Холын зайн харилцаа бүтэх боломжтой юу. Ажил, амьдралын шаардлагаар хайртай хүмүүс, гэр бүлээсээ зайтай газар ажиллах, гадаадад суралцах зэрэг хайртай хүнээсээ тодорхой хугацаанд хол амьдрах хэрэгтэй болох үед бид энэ асуулттай нүүр тулдаг.
Тэгвэл танд таатай мэдээ дуулгахад 2018 онд АНУ-ын эрдэмтдийн хийсэн судалгаанд хосуудын 60 хувь нь холын зайн харилцааг даван гарч чаддаг хэмээн дурдсан байна. Харин давж чадалгүй салсан хосуудын 37 хувь нь эхний гурван сард салсан байдаг аж.
Тэгвэл бидэнд дахиад нэг асуулт гарч ирнэ. Хэрхэн холын зайн харилцааг амжилттай хадгалж, үерхэл/гэрлэлтээ авч үлдэх вэ?
Байнга холбоотой байх
Технологи үсрэнгүй хөгжсөн өнөө үе орон зай, цаг хугацаанаас үл хамааран сошиал медиа платформуудын тусламжтайгаар бид хэдэн мянган бээрийн зайд амьдарч буй гэр бүлийн гишүүдтэйгээ төвөггүй харилцах боломжтой болсон.
Тиймээс цаг гарган өдрийн турш юм бичиж, юу хийснээ ярилцаж, чанартай харилцан яриа үүсгэж байхыг сэтгэл зүйчид зөвлөдөг байна.
Нүүр нүүрээ харж ярилцах
Аль болох өдөр бүр, нэг цагаас доошгүй хугацаанд нүүр нүүрээ харж ярилцах буюу video call хийх нь хосуудын хувьд бие биеэсээ хол байгаа гэсэн мэдрэмжийг бага ч атугай арилгаж, харилцаагаа халуун дулаан хэвээр нь авч үлдэхэд тань тусална.
Жижигхэн зүйл дээр ч нээлттэй байх
Алсын зайн харилцааны хамгийн хэцүү сорилтуудын нэг бол хамтрагчаасаа холбоо тасарч буй мэт мэдрэмж юм. Хамтдаа цагийг өнгөрөөх нь багасаж, жижиг сажиг зүйлүүдийг ярилцахаа болих нь яваандаа нэг нэгэндээ итгэх итгэл багасах, үнэнч байдалдаа санаа зовох зэрэг олон эргэлзээг дагуулдаг. Тиймээс хол байгаа хосууд нээлттэй, илэн далангүй харилцах нь хамгийн чухал. Цагийг хэрхэн өнгөрүүлж буй, сэтгэл санааны байдал нь ямар байгаа, мөнгөө юунд зарцуулж байгаа гэх мэт өдөр тутмын жижиг зүйлсийг ч хуваалцаж байвал харилцаандаа үл итгэх, эргэлзэх зэрэг асуудал бага тулгарна.
Найз нөхөдтэйгөө холбоотой байх
Судалгаагаар хайртай хүнээсээ холдсон хүмүүс өөрийгөө бусдаас тусгаарлаж, ажилдаа илүү анхаарлаа хандуулж, илүү ганцаардмал болох нь түгээмэл аж. Гэвч энэ нь хамтрагчаа улам ихээр үгүйлэх, сэтгэл гутралд өртөх аюулыг дагуулдаг. Хамтрагчтайгаа бие махбодын хувьд хамт байж чадахгүй ч гэсэн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, дотны хүмүүсээрээ хүрээлүүлэх, цагаа аль болох ганцаардах завгүй өнгөрүүлэх нь чухал юм.
Таны гэр бүлийг, гэр бүлийн харилцааг тань хүндэтгэдэг, зөв хүрээллийн хүмүүстэйгээ аль болох чөлөөт цагаа өнгөрөөгөөрэй.
Цаг хугацаанд бодитой хандах
Эцэс нь дүгнэхэд алсын зайны харилцаа бүтэх боломжтой юу? Тийм ээ, гэхдээ энэ нь үүрд үргэлжилнэ гэсэн баталгаа биш. Хайртай хүнээсээ олон жил хол байхыг тэвчиж, харилцаагаа хадгалж үлдэж чадах хүн цөөн.
Ийм учраас цаг хугацаандаа бодитой хязгаар тогтоож өгөх хэрэгтэй. Жишээ нь “Би чамайг 2 жил хүлээж чадна. Түүнээс цааш боломжгүй” гэх мэт. Ингэснээр та хоёрын аль аль нь тохирсон хугацаандаа амжиж нэг нэгэнтэйгээ уулзахын тулд хичээл зүтгэл гаргах, урдах асуудлуудаа богино хугацаанд шийдэхэд түлхэц болдог байна.