Эгэл түүхүүд цуврал: Т.Мөнхтунгалаг

Эгэл түүхүүд цуврал Авлигатай тэмцэх газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг

Хэд хоногийн өмнө салсан нөхөр ирж уулзав. 11 жилийн өмнө шүүхээр орж гэрлэлт цуцлагдсанаас хойш ер тааралдаагүй юм. 23 настайдаа танилцаж учирснаас хойш 2 хүүхдийн аав, ээж болтлоо 13 жилийн хамтын амьдралыг инээхдээ инээж, уйлахдаа уйлж туулсан эхнэр, нөхөр байв. 

Бидний амьдрал энгийн нэгэн хэмнэл байсан. Залуу хүмүүсийн л гаргадаг алдааг гаргаж байв. Өнөө эргээд бодохоор итгэхгүй, итгэгдэхгүй байх нь гэрлэлтийн нэгэн том алдаа юм билээ. Огцом хурц ааштай, зөрүүд зантай, хатан ухаангүй надад үл тохирох эр нөхөр байв. "Хайртай бол хартай" гэх үгийн хэчнээн худлыг тэр амьдралаас хангалттай мэдэж авсан даа. Хайрлах тусмаа итгэх ёстой, хардахгүй байх нь жаргал юм гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Үзэл бодол, хандлагын ялгаа ч их гарч байлаа. Гэхдээ баяр жаргалтай өдрүүд нь илүү олон байсан. Салах шийдвэрийг би гаргаж, хүүхдүүдээ бодсонгүй гэж найзууд намайг зэмлэж байв. Хариуд нь "Харин ч хүүхдүүдээ бодоод ингэж шийдлээ" гэхээс илүүг хэлээгүй. Бид хоёрын хэнийх нь зөв, буруу байсныг хэн ч шүүх ёсгүй, хэнээр ч шүүлгэхгүй. Гагцхүү шүүхийн шийдвэр гарч, 11 настай хүү, 2 настай охиноо би авч, өрх толгойлсон эх хүний цоо шинэ амьдрал тэгэхэд эхэлж билээ. Гомдож уйлсан өдрүүд олон. Үзэн ядаж явсан нь ч бий. Салсан ч гэсэн жилийн дотор шинэ амьдрал үүсгэсэн тухайг нь сонсоод гомдож, үзэн ядаж явсан тэр үеийн өөрийгөө одоо бол би шоолж инээдэг. Гомдох, үзэн ядахын хэрээр би өөрөө л эмтэрч явсан байх. Цаг хугацаа хамгийн сайн эмч боловч тэрнээс илүү би өөрийгөө сэтгэл гутралаас татан авч чадсан. Мэдээж, миний нөмөрт сууж ээжийнхээ аясаар бүлтэгнэх 2 хүүхдийн том нөлөө байсан. 11 жилийн дараа салсан нөхөртэйгөө уулзахад ямар санагдсан бэ гэж үү? Маш хэвийн, жирийн танилууд, олон жил тааралдаагүй ангийн хүүхдүүд шиг уулзсан. Дундын танилуудаа асууж, ярилцаж, тэр тэгдэг байж билээ гэсэн дурсамж яриа голлосон. Хүүхдүүдийнхээ тухай илүү их ярилцсан. 11 настай хүү одоо 22 настай том залуу болоод эхнэр авах гэж байна шүү дээ. Хэлд гүйцэд ороогүй хоцорсон 2 настай буржгар охин одоо хэлэмгий доломгой, дунд ангийн хэрсүү сурагч болсон. Асуулт хүүхдүүдийн тухай, хариулт мөн л хүүхдүүдийн талаар. Арваад жилийн өмнө гомдож явсан сэтгэл огт байхгүй, тунирхах шаардлагагүй, бараг албархуу, ямар ч дотночлолгүй, тэр хүнийг буруутгасан өнгөгүй, биеэ цэгнээгүй, нэр хичээгээгүй, нэг тийм гөлгөр яриа болов. Бидний дунд ургийн хэлхээ байсныг гэрчлэх хүү, охин байгаа. Хэзээ ч салшгүй энэ холбоогоор эхнэр, нөхөр биш боллоо ч гэсэн эцэг, эх байх эрхэм үүргээ хэн хэн нь төгс биелүүлэх ёстой. Салсан эхнэр, нөхөр хоёр хэвийн харилцаатай байх нь хүүхдүүддээ ч эерэг нөлөөтэйг хүүгийнхээ үг, охиныхоо инээмсэглэлээс олж харав. Амьдрал гэдэг тэр чигээрээ алдааны цуглуулга биш, алдаж байж олж авах онооны нийлбэр байдаг юм уу даа...

#Эгэлтүүхүүд 

Мэргэжлийн сэтгэл зүйч, хуульчийн зөвлөгөө, туслалцааг #Familycentermn-ээс үнэ төлбөргүй аваарай.