Хүүхдийн төлөө фондыг зөвхөн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах ёстой

Таталтын эсрэг эм хоёр жил гаруй тасарсанд бухимдсан саажилттай хүүхдүүдийн эцэг, эхчүүд Төрийн ордны гадна өчигдөр /2022.06.08/ жагссан. Энэ үеэр "Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулах боломжтой юу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хариулахдаа "Хүүхдийн төлөө фондыг зөвхөн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтад зарцуулах ёстой. Бид эмнэлэг барьж болно. Аль болох л олон хүүхдэд хүрэх ажлыг түүгээр хийх ёстой. Мэдээж өвдөөд хандив цуглуулж байгаа хүүхэд олон байна. Гэхдээ түүнээс олон хүүхдийг хамруулахын тулд бид илүү сайн бодлого явуулах ёстой. Хэрэв Хүүхдийн төлөө фондын мөнгийг өвчтэй хүүхдүүдийн хандивт нь зарцуулна гэвэл арав орчим хүүхдэд л зарцуулагдах болчихно. Тиймээс аль болох бүтээн байгуулалт тал руугаа анхаарч, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй” гэв.

Эргэн сануулахад “Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд 2021 оны аравдугаар сарын 25-нд шилжүүлсэн талаар  ХНХ-ын сайд А.Ариунзаяа өмнө нь мэдээлж байсан билээ. Тэрбээр "2,051,172,968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. “Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлэв.Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна" гэж байсан юм.