыг гаргасан байдаг. Монгол Улсад анхны гэрлэгсдийн дундаж нас 2010 онд эмэгтэйчүүд 24,2, эрэгтэйчүүд 26,2 байсан бол 2020 оны судалгаагаар эмэгтэй 26,7, эрэгтэй 28,6 болж нэмэгдсэн байна (Хүн ам, орон сууцны тооллого, 2020). Америкийн нэгдсэн улсад ойролцоогоор гэрлэгсдийн дундаж нас 27-34, европт 25-34, азид 23-31 нас гэж гаргасан байдаг. Судлаачдын үзэж буйгаар дэлхий нийтэд сүүлийн 30 жилд анхны гэрлэгсдийн дундаж нас 4,5 насаар хойшилсон үзэгдэл харагдаж байгаа. Энэ үзэгдэл Монгол Улсад ч ялгаагүй ажиглагдаж байна. Гэрлэлтийн насанд эдийн засаг, улс орны соёл, боловсрол, нийгмийн байдал зэрэг маш олон хүчин зүйл нөлөөлдөг. 

- Сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс харахад гэр бүл болох нь ямар ач холбогдолтой вэ болон гэр бүлийн үнэ цэнэ гэж юу вэ?

Сэтгэл зүйн хувьд бидэнд  тодорхой хэрэгцээнүүд байдаг. Энэхүү хэрэгцээнүүд тэнцвэртэй түвшинд хангагдаж байж, тухайн бие хүн сэтгэл зүйн хувьд тогтвортой нийгэмшиж амьдрахад эерэг нөлөөлнө гэж үздэг. Гэр бүлтэй болсноор

- өөрийгөө хайрлах, бусдаар хайрлуулах хэрэгцээ,

- өөрийгөө илэрхийлэх, батлан харуулах хэрэгцээ  (эцэг эхийн халамжаас гарч, өөрийн гэсэн гэр бүлийг бүтээх),

- сэтгэл зүйн хувьд ойр дотно байх, харилцах хэрэгцээ,

- аюулгүй байдлын хэрэгцээ (өөрийгөө халамжлуулах болон ханиа халамжлах),

- үр удмаа үлдээх болон бэлгийн тогтвортой харилцаатай байх зэрэг хэрэгцээнүүд хангагдаж өөрийгөө илүү үнэ цэнтэй гэж мэдрэх, өөрийн үнэлэмж нэмэгдэхэд чухал ач холбогдолтой  гэж үздэг.

Дээрхээс үзвэл бид тодорхой хүсэл тэмүүлэл,  хэрэгцээнд тулгуурлан гэрлэх шийдвэрийг гаргадаг. Мөн нарийвчлан үзвэл эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэх хэрэгцээ хоорондоо ялгаатай байдаг. Тиймээс хүн “Би гэрлэлтээсээ юу хүлээсэн бэ?” гэдгээ өөрөө мэддэг байх хэрэгтэй. Гэрлэлтийн хүлээлт нь хангагдаж байгаа үед тухайн хүний гэрлэлтийн сэтгэл ханамж өндөр байдаг. Энэ нь хосын харилцаанд шууд нөлөөлж байдаг.

Гэр бүл нь хүний хамгийн чухал, аз жаргалтай байх хэрэгцээг хангах үүрэгтэй хэмээн Америкийн эрдэмтэн М.Аргайлу үзсэн.

Тиймээс өөрийн гэр бүл, хосын харилцаанд дээрх хэрэгцээнүүд хангагдаж чадаж байгаа эсэхэд дүгнэлт хийгээд үзэх хэрэгтэй.  Хэрвээ дээрх хэрэгцээнүүд үл хангагдаж байвал хосын харилцаанд ямар нэг асуудал, гажуудал байгааг илэрхийлж байж болно.

Гэр бүл нь нийгмийн хамгийн бага нэгж болохын хувьд нийгмийн хөгжилд чухал нөлөө үзүүлж байдаг. Бид өөрсдийн төрсөн гэр бүлээсээ гэрлэлт, гэр бүлийн талаар тодорхой ойлголт, мэдээлэлтэй болсон байдаг. Өөрөөр хэлбэл ямар эхнэр, ямар нөхөр болох ерөнхий загвараа аав, ээжээсээ үлгэрлэн авч байдаг. Энэхүү загвар нь заримдаа алдаатай байх нь бий. Хүн гэр бүлээсээ, өөрийн аав, ээжээс ямар загварыг авсан бэ гэдгээ эргэцүүлэн нэг бодож дүгнэх шаардлага гарна. Магадгүй буруу, сөрөг үр дагавартай хосын харилцааны загварыг авсан бол түүнийгээ мэдээж засаж, өөрчлөх нь зүйтэй болно. 

