“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” аян үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байна. Уг аяныг ЭМЯ, ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ, ТЦА хамтран 6 сарын 20-оос 9 сарын 15 хүртэл 3 сарын хугацаанд зохион байгуулах юм.
Өнөөдөр Дэлхий дахинд авто осол, түүнээс үүдсэн гэмтлийн улмаас жилд 6 сая орчим хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэршээлтэй болж, 700 тэрбум ам.долларын хохирол учирч байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. Манай улсад 2021 оны 12 сарын 31 байдлаар зам тээврийн осолд өртсөний улмаас 15957 иргэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол 468 иргэн амь насаа алдсан нь. 2022 гарсаар зам тээврийн осол 7408 бүртгэгдэж үүнээс 175 нас баралт бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өссөн байна. 100.000 хүн ам дахь зам тээврийн шалтгаант нас баралтын тоогоор ДЭМБ гаргасан тооцооллоор Их Британи, БНСУ, Итали зэрэг улсуудад 3-8 байгаа бол манай улсад 20-22 байгаа нь хөгжингүй орнуудаас 3 дахин их байгаа үзүүлэлт юм. Энэхүү осол ба нас баралтын дийлэнх нь зуны улиралд орон нутгийн замд хурд хэтрүүлсэнээс үүсэж байна.
Өнгөрсөн 7 хоногт Дорнод аймагт томоохон осол болж ЭМЯ, ОБЕГ хамтран нисдэг тэргээр гэмтэл авсан иргэдийг ГССҮТ–д тээвэрлэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн. Зам тээврийн ослын үеийн анхны тусламж, яаралтай тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, авто зам дагуух үйлчилгээний газар, цагдаагийн пост зэрэг газарт холбогдох төрийн байгууллагуудтай хамтран анхны болон яаралтай тусламж үзүүлэх жишиг цэгүүдийг МУЗН, ДЭМБ, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагуудын дэмжлэг, тусламжаар байгуулж, үйл ажиллагааг тогтворжуулан ажилласан нь тодорхой үр дүн өгч байна.
“Аажуу явбал аяндаа хүрнэ дээ” үндэсний хэмжээний аяны гол зорилго нь зам тээврийн ослыг гарахаас өмнө сэргийлэх юм. Зам тээврийн осол, бусад осол гэмтлийг бууруулахад салбар хоорондын хамтын ажиллагаа, түүнчлэн иргэн хүний үүрэг хариуцлага, сонор сэрэмж нэн чухал. Эрүүл мэнд эрсдвэл, бүх зүйл эрсддэг. Эрүүл иргэн үндэсний баялаг, иргэд та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж хурдаа тохируулж, анхаарал болгоомжтой аялал, амралтаа ая тухтай өнгөрүүлэхийг хүсье.