1.ХҮҮХДҮҮДДЭЭ БАГА НАСНААС НЬ ЗААЖ СУРГАХ
Хүүхдийн жендэрийн боловсролыг мэдээж багаас нь олгож, жендэрийн мэдрэмжтэй болгон өсгөх нь үр дүнтэй. Манай улсын хувьд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Эрүүл мэнд” хичээлээр дамжуулан тодорхой хүрээнд бэлгийн боловсрол олгож буй нь жендэртэй шууд бусаар холбогдох юм. Мөн алхам тутамдаа хэрэглэж буй үгийн сонголт, үйлдэлдээ анхаарч, зөв үлгэр дуурайлал болох хэрэгтэй.
2.ДАРАМТ БИШ ДЭМЖЛЭГ
Эмэгтэй хүн учир өндөр албан тушаалын ажил хийж чадахгүй, эсвэл эрэгтэй хүн байж хариуцлагагүй, хувиа хичээсэн сонголт хийлээ хэмээн буруутгах хандлага манай улсад түгээмэл бий. Хүйсээс үл хамааран, хэн нэгний ажил мэргэжил, явуулж буй үйл ажиллагаа, гаргасан сонголтыг хүндэтгэх, тухайн хүнийг хүйсээр нь бус ур чадвар, хүсэл зоригийг нь харгалзан үнэлэх хэрэгтэй. Үүний тулд бусдад дарамт бус, харин дэмжлэг үзүүлэх нь чухал.
3.ЁС УЛАМЖЛАЛ, ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТУУД
Ёс уламжлалаа хүндэтгэн дээдлэх нь чухал хэдий ч өнөөдрийн бидний амьдарч буй нийгэмд тохирохгүй, хүний эрхэнд шууд болон шууд бусаар халдсан ёс уламжлал цөөнгүй бий. “Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй”, “Оргүйгээс охинтой нь дээр” зэрэг хэлц үгс нь үүний нэгэн жишээ юм. Тиймээс ёс уламжлалаа хүндэтгэхдээ авах гээхийн ухаанаар хандаж, байх нь орчин үеийн нийгэмд амьдарч, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахад нэн чухал билээ.
4.БҮҮ ХАЙРЦАГЛА
Эр хүн юм байж, охин хүүхэд байж, гэрийн эзэгтэй юм чинь гэхчлэн бусдыг хайрцаглах явдал манай улсад цөөнгүй. Эрхийг нь зөрчиж, сэтгэлзүйд нь халдсаныгаа “зүгээр шүү дээ”, "юун сүртэй юм" гэх үгсээр хаацайлж, үл тоомсорлох нь ялгаварлан гадуурхалтыг дэвэргэж, улмаар бэлгийн хүчирхийллийг ч бий болгох магадлалтай. Жендэрийн мэдрэмжгүй нэгний бодлогогүй, бүдүүлэг үйлдлийн улмаас бие махбод, сэтгэл санаагаараа хохирсон олон хүмүүс байдаг. Тиймээс та аль болох өөрөө хэн нэгнийг хайрцаглан, сэтгэлзүйд нь халдсан үйлдэл гаргахгүй байж, мөн бусдын гаргаж буй бүдүүлэг, мэдрэмжгүй үйлдлүүдийг таслан зогсоогоорой.
5.ЛГБТИК БАЙДЛЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Жендерийн тухайд заавал ярих ёстой зүйл бол ЛГБТИК (лесбиян, гей, бисексуал, трансжендэр, интерсекс, күийр) байдлын тухай ойлголт юм. Энэ тухай мэдлэг, мэдээлэлтэй байж, хүний эрх, хүйсийн болон бэлгийн чиг баримжаа, түүний олон янз байдлыг дээдлэх нь XXI зуунд амьдарч буй иргэний хувьд зайлшгүй анхаарах зүйл юм. ЛГБТИК гэлтгүй хүн бүрийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийг хүндлэх нь чухал. Бэлгийн цөөнхийн талаар бүдүүлэг, доромж үг хэрэглэхгүй байх, тоглоом шоглоом болон үзэн ядсан, доромжилсон үйлдлийг таслан зогсоох, бусдад энэ талаар зөв ойлголт түгээх нь жендэрийн мэдрэмжтэй хүн болох бас нэгэн том алхмуудын нэг болно.
6. ФЕМИНИЗМИЙГ ЗӨВӨӨР ОЙЛГОХ
Феминизмийг эрэгтэй хүнийг үгүйсгэх, үзэн ядах үзэл хэмээн ойлгодог хүмүүс цөөнгүй бий. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Феминизм гэдэг нь чухамдаа эрэгтэй, эмэгтэй гэх хоёр хүйсийн тухай асуудал бус, нийгмийн хамгийн эмзэг, дуу хоолойгоо бусдад хүргэх боломжгүй нийтлэг хэсгийг судлан, ил гаргаж ирэх, хүйсээсээ үл хамааран хүн бүр эрх тэгш байх тухай ойлголт юм. Феминизмийг зөвхөн нэг хүйсийн эрх ашгийн төлөө тэмцэх үзэл гэж ойлгох нь учир дутагдалтай бөгөөд эрх тэгш нийгмийн хүссэн хэн ч феминист байж болно.