Эгэл түүхүүд цуврал: С.Цэнджав
Нийтлэлч: Familycenter.mn

“...Залуу байхад манай өвгөн их сахилгагүй байлаа. Нэг л өдөр би Насанбуянтай гэрлэнэ гээд нэг эмэгтэй ороод ирсэн. Тэгэхэд нь би их гайхсан ч тайван хандахыг хичээж “та хоёр сайхан ярилцаад учраа ол доо. Би гараад дэлгүүр ороод ирье” л гэсэн.

Хэлэх үг олдоогүй л дээ. Тэр үед бид хоёр салж болох л байсан байх. Гэхдээ ярилцаж, ойлголцохыг хичээсэн. Дэлгүүр рүү алхаж байхдаа хамтдаа туулсан амьдрал, бүтээсэн түүх, дурсамж, ирээдүйн амьдралын төлөвлөгөө гээд бид хоёрын харилцаа тэр хүний нууц харилцаанаас илүү үнэ цэнтэй шүү дээ гэж бодсон. Буцаад эргээд ирэхэд гэрийн гадаа нөгөө хоёр хоёулаа газар ширтчихсэн зогсож байлаа. Одоо эргээд санахад их хөгжилтэй л дөө. Тэгэхэд "за та явахаар болов уу, үлдэхээр болов уу" гэж намайг асуухад энэ хүний нүүрний улайсан гэж галын цог шиг л болж байсан юм. Тэр эмэгтэйг ч их өрөвдсөн. Ямар л олигтой байх билээ. Хань маань уучлаарай гэхээс өөр үг хэлээгүй. Би ч гэртээ ор доо гэхээс өөр үг хэлээгүй. Ингэж нэг удаа уучилсан. Одоо бол уучилсан нь зөвдсөн гэж боддог. Гол нь дахиж алдаагүй ээ. Энэ насандаа миний хань надад гар хүрч үзээгүй. Хатуу үг ч хэлж үзээгүй. Хамгийн ихээр л хүндэлж харьцсан. Уучилсан сэтгэлийн хариу нь энэ юм байлгүй дээ. Амьдралд алдаа гаргахгүй байна гэж байхгүй гээд одоо тэр явдлын тухай инээлдээд л ярилцдаг. Хэн хэн нь залуу явлаа. Ханьтай байна гэдэг тэвчээртэй бай гэсэн үг юм болов уу. Гэхдээ мэдээж мунхаг тэвчээрийг хэлээгүй юм шүү. Харин болгож бүтээж болох амьдрал юм бол хагацааж салгаад юу хийх билээ гэж залуучууддаа хэлэхийг хүсдэг."