ОНЛАЙН ОРЧИНД НАЙРСАГ БАЙХ 14 ЗӨВЛӨМЖ

Онлайн орчинд найрсаг, эерэг байх чинь өөр хэн нэгэнд маш их ач, тустай байж болох юм шүү. Бид бусдад туслах эсэх, бусдын үйл хэргийг өөрийн үйлээс өмнө тавих уу гээд бүгдийг өөрсдийн сонголтоор үйлддэг. Бусдад тусламжийн гараа сунгаж, бусдын хэрэгцээ, шаардлагыг өөрийнхөөсөө өндөрт тавьснаар бид юугаар ч хэмжиж үл болох асрал энэрэл, өрөвч нинжин сэтгэлийн үрийг суулгаж, ургуулж байдаг. Хүний өчүүхэн жижиг үйл хөдлөл хүртэл асар их нөлөө үзүүлэх хүчтэй байдаг. Ганц удаагийн чин сэтгэлийн найрсаг үйлдэл газар, дэлхийг баяр хөөрөөр бялхсан, илүү эерэг оршихуй болгон өөрчлөх боломжтой билээ. Иймээс онлайн орчинг илүү эерэг, эрүүл байлгахад нэн чухал зүйл болох онлайн орчинд найрсаг байхтай холбоотой хэдэн энгийн зөвлөмжийг хүргэж байна.

1. Өөдрөг байгаарай

Чамайг юу баяр хөөртэй болгосон, чи юунд баярлаж талархсан гээд өөрт тохиолдсон эерэг зүйлсээ нийтлээрэй. Чиний баяр хөөр, чин сэтгэлийн талархал өөр хэн нэгний сэтгэл санааг өргөж, сэтгэл зүрхэнд нь гэрэл асааж ч магадгүй юм шүү.

2. Бусдад туслаарай

Найз чинь ч юм уу, гэр бүлийн чинь хэн нэгэн ямар нэг зүйл хийж чадахгүй байгаагаа нийтэлж, тусламж хүссэн байвал... Тусламж хүссэн тэр зүйлийг нь чи маш сайн хийдэг, мэддэг чаддаг бол постных нь дор тусалж чадахаа илэрхийлж, зааж өгөөрэй. Чамд хялбар санагддаг зүйл магадгүй хэн нэгэнд хэцүү ч байж болно шүү дээ.

3. Талархлаа илэрхийлж байгаарай

Танилуудын чинь нэгэн ямар нэгэн сайн зүйл хийж, сайхан сэтгэл гаргасан байвал тэдэнд баярлаж талархаж буйгаа илэрхийлээрэй. Чиний талархал тэдний хувьд үнэ цэнэтэй байх нь дамжиггүй.

4. Хөгжилтэй зураг, видеог гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаарай

Ямар нэгэн хөгжилтэй, инээдтэй видео, зураг олвол ганцаараа үзэж, баясаад өнгөрөх бус найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ бас хуваалцаарай. Чамд инээд хөөр бэлэглэж байгаа бол тэднийг ч бас адил хөгжөөх нь дамжиггүй. Магадгүй таагүй өдөр тохиолдож, сэтгэл дундуур суугаа нэгэнд чимх инээд бэлэглэх ч юм бил үү.

5. “Эрхий хуруу”, “Зүрх” харамгүй илгээж байгаарай

Хэн нэгний нийтэлсэн зүйл чамд таалагдсан бол “лайк” дарж, зүрх илгээх зэргээр сэтгэгдлээ илэрхийлж байхыг хичээгээрэй. “Эрхий хуруу”, “зүрх” – энгийн нэг дүрс боловч зарим нэгний хувьд том зүйл байж болох юм.

6. Гэр бүл, найз нөхөдтэйгөө видеогоор холбогдоорой

Zoom, FaceTime, WhatsApp зэрэг апп-уудыг ашиглан алс холд суугаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ холбогдож, тэднийхээ амар мэндийг мэдэж, тэдэнтэйгээ сэтгэл, зүрхээрээ холбоотой, ойр байгаа шүү гэдгээ ойлгуулах боломжтой.

