Эрэгтэйчүүдийн сэтгэлзүйн тулгамдсан асуудлууд ба тэднийг хэрхэн давах вэ?

Сэтгэлзүйн өвчин, сэтгэл санааны өөрчлөлт гэдэг нь бусад өвчин шиг мэдэгдэх, бие дээр ил харагдах шарх сорив үгүй, далд хэлбэрт явагдаж байдаг.

Үүнээс болж сэтгэлзүйн эмгэгээр шаналж буй хүмүүс өөрсдөө үүнийгээ мэдэхгүй явах нь элбэг. Онолын үүднээс хүн сэтгэлзүйн өөрчлөлттэй болсноо өөрөө тэр бүр мэдэх боломж бага байдаг. Хэрвээ танд доорхи шинж тэмдгүүдээс ихэнхи нь илэрч байвал сэтгэл гутрал, сэтгэлзүйн эмгэгтэй болсон байж болзошгүй юм.

  •   Сэтгэл хөдлөл байнга өөрчлөгдөх. Уурлах, уйлах, айж сандрах, дуугаа хураах

  •   Сэтгэлзүйд хүчтэй нөлөөлсөн үйл явдалуудыг байнга бодох

  •   Нойргүйдэх

  •   Өөртөө эргэлзэх. Өөрийгөө хэт өндөр эсвэл доогуур үнэлэх

  •   Ямар нэгэн зүйлд хэт донтох

  •   Бэлгийн сулрал

  •   Харилцааны бэрхшээл

  •   Амьдралын зорилго, үнэт зүйлсийн талаар өөрийн гэсэн үзэл бодолгүй мэт болох

Дээр дурдсан шинж тэмдгүүд даамжирч, сэтгэлзүйн эмгэг хурцадсанаас үүдэн өөрийгөө гэмтээх хүсэл төрөх, бүр цаашлаад хүнд амиа хорлох талаар бодлууд орж ирдэг. Ялангуяа эрэгтэй хүмүүс тулгамдсан асуудал, сэтгэлийг зовоож буй зүйлсээ ярихгүй дотроо хадгалснаас болж сэтгэлзүйн асуудлууд нь энэ хүртлээ хурцаддаг байна. Амиа хорлож буй хүмүүсийн 84% нь эрчүүд байна гэсэн судалгаа бий. Амиа хорлолт манай нийгэмд, эрчүүдийн дунд чимээгүй тахал болон тархаж буй бөгөөд үүнд нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс байна.

  •   Гэр бүлийн асуудал

  •   Нийгмийн харилцааны асуудал

  •   Архины хамаарал

  •   Эдийн засгийн хүндрэлүүд

  •   Араар тавилт, бэлгийн харилцааны хөрөлт

  •   Эрүүл мэндийн асуудал, хөгжлийн бэрхшээлтэй болох гэх мэт.

Тэгвэл эдгээр сэтгэлзүйн асуудлуудаа хэрхэн шийдэх вэ?

Сэтгэлзүйн тогтвортой байдлыг бий болгоход хамгийн чухал нь уламжлалт сэтгэлзүйгээсээ салах хэрэгтэй. Жендерийн эрх тэгш байдалд хүний нас, хүйс, гарал угсаа, бэлгийн чиг хандлага огт хамааралгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хуучинсаг үзэл бодлоосоо болоод өөрийгөө нийгмээс тусгаарлах нь асуудлыг зөвөөр шийдэх алхам биш гэдгийг санаарай.

  •      Хүссэн үедээ уйлж, инээ. Би эр хүн учраас гэсэн хуучинсаг үзлээсээ сал

  •  Зөвхөн ажил, гэр бүлээс гадна өөрийн сонирхолд нийцсэн шинэ хүрээлэлтэй болох нь таныг шинэ түвшинд хүргэнэ.

  •        Дасгал хөдөлгөөн хийх үед аз жаргалын дааврууд ялгарч байдаг.

  •        Гэр бүл таны хамгийн дотны хүрээлэл учраас нандин бүхнээ хуваалц.

  •     Дуу сонсох, спортоор хичээллэх, хоол хийх, тоглож наадах гээд өөртөө цаг гарга.

  •       Таны амьдралд ямар ч асуудал тулгарч болно. Шийдэж чадахгүй бол бусдаас зөвлөгөө авч сур

  •       Цахим орчин, тв мэдээ, орчин тойрон чинь хар бараан зүйлсээр дүүрэн байсан ч та өөрийгөө үргэлж гэгээлэг зүйлсээр цэнэглэж байгаарай

  •       Архи ууж, тамхи татлаа гээд таны асуудал шийдэгдэхгүй. Оюун санаа болон биеэ битгий хордуулаарай.