Эрүүл мэндийн яам, үндэсний статистикийн хороо болон эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын дата сангаас үндэслэн эрэгтэй хүнд түгээмэл тохиолддог өвчин эмгэгийн талаархи мэдээллийг нэгтгэн гаргасан байна.
Эрчүүдийн хувьд доорх өвчин эмгэгүүдээс үүдэлтэй хорт хавдар, нас баралтын тоо эмэгтэйчүүдийнхээс 3-4 дахин өндөр байдаг. Өөрт илэрсэн өвчний шинж тэмдгийг тоолгүй явснаас ид хийж бүтээх насан дээрээ хүнд өвчнөөр өвчлөх нь жилээс жилд нэмэгдэж байна. Өрхийн тэргүүн, халамжит хань, сайн аав та өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах нь гэр бүлдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү.
1. Зүрх, судасны тогтолцооны өвчин
Эрчүүдийн нас баралтын шалтгааны 50-иас дээш хувийг зүрх, судасны өвчин эзэлдэг. Товчхондоо, цусан дахь өөх тос хэвийн хэмжээнээс ихэссэнээс болж судсанд бөглөрөл үүсдэг. Судсан дах бөглөрлөөс үүдэн, зүрхний цусан хангамж муудаж, үйл ажиллагаа алдагдсанаар зүрх, судас өвчилдөг.
Илрэх ерөнхий шинж тэмдэг:
Цээжээр өвдөх,
Амьсгал давчдах, амьсгалахад хүндрэлтэй байх
Гар, мөр, хүзүү таллаж өвдөх
Буйл үрэвсэх
Хавагнах
Өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс
Нас
Удамшил
Архи, тамхины хэрэглээ
Буруу хооллолт
Хөдөлгөөний дутагдал
Таргалалт
Стресс
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Урьдчилсан үзлэгт хамрагдах
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Эрүүл зөв хооллох
Архи, тамхи хэрэглэхээс татгалзах
Сэтгэл санаагаа тайван байлгаж, уурлаж бухимдахаас зайлсхийх
2. Элэгний хорт хавдар
Элэг нь хүний бие дэх хорыг зайлуулах гол үүргийг гүйцэтгэдэг. Элэгний хорт хавдар нь элэгний эсүүдээс үүсдэг. Мөн дотор эрхтний хорт хавдруудаас элгэнд үсэрхийлэх тохиолдлоор үүсэж болно.
Илрэх ерөнхий шинж тэмдэг:
Шалтгаангүй жин хасагдах
Хэвлийн доод хэсэгт өвдөх
Нүд болон арьс шарлаж, загатнах
Байнга сульдаж ядрах
Хоолны дуршил буурах
Гэдэс цардайж, томрох
Өвчин үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс
Элэгний В, С вирусээр өвчлөх
Согтууруулах ундааны хэрэглээ
Таргалалт
Дархлааны өвчин
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Урьдчилсан үзлэгт хамрагдах
Согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзах
Элэгний вирусийн шинжилгээ тогтмол өгөх
Эрүүл зөв хооллох
3. Хоёр дахь зүрх буюу түрүү булчирхай
Түрүү булчирхай нь давсагны доод талд байрлах хушганы хэмжээтэй, булчинлаг эрхтэн юм. Уг булчирхайнаас дааврууд болон шүүрэл ялгардаг. Түрүү булчирхайн шүүрэл нь үрийн шингэний 30%-ийг бүрдүүлдэг бөгөөд эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөний идэвхжүүлдэг.
Түрүү булчирхай яагаад өвчилдөг вэ?
Бактерийн бус гаралтай буюу дархлаа, мэдрэлийн өвчний үед
Түрүү булчирхай болон ойролцоох хэсэгтээ гэмтэл авсан бол
Хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, БЗХӨ авах
Удамшил
Амьдралын буруу хэв маяг зэрэг олон шалтгаан нөлөөлдөг.
Түрүү булчирхайн өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ.
Шээс тасалдах, бие засахад хүндрэл учрах
Хэвлий, цавь, нурууны доод хэсэгт өвдөх
Шодой, төмсөг хавиар өвдөх
Дур тавихад өвдөх, хөвчрөл сул байх эсвэл хурдан дур тавих
Сэтгэлзүйн хувьд уур уцаартай, өөртөө итгэлгүй болох
Түрүү булчирхайгаа хэрхэн хамгаалах вэ?
Шүүрхий мах болон бүрэн болоогүй мах махан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх
Архи, тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхийх
Бэлгийн харилцаанд орохдоо хамгаалалт хэрэглэх
Тогтмол дасгал хөдөлгөөн хийх
Хүчиллэг хүнс, болон халуун ногоо ихээр хэрэглэхээс зайлсхийх
Жимс, хүнсний ногоо хүнсэндээ түлхүү хэрэглэх
4. Бэлгийн замаар дамжих халдвар
Бэлгийн замаар дамжих халдвар нь ихэвчлэн бэлгийн хавьтлын үед халдварладаг. Бэлгийн замын халдвар үүсгэдэг организмууд нь хүнээс хүнд цус, үрийн шингэн, үтрээний ялгарал болон биеийн бусад шингэнээр дамжин халдварлана.