- Тайван, тогтвортой, аз жаргалтай гэрлэлтийг хэрхэн бүтээх вэ? Үүний тулд хосуудаас ямар хичээл зүтгэл гарах вэ?

Гэрлэлт нь аз жаргалтай, тогтвортой байхад хосуудын нас, боловсрол, хүмүүжил, ёс суртахуун, аливаад хандах хандлага, итгэл үнэмшил, бие хүний онцлог шинжүүд, туулж өнгөрүүлсэн амьдралын туршлага, аливааг даван туулах чадвар, хосуудын харилцаа, хадмуудын харилцаа нөлөөлөл, нийгэм, эдийн засгийн байдал зэрэг тухайн хүнтэй шууд болон шууд бус холбоотой хүчин зүйлүүд нөлөөлж байдаг.

Олон улсын туршлагаас харахад хосууд гэрлэхээсээ өмнө болон гэрлэсний дараа мэргэжлийн байгууллагад хандаж гэр бүлийн харилцаагаа зөв, чанартай байлгах тал дээр ихэд анхаарч зөвлөгөө, үйлчилгээг авдаг.  Харин манай улсын хувьд энэ байдал маш дутмаг байна.

Гэрлэхээсээ өмнө залуучууд гэрлэлтээ төлөвлөх, сэтгэл зүйн хувьд гэрлэлтэд бэлэн байгаа эсэхээ мэдэх нь чухал. Өөрөөр хэлбэл гэр бүлийн боловсролдоо анхаарах цаг болсон байна.  Гэрлэлт бол хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Зарим тохиолдолд энэхүү шийдвэрийг гаргахдаа сэтгэл хөдлөлөөр хандах, бусдыг даган дуурайх, мөн хэн нэгний ятгалгад автах зэргээр алдаа гаргах нь бий. 

Хосын харилцаа нь бусад харилцааны бүлгүүдийг бодвол маш нарийн мэдрэмж, тасралтгүй оролдлого, бүтээлч байдлыг шаардаж байдгаараа онцлогтой харилцаа юм.

Хосын харилцааг амжилттай байлгахад нөлөөлдөг чухал хүчин зүйл бол тухайн хүн өөрийгөө танин мэдсэн байдал. Хүн харилцаандаа гаргадаг алдаа дутагдал, давуу сайн тал, харилцах арга барил, өөрийгөө илэрхийлэх загвар, дуртай дургүй зүйлс зэргээ сайн танин мэдсэн байх нь хосын харилцаанд эерэг нөлөөтэй байдаг. Тиймээс хосын харилцааг амжилттай байлгахын тулд хүн өөр рүүгээ төвлөрөх, анхаарах хэрэгтэй болдог.  Учир нь хосын харилцаа ямар байх нь тухайн хоёр хүнээс хоёулангаас нь шалтгаалж байдаг. 

Үүний дараа мэдээж хосоо танин мэдэх тухай яригдана. Хосоо танин мэдэж ойлгосны дараа хүлээн зөвшөөрөх гэдэг үйл явц явагддаг. Хосоо танин мэдэж, ойлгоогүйгээр хүлээн зөвшөөрөх үйл явц байх боломжгүй.

- Салалтад хүрч байгаа хосууд гэрлэлтийн харилцааны яг юун дээр, хаана нь алдаад байгаа вэ? Түгээмэл алдаануудыг нэрлэж болох уу. Бас үүнээс хэрхэн урьдчилан сэргийлж болох вэ?

Ямар ч хүнд алдаа бас оноо байгаа. Хосоо хүлээн зөвшөөрөөгүйгээс хэт алдаа дутагдал дээр нь төвлөрөх нь хосын харилцааг таагүй болгоход нөлөөлж байдаг.  Бие биеэ бүрэн таньж мэдээгүй байгаагаас хосуудын хооронд үл ойлголцол, үл хүндлэл үүсэж энэ нь яваандаа зөрчил маргаанд хүргэж байна. Урт хугацааны зөрчил маргаан нь сэтгэл ханамжгүй байдлыг бий болгосноор хэн нэг нь салах шийдвэр гаргахад хүргэж байдаг. Маш энгийн зүйлийг бид хийж чадахгүй байгаагаас сөрөг үр дагаврыг өөртөө болон гэр бүлдээ авчирдаг.

- Тэр энгийн хэр нь хосуудын хийж дадаагүй зүйл бол: 

-ярилцах соёл, дадалд суралцаагүй байдал,

-лавлан асуухгүйгээр өөрийнхөөрөө дүгнэдэг, таадаг,

-асуудал үүсэхэд хэн нэгнийгээ буруутгах буруу зуршилтай,

-алдаа, дутагдлаа хүлээж уучлалт гуйж сураагүй,

- өөрийн хүсэл, бодол, мэдрэмжийг тодорхой илэрхийлдэггүй зэрэг юм.