7. Санаа тавьж буйгаа илэрхийлээрэй

Найз нөхдөдөө онлайнаар амар, мэндийг нь асуун хичээл ном, амьдрал ахуй, эрүүл мэндийг лавлаж мессеж илгээж байгаарай. Чиний мессежийг авсан найз нөхөд чинь чамайг өөрсдөд нь санаа тавьж буйд баярлах нь гарцаагүй.

8. Эерэг постуудыг хуваалцаарай

Онлайнаар үзсэн сэтгэлийг чинь хөдөлгөж, урам зориг өгсөн зүйлсээ өөрийн найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Гайхалтай уран үгс, сайхан зураг, урам зориг өгсөн видео - өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сэтгэл санааг өргөж, тайвшруулдаг.

9. Онлайн таавар явуулаарай

Видео конференц хийдэг апп-уудыг гэр бүл, найз нөхдөөрөө онлайнаар уулзаж, хөгжилдөхөд ашиглаж болно. Хэрэв дотны хэн нэгэн чинь ганцаардаж байвал онлайн таавар/quiz зохион байгуулж яагаад болохгүй гэж.

10. Коммент бичихээсээ өмнө тунгаана уу

Үйлдэл хийхээсээ өмнө сайн бодож, тунгаах маш чухал шүү. Ямар нэгэн коммент бичихээс өмнө дахин, дахин бодоорой. Ингэснээрээ магадгүй хэн нэгнийг гомдоолгүй өнгөрч ч болно. Үргэлж сайныг л нийтэлж, эерэг байхыг хичээгээрэй. Сайн биш л бол пост хийгээд хэрэггүй дээ.

11. Өрөвч, нинжин сэтгэлтэй байгаарай

Бусдын сэтгэл зүй, нөхцөл байдлыг ажиж, тэднийг өрөвдөнө гэдэг аминч үзэлгүй, энэрэнгүй байгаагийн илрэл юм. Найз нөхдөөс нь хэн нэгэн уйтгартай, гунигтай, тавгүй юм шиг санагдвал тэдэнтэй ярилцах боломжтойгоо илэрхийлж мессеж бичээрэй.

12. Сонирхол нэг найз нөхөд, гэр бүлийн гишүүдээ хооронд нь танилцуулах

Өөрийн итгэлтэй, дотны найз нөхөд, гэр бүлийн хүрээлэл дунд чинь сонирхол ижил хүмүүс байж болох юм. Чи тэднийг хооронд танилцуулж болох л юм. Гэхдээ эхлээд сайн бодож тунгаа, өөрсдөөс нь асууж, лавла, зөвхөн зөвшөөрсөн тохиолдолд хооронд нь танилцуулаарай.

13. Хийх дуртай зүйлсээ бусдад санал болгох

Онлайнаар хийх дуртай зүйлсээ тухайлбал тоглох дуртай тоглоом, байнга зочилдог сонирхолтой хичээл, мэдээ, мэдээлэл бүхий сургалтын сайтууд зэргээ найз нөхөдтэйгөө хуваалцаарай. Ямар нэгэн сонирхолтой, сургамжтай кино үзсэн байсан ч түүнийгээ найз, нөхөдтэйгөө хуваалцаж байгаарай. Ингэж өөрт таалагдсан зүйлсээ бусадтайгаа хуваалцах нь өглөгч, найрсаг байдлын илэрхийлэл болох бөгөөд чиний хуваалцсан зүйл зарим нэгэнд нь маш их ач тусаа өгөх ч юм бил үү.

14. Бусдын амжилтыг урмын үгээр тэтгээрэй

Найз нөхөд, гэр бүлийнхнээс нь хэн нэгэн шалгалтаа амжилттай өгсөн, шинэ зүйл сурч мэдсэн, том ажлын ард гарсан тухайгаа бахархан нийтэлсэн байвал магтаж сайшааж, баяр хөөрийг нь хуваалцаж байгаарай. Бусдын хичээл зүтгэл, хөдөлмөрийг таньж үнэлдэг байх, улмаар магтаж урамшуулж, хуваалцдаг байна гэдэг найрсаг, сайхан зангийн илрэл юм шүү.

Эх сурвалж: www.ekids.mn