"БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ" АЯН ЭХЭЛЛЭЭ

“БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ

Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээргийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргүүд нь үндэсний аюулгүй байдал, байгаль орчинд аюул учруулж байдаг. Монгол Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 1.5 хувийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэг өнгөрөн оны мөн үеэс 11.5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

Энэ төрлийн гэмт хэргийг бууруулахын тулд хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд салбар дундын уялдаа холбоогоо сайжруулж, үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулсаар байна. Гэхдээ хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил нь  зөвхөн төрийн байгууллага тэр дундаа хууль хяналтын байгууллагын хэрэгжүүлдэг ажил биш юм. Энэ ажилд иргэн бүрийн оролцоо чухал.

Тус Ажлын алба иргэд олон нийтийн экологийн боловсролын дээшлүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгжийг татан оролцуулж, байгаль хамгаалах ажилд үүрэг оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор 2017 оноос “Байгалиа Хамгаалъя” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэ жил Экологийн цагдаагийн алба, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Байгалиа Хамгаалъя” уриан дор нэгдсэн арга хэжмээг 7 дахь жилдээ зохион байгуулж байна.

Байгаль орчноо хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Байгалиа хамгаалъя” нэгдсэн арга хэмжээнд иргэн бүр нэгдэж оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.