- Аз жаргалтай гэрлэлтийг бүтээхийн тулд хосуудын хамтдаа хэрэгжүүлж болох алхам, дадал, хэвшил, арга техникүүдээс хуваалцаж болох уу. Маш олон сэтгэл зүйчид, гэр бүл судлаач нар ярилцах нь чухал гэж зөвлөдөг. Ярилцах нь чухал гэхээр “аан” гэж хүлээж авдаг хэр нь амьдрал дээр хэрэгжүүлдэг хүмүүс тун цөөн байх шиг байна?

- Хосууд харилцаагаар дамжуулан бие биедээ таатай эсвэл таагүй мэдрэмжийг өгч байдаг. Тэрхүү мэдрэмж нь хосуудын сэтгэл зүйн байдалд нөлөөлж байдаг. Харилцан таатай мэдрэмж өгч чадсанаар хосууд сэтгэл зүйн хувьд эерэг байж, аз жаргалтай гэрлэлтийг бүтээх  боломжтой.

Харилцаа нь өдөр тутмын энгийн зүйл мэт боловч хүний сэтгэл зүйн байдалд хүчтэй нөлөөлж байдаг. 

Амжилттай гэрлэлтийг бүтээхийн тулд хосууд бие биеэ илүү танин мэдэж, хүлээн зөвшөөрч, харилцааны зөв загвартай байх хэрэгтэй. Учир нь харилцааны бүхий л төрлүүдээс хамгийн ярвигтай, нарийн мэдрэмж шаарддаг харилцаа бол яах аргагүй хосын харилцаа юм. Тиймээс хосын харилцааны онцлог нь хүнээс харилцаандаа илүү бүтээлч байхыг шаардаж байдаг.   Үүний тулд:

тогтмол, нээлттэй ярилцдаг байх,

хүсэл, бодол, мэдрэмжээ цаг тухайд нь нээлттэй  илэрхийлдэг байх,

асуудал үүсэхэд хэн нэгнийгээ буруутгах биш шийдэлдээ төвлөрөн ярилцдаг байх,

буруугаа хүлээдэг, уучлалт гуйж чаддаг байх нь үл ойлголцол, зөрчил маргаан үүсэхээс сэргийлэхээс гадна хосын харилцааг илүү бат бөх, дотно, аз жаргалтай болгодог.

Хосын харилцаанд хүн өөрийн мэдрэмжийг илэрхийлдэг байх маш чухал. Та зөвхөн бодол, хүслээ илэрхийлдэг байх нь хангалтгүй. Учир нь хосын харилцаа бол дотно харилцааны бүлэг, тиймээс илүү сайн ойлголцож, харилцаагаа эерэг байлгахын тулд  хосууд мэдрэмжээ тодорхой илэрхийлэн өөрийгөө бүрэн ойлгуулдаг байх хэрэгтэй. Жишээлбэл, нэг нь өөрт төрсөн мэдрэмжээ илэрхийлж байхад нөгөө нь мэдрэмжийг нь буруутгахгүй, харин хүлээн авч ойлгох эрмэлзэлтэй байх хэрэгтэй.

Ярилцах соёлыг гэр бүлдээ бий болгон тогтмол ярилцдаг өдөртэй болох хэрэгтэй. Зөвхөн асуудал үүсэхэд ярилцдаг биш, тогтмол ярилцдаг өдөртэй байх нь үл ойлголцол, зөрчил маргаанаас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга болно. Ярилцахдаа аль болох дотоод мэдрэмж, сэтгэлээ нээлттэй илэрхийлдэг байгаарай.

- Чанартай ярилцлага гэж юуг хэлэх вэ. Ярилцаж ойлголцолд хүрэхийн тулд бид юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Чанартай ярилцахын тулд хэд хэдэн зүйлийг зөв хийх хэрэгтэй. Үүнд,

Бие биедээ бүрэн анхаарал хандуулах буюу тухайн ярилцаж буй агшиндаа өөр зүйлд сатаарахгүй байх,

Зөв сонсох техник гэж байдаг. Ярилцаж байхдаа нөгөө хүнээ бүрэн гүйцэд, чин сэтгэлээсээ сонсож сурах чухал. Өөрөөр хэлбэл идэвхтэй сонсогч байна гэсэн үг. Үүний тулд сонсож, ойлгож буйгаа илэрхийлэх буюу нүд рүү нь харах, толгой дохих, лавлаж асуух, инээмсэглэх гэсэн үйлдлүүдийг хийнэ. Бүрэн ярьж дууссаны дараа л тухайн сэдвээр өөрийн бодол саналыг гүйцэд илэрхийлдэг байгаарай. Нэг нь давамгай ярих, ярьж байхад нь таслах, хэлсэн саналыг нь шууд эсэргүүцэх, өөрийнхөө саналыг тулгах зэрэг нь ярилцах сэдлийг багасгаж байдаг.

