Эгэл түүхүүд цуврал: Б.Бадамцэцэг

Сул дорой байхаас, асуудлаа шийдвэрлэхдээ бусдаас тусламж авахаас хэзээ ч битгий ичээрэй

Автобусны суудал дээр сууцан утсаа оролдож байгаа залуу бүсгүйн зургийг нь дараад “ахмад настан”-д суудал тавьж өгсөнгүй “хуц” гээд л сууж байх юм гээд нэг эгч постолчихсон байсны доор нь маш олон хүн тэр залуу бүсгүйг харааж доромжилсон коммент бичсэн байгааг саяхан харсан юм. Тэгсэн хүүхэд байхад болсон нэг зүйл санаанд ороод… Дунд ангид орох үеэр миний хүзүүн дээр булчирхай цочоод, тэрийг үзүүлж явсаар байгаад шинжилгээнд өгөхөөр болж жижиг хагалгаанд орсон юм. Тэгээд Хавдар судлал билүү дээ Нарантуул захын тэндээс гэр лүүгээ явах болтол ээжид тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор бид хоёр автобусанд суусан. Хагалгаанд хагас норкозтой орсон болохоор миний хүзүүг зүсэж, хайчилж байгааг мэдрээд, дээшээ хартал гэрэлний бүрхүүлд хагалгаа хийж байгаа нь ойж харагдаад айж байсан. Хүзүүгээ зүсүүлээд булчирхай таслуулаад авчихсан, цагаан бинтээр ороогоод боочихсон… Хавар байсан болохоор ороолтоор нэмээд баглачихсан гаднаасаа бол юу ч болоогүй юм шиг хэрнээ дотроо бол шоконд орчихсон л хүүхэд явсан. Автобусанд ороод ээж намайг хамгийн хойд суудалд, цонхны хажууд суулгаад намайг хүмүүс бос гэхвийдээ гэсэн шиг урд халхлаад зогссон. Тэгсэн төд удалгүй 50 орчим насны эгч орж ирээд намайг босчих эгч нь сууя гээд загнаад эхэлсэн. Би босох гэтэл ээж татаж суулгаад “манай хүүхэд өвдчихсөн байгаа юм аа” гэтэл учиргүй загнаад, хараагаад эхэлсэн. Ээжийгээ тэгж загнуулуулаад, өөрийгөө “арчаагүй хүүхэд” гэж хэлүүлээд бүтэн цаг шахуу явж байсан үе надад тод үлдчихсэн юм уу тэрнээс хойш өвдөхөөрөө хүнд хэлэхгүй, мэдэгдэхгүй байх гэж их хичээдэг болоод, өвдвөл л нуучихдаг болсон. Ер нь хэцүү байвал нуух ёстой юм байна. Хүн зовж болохгүй юм байна гэж л их боддог болчихсон.

Хайртай хүмүүсээ зовоохгүйн тулд жаргалтай байх ёстой юм байна ч гэдэг юм уу. Дараа нь насанд хүрсэн байхдаа өвдчихсөнөө гэрийнхэндээ хэлээгүйгээс болж хүндрүүлээд, дараа нь тэрнээсээ эс юм болсон. Тэгээд ер нь хөгшин залуу гэлтгүй энэ дэлхийд амьдрах гэж тэмцээд, хичээгээд, туулаад явж байхад өөрсдийнхөө дэнсээр амьдралыг хэмжээд, бусдыг шүүж явдаг хүмүүсээс болж өөрийгөө илэрхийлэхээ больж болохгүй юм байна гэдгийг л сүүлд өвдөхдөө их хүчтэй ойлгосон. Хэцүү байвал хэцүү байгаагаа, өвдөж байгаа бол өвдөж байгаагаа, жаргалтай байгаа бол жаргалтай байгаагаа үнэнээр нь хүлээн зөвшөөрөөд илэрхийлж чадах нь маш том чадвар. Бас хүнийг хайрлахаас гадна хайрлуулж чаддаг байх хэрэгтэй шүү дээ. Одоо бодоход хэрвээ тэр үед өвдөж байгаагаа хэлсэн бол аав, ээж, насанд хүрсэн хүмүүс надаас илүү мэдлэгтэй амьдралын туршлагатай болохоор сүүлд нь тэгж хүнд өвдөхгүй байсан байх. Мөн тэр үед ээжийн загнуулснаас илүү ээж намайг босговол ухаан алдаад уначихна гэсэндээ хамгаалж байсан нь илүү чухал байсан байх. Тиймээс хэн ч байсан хайртай дотны хүмүүстээ сэтгэл зүрхээ нээж тусламж гуйж чаддаг байх хүчтэй байгаасай. Асуудлыг шийдвэрлэх амархан байхгүй ч өөрсдийн эрх ашгаа хамгаалж чаддаг байгаасай гэж бодож байна. Чамд туслахгүй хүмүүс зөндөө бий ч тусалж чадах хүн бас түүнээс олон бий. Сул дорой байхаас, асуудлаа шийдвэрлэхдээ бусдаас тусламж авахаас хэзээ ч битгий ичээрэй. Эцэст нь танихгүй ч гэсэн хүмүүс нэг нэгэндээ жаахан ч гэсэн хайртай байгаасай гэж л бодож явдаг даа. 

Сэтгүүлч Б.Бадамцэцэг