Цаг агаар: 7-р сард зүүн, говийн аймгаар хур бороо ихтэй байна

Цаг уур орчны шинжилгээний газраас долдугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэлээ. Долдугаар сарын дундаж агаарын температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8-14 хэм, Увс, Говь–Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Дорнодын ихэнх нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр 20-26 хэм, бусад нутгаар 14-20 хэм дулаан байдаг гэнэ.

Энэ сард баруун аймгийн нутгаар агаарын дундаж температур Увсын нутаг, Завханы хойд, Ховдын зүүн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Бусад нутгаар дунджаас дулаан, Баянхонгорын зүүн өмнөд хэсгээр хур тунадас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна.

Баруун аймгуудын нутгаар: Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр олон жилийн дунджаас 1–2 хэмээр  дулаан байна. Харин нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн үе, гуравдугаар арав хоногийг сүүлчээр дунджаас 1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон сүүлчээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булган, Сэлэнгийн нутаг, Архангай, Төвийн ихэнх хэсгээр  дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.  Өвөрхангайн өмнөд, Төв аймгийн зүүн хагаст дунджаас ахиу хур тунадас орох бол бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр  1–2 хэмээр дулаан байх нь. Харин нэгдүгээр арав хоногийн эхэн үеэр нутгийн баруун хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар  1–2 хэмээр хүйтэн байна. Хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орох магадлалтай байна. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна.  Сүхбаатарын өмнөд хэсгээр хур тунадас дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон гуравдугаар арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар 1–2 хэмээр дулаан байна.  Нэг болон гуравдугаар арав хоногийн эхэн ба дунд үеэр  1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Өмнөговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн өмнөд болон хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар  1–2 хэмээр дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр  1–2 хэмээр хүйтэн байх төлөвтэй байна. Хоёрдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ирэх долдугаар сард зүүн болон говийн аймгуудын нутгаар агаарын температур  дулаан, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Иймд хэт халах, гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр. Тиймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.