Ярилцана гэдгийг зөвхөн өөрөө ярих гэж ойлгож болохгүй. Харилцан ярилцдаг, хосынхоо бодол, мэдрэмж, хүслийг лавлан асуудаг байх хэрэгтэй.

Хүний сэтгэл зүйн хэрэгцээнүүдийг нэг нь “Өөрийгөө сонсгох” гэсэн хэрэгцээ байдаг. Насанд хүрсэн хүн өөрийг нь ярьж байхад бусад хүн сонсож байвал “Хүлээн зөвшөөрөгдсөн, өөрийгөө үнэ цэнтэй” гэсэн мэдрэмжийг авч байдаг. Тиймээс хайртай хүнээ бүрэн сонсдог байх нь сэтгэл зүйн хэрэгцээг нь хангаж байгаа нэг үйлдэл юм.

- Ярилцахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн онцлог бас нөлөөлдөг байх. Эмэгтэйчүүд байгалиасаа ярих хэрэгцээ өндөртэй бас түүнийгээ эрчүүдээс илүү хангаж чаддаг. Харин эрчүүдийн хувьд дэлгэрэнгүй ярилцаж, өөрийн төрсөн мэдрэмж, бодлоо чөлөөтэй хуваалцах дадал төдий л байдаггүй санагддаг. Тэгэхээр эрчүүдийг хэрхэн яриулах, тэднийг хэрхэн сонсох талаар бас мэдээлэл өгвөл зүгээр болов уу.

- Ярих тал дээр хүйсийн ихэвчлэн ялгаа гардаг. Эмэгтэй хүн биологийн талаасаа илүү их ярьдаг, сэтгэл хөдлөл, мэдрэмжээ ярьж илэрхийлдэг хүйс юм. Харин эрэгтэй хүн ихэвчлэн товч, тодорхой, шийдвэр дүгнэлт гаргах зорилгоор ярьдаг.  Тиймээс яахын аргагүй ярилцах хэв маяг дээр тодорхой хэмжээнд ялгаа гарч байдаг.

Нөгөө талаас, нийгмийн тогтсон хандлага үүнд маш хүчтэй нөлөөлж байдаг. Эрэгтэй хүнийг үг дуу цөөн байхыг тогтсон хандлагаараа тулгаж байдаг. Жишээ нь:  Эрэгтэй, эмэгтэй 2 хүүхдийг гүйж яваад өвдгөө шалбалахад бид эрэгтэй хүүхдээс ихэвчлэн асуулт асуудаггүй, “Зүгээр, эр хүн уйлдаггүй юм, Зоригтой бай” гэж ханддаг. Гэтэл эмэгтэй хүүхдээс “Зүгээр үү? Өвдсөн үү? Айсан уу?” гэх мэтээр асууж өөрийгөө болон мэдрэмжээ илэрхийлэхэд нь чиглүүлж байдаг. Энэхүү үйлдэл нь эрэгтэй, эмэгтэй хүүхдэд ялгаатай дадлыг хэвшүүлж байдаг.  Уг нь хүн гэдэг утгаараа аль аль нь бодол, хүсэл, мэдрэмжээ илэрхийлэх хэрэгтэй.

Мөн аливаа улс орны соёл нь хосын харилцааны загварт тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Монголчууд, тэр тусмаа монгол эрэгтэйчүүдийн хувьд сэтгэл хөдлөл, мэдрэмжээ тэр бүр илэрхийлээд байдаггүй онцлогтой. Энэ байдал мөн л хосын харилцаанд тодорхой хэмжээнд сөрөг нөлөөг үзүүлж байна.

Тиймээс манай байгууллага хосуудад идэвхтэй, чанартай ярилцах дадал хэвшүүлэх зорилгоор “Сайн уу, Хайрт минь” хосуудын картаа гаргасан. 

Энэхүү картын тусламжтайгаар хосууд 1 сэдвийн хүрээнд хоёулаа дэлгэрэнгүй ярилцах боломжтой ба дэс дараатай ярилцахад чиглүүлсэн зааврыг багтаасан учир ярих таатай боломж, нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Дээр дурдсан ярилцах соёлыг түгээж, хосууд бие биеэ илүү танин мэдэж, хүлээн зөвшөөрч, хосын харилцаа илүү эерэг болгоход энэхүү карт эерэг нөлөөтэй, маш үр дүнтэй гэж бид харж байна. Ярилцахад цаг гаргая.

- Бидний урилгыг хүлээн авч ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.