Хүүхдийнхээ EQ буюу “Emotional Intelligence”-ийг хөгжүүлэхэд туслах 5 зөвлөмж

EQ буюу “Emotional Intelligence”  гэдэг нь өөрийнхөө болоод бусдын сэтгэл хөдлөлийг зөвөөр таних, ойлгох, бусдыг өрөвдөж энэрэх, санаа бодлоо үр дүнтэй илэрхийлэх, харилцаагаа эерэг бөгөөд үр өгөөжтэй болгох сэтгэл хөдлөлийн чадвар, ухаан юм.

1. Мэдрэмж, сэтгэл хөдлөлөө таних, ойлгоход нь туслах

EQ-ийн үндэс суурь нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж, яагаад тэдгээр мэдрэмж бий болж байгааг ухамсартайгаар ойлгох чадвар юм. Тиймээс хүүхдийг баярлах, хөөрөх, догдлох, уурлах, гуниглах, урам хугарах гэх мэт үед нь тэдгээр сэтгэл хөдлөл хаанаас хэрхэн бий болсныг ярилцаж, юу мэдэрч байгаагаа ойлгохгүй үед нь тайлбарлан чиглүүлэх хэрэгтэй.

 

2. Мэдрэмжээ илэрхийлэхэд нь зөвөөр хүлээж авах

Өөрийнхөө мэдрэмжийн үүдэл шалтгааныг таньдаг хүүхэд яваандаа бусдын сэтгэл хөдлөлийг зөвөөр ойлгодог хүн болдог. Харамсалтай нь уур бухимдал, уйтгар гунигийн мэдрэмж илүү хүчтэй тусдаг бага насанд эцэг эхчүүд хүүхдээ зэмлэн буруушаах, хатуурхан удирдах алдааг багагүй гаргадаг. Харин энэ үед хүүхдийнхээ мэдрэмжийг ойлгон ухаарч байгаагаа илэрхийлэх нь зүйтэй.

 

3. Өөрөө үлгэр жишээ үзүүлэх

Эцэг эх нь EQ өндөртэй бол хүүхэд нь ч бас EQ-ийн чадвар өндөртэй болдгийг судалгаагаар тогтоожээ. Хүүхдэдээ үлгэр жишээ болох энгийн арга нь аав ээжүүд ямар ч нөхцөлд тайван байх, харааж хашхирахгүй, хоорондоо маргалдахгүй байх, сэтгэл хөдлөл илэрхийлэх үгсийг ашиглах зэрэг юм. Мөн өөрт төрсөн мэдрэмжийнх нь талаар хүүхэдтэйгээ харилцан ярилцаж, сэтгэл хөдлөлийг нь илэрхийлсэн үгсийг ашиглуулахыг хичээгээрэй.

 

4. Сөрөг мэдрэмжүүдээ эрүүлээр гадагшлуулах аргыг заах

Хүүхэд юу мэдэрч байгаагаа өөрөө мэддэг болсны дараа тэрхүү мэдрэмжээ давах, гадагшлуулах эрүүл аргыг сурах шаардлагатай болдог. Сандарсан үедээ тайвшрах, гутарсан үедээ сэргэх, уураа барих зэрэг нь бүх насныханд хэрэгтэй чадвар билээ.

 

5. Асуудалд шийдэл олох чадварыг хөгжүүлэх

EQ-ийн нэгдүгээр алхам нь өөрийнхөө сэтгэл хөдлөлийг таньж, удирдах бол дараагийн алхам нь тэдгээр мэдрэмжийг бий болгосон асуудлыг үр дүнтэй, тайвнаар шийдэж сурах юм. Хүүхдэд ямар нэг асуудал тулгарахад түүнийг шийдвэрлэх таван арга олох дасгалыг хийлгээрэй. Ингэснээр хүүхэд сэтгэл хөдлөлдөө баригдан гэнэтийн үйлдэл хийх бус, бодож тунгаасны дараа үйл хөдлөлөө хийдэг болох юм.