Ээжийн зөв байж дээ гэж сүүлд нь харамсдаг 7 зүйл

Зарим найзууд тань үнэхээр “муу үлгэр дуурайлал” байж болно

Заримдаа ээж тань сайн найзтайгаа гарч орох, цагийг өнгөрүүлэхэд чинь нэг л дургүй, таатай биш ханддаг мэт санагддаг уу? Энэ хүнтэй л нийлж буруу юм хийх гээд байна, чамд буруу үлгэр дуурайлал болж байна гэж хэлэхийг нь сонсож байсан ч тоолгүй өнгөрөөдөг үү? Тэгвэл энэ тал дээр заримдаа ээжийн зөв байж таардаг. 5 эсвэл 10 жилийн дараа бодоод үзэхэд үнэхээр тэр найз маань онцгүй хүн байж таарч дээ, ээжийн л зөв байж гэж бодох үе бишгүй их ирнэ.

Тэр залуу/охин чамд тохирохгүй

Ээжид тань хайртай хүн, болзож буй хүн тань таалагдахгүй байх үед ээжийнхээ өөдөөс маргалдахын оронд түүнтэй ярилцаж, яг юу нь таалагдахгүй, яагаад болохгүй байгааг асуугаад үзэх нь зөв юм. Бид заримдаа хайрлаж дурлахаараа сохорчихдог шүү дээ. Таны харж чадаагүй ямар нэг зүйлийг ээж тань гарцаагүй харж чадсан байж ч болно.

30, 40 хүрэхээрээ шивээснээсээ ичиж магадгүй

Мэдээж шивээс, piercing нь орчин үед тийм ч муу зүйлд тооцогдохоо больж, энгийн л зүйл болсон. Гэхдээ таны 18, 20 насандаа бие дээрээ шивүүлсэн зүйл тань 10, 20 жилийн дараа ч танд таалагдсан хэвээрээ байх болов уу? Мөн эцэг эхийнхээ насан дээр ирсэн ч шивээсний талаарх бодол тань хэвээрээ байх эсэхийг бас бодолцож үзээрэй.

Юу идэж ууж байгаагаа анхаарах

Заавал өглөөний цайгаа уу, битгий гадуур хоолло гэж үглэх ээжийнхээ үгийг та хэдхэн жилийн дараа, биеийн тань аль нэг хэсэг өвдөж эхэлсэн цагт л ойлгож, харамсахгүйн тулд одооноос эрүүл зөв хооллоорой.

Биеэ даах

Хүнтэй түрүүлж очоод мэндэл, худалдагчаас өөрөө очоод асуу, хамаатнуудтайгаа утсаар ярь гэж ээж тань хэлэх болгонд нь ядаргаатай санагдаж байгаа байх. Гэхдээ яг амьдрал дээр гарахад энэ нь нийгэмших, хүнтэй харилцах хамгийн том дасгал байсныг, биднийг биеэ даасан хүн болгох гэж л тэгдэг байсныг ойлгох болно.

Ах эгч, дүүтэйгээ эвтэй байх

Нэг гэрт, хамт амьдарч байхдаа хэрэлдэж муудалцдаг байж болох ч тусдаа гарч, амьдралд хөл тавьсны дараа хэцүү зүйл тохиолдоход хамгийн түрүүнд санаанд орох хүн бол төрсөн ах эгч, дүү байдаг билээ. Ээж тань үүнийг хэнээс ч илүү мэдэж байгаа учраас үргэлж эвтэй бай гэж захидгийг нь ойлгоорой.

Гоё ганганаас илүү чанартайг нь сонгох

Хувцас сонгох, дэлгүүр хэсэх үед ээжийн тань өгч буй зөвлөгөө одоохондоо хуучинсаг санагдаж магадгүй. Гэхдээ цаг явах тусам та гоё ганган, чамин хэр нь богино настай эд хэрэглэлээс илүү чанартай, удаан эдэлгээтэй зүйл худалдаж авах нь хамгийн шилдэг сонголт болохыг ойлгоно.

Эх сурвалж: goodhousekeeping.com