“Том баяр” түмэн хүүхдийн наадам болно

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Том баяр” түмэн хүүхдийн наадам 6-р сарын 1-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилууртай талбайд болно. 

Бүтэн өдрийн хөтөлбөртэй түмэн хүүхдийн баярыг хүүхдүүдийн эрх, эрүүл мэнд, аюулгүй байдал, хэрэгцээ шаардлагын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төр болон хувийн хэвшил, олон улсын байгууллагын оролцоотойгоор зохион байгуулж байна. Энэ хүрээнд Том толгойтын адал явдал хүүхдийн цуврал киноны Том хамтлаг, Tom girlz, Tom kids, хүүхэд багачуудын хайртай дуучин Г.Уянгадарь, Энжи, Б.Бат-Энэрэл, Ц.Мичидмаа нар оролцож, уран бүтээлээ хүргэнэ.

Мөн циркийн сонирхолтой үзүүлбэрүүд, хүүхэлдэйн баатрууд, урлаг соёлын энтертайнмент шоу 10:00 – 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Тэгш оролцоог бий болгох үүднээс тусгай хэрэгцээт хүүхдүүдийг анхаарсан зохион байгуулалт, тогтмол санамж, анхааруулга бүхий өргөтгөсөн баг, бага насны хүүхдүүдэд зориулсан нойл, живх солих асар, анхны тусламж, цагдаагийн хяналтын баг, утасны дугаартай хүүхдийн аюулгүйн бугуйвч, тэмдэг тэмдэглэгээ, хогийн цэгийг хүртээмжтэй байдлаар бий болгоно. Бяцхан үрсээ хайраар хамгаалж, хайраар хөгжүүлье уриан дор зохион байгуулагдах “Том баяр”-т гэр бүл, найз нөхдөөрөө зорин ирж, бүтэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.