Нарциссист хүнд хэрхэн үгүй гэж хэлэх вэ?

 

 

Нарциссист хүн гэж хэн бэ?

“Нарциссист” зан чанартай хүмүүстэй харилцах аргад суралцахын тулд юун түрүүнд тэдний чухам хэн болох, ямар онцлог шинж чанартайг мэдэх нь чухал. 

“Нарциссист” хүмүүс ямагт өөрсдийгөө хэт дөвийлгөж, бусдаас илүү бас онцгой мэтээр мэдэрдэг. Тэд харилцаандаа хэзээд ялагч нь байхыг хүсдэг бөгөөд зөвхөн зорилгодоо хүрэхийн тулд л бусадтай харилцаа үүсгэдэг гэхэд хилсдэхгүй. Хүний сэтгэл хөдлөлийг урьдчилан таамаглах чадвар тэдэнд бий ч өөрсдөө л биш бол бусад хүний мэдрэмжийг шууд л үл тоомсорлодог ба нэг ёсны өрөвдөх чадваргүй амьд бодгалиуд юм. 

Та өнөөдрийг хүртэл ийм төрлийн зан чанартай хэн нэгэнтэй учирч байгаагүй байж болох. Гэвч хэзээ нэгэн цагт таарах, харилцаа өрнүүлэх хэрэгцээ гарахыг үгүйсгэх аргагүй тул тэднээс шууд зайгаа барьж зугтах бус өөрсдийгөө хамгаалахын зэрэгцээ дасан зохицох аргад суралцах нь зүйтэй болов уу. 

“Нарциссист” хүмүүстэй ямар ч түвшинд харилцахдаа эзэмшвэл зохих хамгийн чухал ур чадвар бол “ҮГҮЙ” гэж хэлж сурах явдал юм. 

"Үгүй" гэж хэлэх энгийн алхамууд:

Эрүүл харилцаатай хүмүүс “ҮГҮЙ” гэдэг үгийг шударга бөгөөд тодорхой хариулт хэмээн боддог бол “нарциссист”-ууд үүнийг хариулт бус хэрүүлийн шалтаг мэтээр хүлээж авдаг гэнэ. 

Тэгвэл маргаан үүсгэхгүйгээр тэдэнд хэрхэн эелдгээр “ҮГҮЙ” гэж хэлэх вэ?

1. Бүтэн өгүүлбэрээр илэрхийл 

Хамгийн эелдэгээр “ҮГҮЙ” гэж хэлэх арга бол товч бөгөөд тодорхой, ганцхан өгүүлбэрээр хүсэхгүй байгаагаа илэрхийлэх ба өгүүлбэрээ “баярлалаа”, “уучлаарай” гэсэн үгсээр төгсгөвөл илүү тохиромжтой. 

Тухайлбал: “Намайг урьсанд баярлалаа. Гэхдээ миний хувьд өнөөдөр гэртээ үлдэх нь илүү дээр бололтой. Надад өөр нэмж хэлэх зүйл алга, баярлалаа” гэх мэт…

 

2. Хариулт хэлэхээсээ өмнө бодох цаг гарга. 

“Нарциссист” хүмүүс хэзээд бусдад тулган шаардах, гарцаагүй байдалд оруулах, ямар ч үйлдэлд зохих ёсны хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байдаг. Тиймдээ ч та шууд “ҮГҮЙ” гэж хариулбал, тэд газар дээрээ л таныг ятгах өөр нэг арга сүвэгчлэх нь гарцаагүй.

 

3. Эргэлзэж байгаагаа бүү мэдэгдүүл

Нэгэнт тэдэнд “ҮГҮЙ” гэж хэлэхээр шийдсэн бол байр сууриндаа бат зогсож, үгээ эрс шулуудсан өнгөөр, эргэлзсэн шинжгүйгээр хэлэхийг хичээгээрэй.  Ганцхан хором эргэлзэх төдийд тэд нөхцөл байдлыг гартаа авч, овжиноор ашиглаж чадна. Эцэст нь та хүсээгүй зүйлээ хийхээс гарцаагүй байдалд орох вий. 

“Нарциссист”-ууд ихэвчлэн санасандаа хүрэхээс нааш хэзээ бууж өгдөггүй. Хэрэв та энэ төрлийн зан чанартай хүмүүстэй харилцахаас зайлсхийж чадахааргүй нөхцөл байдалд байгаа бол тэднийг ойлгохыг хичээн, хэт ойртож, дотносолгүй, хөндлөнгөөс харилцахыг эрмэлзэх нь танд тустай. 

 Эх сурвалж: psychologytoday.com