Бэлгийн замаар дамжих халдварын үед илрэх шинж тэмдэг
Бэлэг эрхтэн, хошногоор гүвдрүү гарах
Шээхэд хорсох, халуун оргих
Эр бэлэг эрхтнээс ялгадас гарах
Бэлгийн хавьтлын үед өвдөх
Хэвлийн доод хэсгээр өвдөлт мэдрэгдэх
Халуурах
Бэлгийн замаар дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Тохиолдлын бэлгийн хавьтлаас зайлсхийх
Бэлгэвч хэрэглэх
Архи хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх
Тогтмол шинжилгээ өгөх
Хамтрагчдаа үнэнч байх
5. Ходоод, хоол боловсруулах эрхтний өвчлөл
Хоол боловсруулах эрхтний тогтолцоонд улаан хоолой, ходоод, нарийн, бүдүүн гэдэс, элэг, цөс, нойр булчирхай хамаардаг. Амьдралын хэв маяг, буруу хооллолт, архи тамхины хэрэглээ гэсэн хэдхэн шалтгаанаас үүдэн эдгээр эрхтнүүд өвчлөх нөхцөл бүрддэг.
Хоол боловсруулах эрхтний тогтолцоо алдагдсан үед илрэх шинж тэмдэг
Цээж хорсох
Хоол идсэний дараа гэдэс цанхайх, дүүрэх
Хоолны дуршил буурах
Хэвлий аюулхай орчимд эвгүй оргих, өвдөх
Суулгах өтгөн хатах
Өтгөн цустай гарах, цустай бөөлжих
Шалтгаангүй турж эцэх
Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Эрүүл зөв хооллох
Архи, тамхи хэрэглэхээс зайлсхийх
Дасгал хөдөлгөөн хийх
Сайн унтаж амрах
Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
6. Бөөрний өвчлөл
Эрэгтэйчүүдийн өвчлөлийн 15% орчим хувийг зөвхөн бөөрний өвчлөл эзэлж байна. Бөөрний өвчин дотроо олон хэлбэртэй. Үүнээс бактерийн гаралтай бөөрний өвчлөлийн тоо ихээр нэмэгдэж байгаа.
Монголд 5,000-6,000 хүн тутмын нэг нь бөөр орлуулах эмчилгээний хяналтад байдаг гэсэн судалгаа бий.
Бөөр таны биед дараах үүргийг гүйцэтгэнэ
Усны тэнцвэрийг зохицуулна
Цусан дахь бохирдлыг ялгаруулж цэвэрлэнэ
Хүчил, шүлтийн тэнцвэрийг барина
Даралт тогтворжуулах
Бөөрний өвчин үүсэх гол шалтгаанууд
Удамшил
Амьдралын буруу дадал зуршил
Цаг уурын эрс тэс байдал
Бактери, вирусийн гаралтай өвчнүүд
Буруу хооллолт
Таргалалт
Сэтгэлзүйн тогтворгүй байдал
Чихрийн шижин
Бөөрөө хэрхэн хамгаалах вэ?
Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах
Амны хөндийн эрүүл мэндийг сайтар сахих
Хэт даарах, ядрахгүй байх
Дасгал хөдөлгөөн хийх
Эрүүл зөв хооллох
Архи, тамхинаас татгалзах
7. Сэтгэцийн эрүүл мэнд тоглоом биш
Сэтгэцийн эрүүл мэндэд бидний сэтгэл хөдлөл, сэтгэл зүй, нийгмийн харилцаа гээд олон зүйл хамаардаг. Бидний сэтгэх, мэдрэх, харилцах үйлдэл хийхэд нөлөөлдөг гэсэн үг.
Манай улсын 3 хүн тутмын 1 нь сэтгэцийн ямар нэгэн дарамтад байдаг гэсэн судалгаа байдаг. Хэн ч, хэзээ ч сэтгэцийн эмгэгтэй болж магадгүй. Тиймээс сэтгэцийн эрүүл мэндээ бие махбодтойгоо адил хайрлан хамгаалж, анхаарч байх нь зүйтэй юм.
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд олон хүчин зүйл нөлөөлдөг
Удамшил
Хүчирхийлэл
Архи, мансууруулах бодисын хэрэглээ
Стресс
Сэтгэлзүйн цочрол
Өөрийгөө эерэг бодлоор цэнэглэж үргэлж өөдрөг байгаарай
Сөрөг бодлуудаасаа зайлсхийх
Сайн унтаж амрах
Дасгал хөдөлгөөн, бясалгал, иог хийх
Хорт зуршлаас зайлсхийх
Эргэн тойрныхонтойгоо асуудлаа нуулгүй ярилцаж байх
Зөв хооллох