Хүний нүд нэг сая гаруй өнгийг ялган харж чаддаг. Өнгө бүр өөр өөрийн бэлгэдэлтэй, өөр өөр утга агуулгыг илэрхийлдэг.
Тэгвэл өнгө бидний сэтгэлзүйд ч мөн өөр өөр нөлөө үзүүлж чаддаг байна. Өнгөний талаар илүү ихийг мэдэж авснаар бид хүүхдийнхээ сэтгэлзүйд орчин тойрных нь өнгө хэрхэн нөлөөлдгийг мэдэж авах, амьдралдаа ашиглах төдийгүй, өнгөний талаар хүүхдүүддээ мэдсэн зүйлсээ зааж өгөн, урлагийн мэдрэмжээ сайжруулахад нь туслах боломжтой.
1) ЦЭНХЭР
Цэнхэр өнгө нь тайвшрал, амар амгалан байдалтай холбоотой. Хүүхдийнхээ өрөөний ханыг цэнхрээр будах нь хүүхдийн тань сэтгэл санааг илүү тайван байлгахад тусална. Мөн зарим тохиолдолд цэнхэр өнгө нь уйтгар гунигтай холбоотой байдаг. Мөн хөвгүүд цэнхэр өнгөнд илүү татагдах хандлагатай байдаг байна.
2) ШАР
Шар өнгө нь төвлөрлийг сайжруулдаг. Хүүхдийнхээ өрөөг шар өнгө зонхилсон байдлаар тохижуулах нь хүүхдийн ой санамжийг сайжруулахад туслах ба нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурахад нь мөн дэм болно. Үүнээс гадна шар өнгө нь гэрэл, нарыг бэлгэддэг, хүнийг урам зоригтой, өөдрөг байлгах, маш их энерги өгдөг өнгө юм. Ингэснээр бидэнд ажиллах урам зориг, сэдлийг төрүүлдэг.
3) ЯГААН
Ягаан өнгө нь өрөвч, нинжин сэтгэл болон, цоглог байдал, эрч хүчтэй холбоотой өнгө юм. Охид ягаан өнгөнд илүү мэдрэг байх, татагдах хандлагатай байдаг. Ягаан өнгө нь мөн тайвшруулах увдистай байдаг ба хүүхдийнхээ өрөөг ягаан өнгөөр будсанаар та тэднийг илүү эрч хүчтэй, аз жаргалтай болгож чадна.
4) УЛААН
Улаан өнгө нь хүний сэтгэлзүйд хамгийн хүчтэй нөлөө үзүүлдэг өнгө юм. Энэ өнгө хүч чадал, эрч хүч, өсөлт хөгжилт, хайр дурлал гэх мэт маш олон зүйлийг илэрхийлдэг. Мөн хүмүүсийн анхаарлыг маш хурдан татдаг, сэтгэлийн хөөрөлд автуулдаг, мөн зарим тохиолдолд уур бухимдал, стрессийг хүртэл улам нэмэгдүүлэх нь бий. Тиймээс хүүхдийн өрөөнд улаан өнгийг оруулж тохижуулахдаа анхааралтай хандсан нь дээр байх нь ээ.
5) НОГООН
Хэрэв шөнө их сэрдэг, тайван унтаж чаддаггүй хүүхэдтэй бол унтлагын өрөөг нь ногоон өнгө түлхүү оруулан тохижуулахыг зөвлөж байна. Ногоон өнгө нь байгалийг бэлгэддэг ба хамгийн сайн тайвшруулах нөлөөг хүүхдийн сэтгэлзүйд үзүүлдэг. Мөн түүнчлэн анхаарал төвлөрүүлэх, уншиж ойлгох чадварыг нэмэгдүүлдэг байна.
Эх сурвалж: ecoleglobale.com