Та өөрөө хүсээгүй ч нэг л мэдэхэд хүүхдээ загнаж, эсвэл орилж хашхиран уурлачихсан байдаг уу? Жижигхэн зүйлс ч таны уур бухимдлыг төрүүлж, цухалдуулж, хяналтаа алдахад хүргэдэг үү?
Тэгвэл өөрийгөө "ууртай ээж" гэж нэрлэхээсээ өмнө эдгээр 6 зүйлийн аль нэг нь танд дутагдаж байгаа эсэхийг тунгаагаад үзээрэй.
1. Амсхийх цаг
Оюуны хэт ачаалал, стресс нь орчин үеийн эцэг эхчүүдэд тохиолддог хамгийн түгээмэл асуудал юм. Хэт ачаалал нь таны тархи удирдаж, боловсруулж чадахаасаа давсан их мэдээлэл, ачаалал хүлээн авах үед үүсдэг. Энэ үед хүмүүст тархи нь “гацсан мэт” мэдрэмж төрдөг бөгөөд үүний үр дүнд мэдээж уур бухимдал ихээр төрдөг байна.
Иймд өдөр багадаа 10 минутыг чимээгүй газарт, ганцаараа тайван өнгөрөөж, бясалгаж хэвшсэнээр мэдрэлийн хэт ачааллаас сэргийлэх боломжтой.
2. Таныг чин сэтгэлээсээ сонсох эсвэл туслах хэн нэгэн
Заримдаа бидэнд асуудлаа шийдэхэд туслах, ядаж л асуудлыг маань сонсож өгөх хэн нэгэн хэрэгтэй байдаг.
Сонсох, туслах найз нөхөд, гэр бүлийн гишүүд энэ үед танд юу юунаас илүү хэрэгтэй. Эсвэл Facebook-ийн ээжүүдийн бүлгэмд асуудлаа ярилцаж ч болох бөгөөд ингэснээр та ганцаараа зовж шаналж буй мэт мэдрэмжээсээ салж чадна.
3. Бүтэн нойр
Ядарсан, хэзээ хамгийн сүүлд бүтэн нойртой хоносноо санахгүй байгаа ээжүүд ууртай ээж болж хувирах нь тодорхой.
Тиймээс тайван унтаж, амрах цагаа нэн тэргүүнд тавиарай. Ингэхийн тулд гэр бүлийнхнийгээ ч мөн орой эрт унтуулж хэвшүүлээрэй.
4. Өөртөө тавих анхаарал
Өлсөх үедээ ууртай, цочмог авиртай болдог шинж тэмдэг дийлэнх хүмүүст илэрдэг. Хэрэв нийгмийн харилцаанд орох хэрэгцээ тань хангагдахгүй байх, шим тэжээл, эрдэс бодис биед тань дутагдах үед түргэн ууртай, цочмог зантай болох магадлал өндөр. Та өөртөө анхаарал тавихгүй бол өөр хүнд ч анхаарал тавьж чадахгүй.
5. Хайр халамж
Та робот биш шүү дээ. Өдөр бүр хүүхдүүдээ асарч, хайр энхрийлэл мэдрэх ч завгүй явснаар сэтгэлээр унаж, туйлдаа хүрч болзошгүй.
Хүүхдүүдээсээ сайхан үг сонсох тэврүүлэх, нөхрөөрөө магтуулах эсвэл ээжтэйгээ ярилцах хэрэгцээ танд хамгийн ихээр хэрэгтэй байдаг тул хайртай хүмүүсээсээ өөр тань цаг гаргаж, анхаарад хандуулахыг асуухаасаа бүү санаа зовоорой.
6. Хобби эсвэл зорилго
Заримдаа ээж болсныхоо дараа бид хэн бэ гэдгээ, хүсэл зорилго, мөрөөдлөө умартаж эхлэх нь бий. Хэрэв та өөрийнхөө зорилго мөрөөдөл, хоббигоо удаан хугацаанд орхивол уурлах, цухалдахаас гадна сэтгэл гутралд орох эрсдэлтэй.
Тиймээс хоббиндоо цаг гаргаж, өөртөө мөн шинэ зорилго, мөрөөдлийг бий болгоорой.
Эх сурвалж: simplyrootedfamily.com