Н.ОДОНТУУЛ: ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ОНЦЛОГ НЬ ДАХИН ДАВТАГДДАГ, ДААМЖИРДАГ, ТОЙРОГ ХЭЛБЭРЭЭР ҮРГЭЛЖЛЭН ҮЙЛДЭГДДЭГ

Гэр бүлийн хүчирхийллийн талаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, Хууль зүйн доктор Н.Одонтуултай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ гэдэг тодорхойлолтоос ярилцлагаа эхлэх үү?

-Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл, түүний дөрвөн хэлбэрийг тодорхойлж хуульчилсан. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно. Гэр бүлийн хүчирхийлэл нь дөрвөн хэлбэртэй. Бие махбодын хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэл, учруулж болзошгүй эс үйлдэхүйг ойлгоно. Сэтгэл санааны хүчирхийлэл гэж тухайн хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх болон хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох зэргээр сэтгэл санааны шаналал үүсгэхийг ойлгож болно. Эдийн засгийн хүчирхийлэл гэж гэр бүлийн гишүүний цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тухайн хүний хуваарьт хөрөнгө, мөн дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдаж байгаа, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх, эдийн засгийн хараат байдалд оруулсан, мөн эд хөрөнгийн хохирол учруулдаг.  Бэлгийн хүчирхийлэл гэж хүсээгүй байхад нь бэлгийн шинжтэй аливаа үйлдэл хийх албадахыг хэлнэ. Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, мөн хуваарьт болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг нь зөрчсөн бол гэмт хэрэгт тооцогддог. Зөрчлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдсаныг зөрчилд тооцно шүү дээ. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг эрхшээлд байлгах, гэр бүлийн харилцаандаа өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дээрх үйлдлийг хийвэл гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэж байгаа юм.

 

- Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэхээр ихэвчлэн эхнэр, нөхөр, хүүхэд гэж ойлгоод байдаг шүү дээ?

- Зөвхөн эхнэр, нөхөр, хүүхэд гэж ойлгож болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй хүн хамаарна.  

 

-Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан юу вэ?

-Хүчирхийлэгч нь эцэг, эх, ах, эгч, дүү, хамтран амьдрагч, эхнэр, нөхөр, хүүхэд гэр бүлийн гишүүдээ эрхшээлдээ байлгах, гэр бүлийн харилцаанд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор хүчирхийлэл үйлддэг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хоорондын эрх мэдлийн тэнцвэргүй байдал нь суурь шалтгаан болдог.

 

-Зарим хүмүүс гэр бүлийн хүчирхийлэлд байгаагаа мэдэхгүй дасан зохицох эсвэл хүлээн зөвшөөрсөн байдал ажиглагдаад байдаг. Эцэст нь энэ бүхэн хэзээ ч сайнаар төгсдөггүй тохиолдол бодит амьдралд өчнөөн бий?

- Гэр бүлийн хүчирхийллийн улмаас эрүүл мэнд, амь насаа алдсан харамсалтай тохиолдол олон бий. Монгол Улсын Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүд буюу эхнэр, нөхөр гэр бүлийн харилцаанд тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ, хэн нэгэнд давуу эрх байхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн онцлог нь дахин давтагддаг, даамжирдаг, тойрог хэлбэрээр үргэлжлэн үйлдэгддэг. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл нь цоожтой хаалганы цаана, гэр бүлийн дотоод орчинд үйлдэгддэг. Гудамжинд танихгүй хүмүүсийн дунд үйлдэгдсэн бусад хүчирхийллийн хэргийг харсан, үзсэн гэрчтэй, хохирогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагатай хамтран ажиллах хандлагатай байдаг бол гэр бүлийн хүчирхийллийн хэргийн хохирогч хууль сахиулах, шүүхийн байгууллагаас аль болох дөлөх, зугтаах, нуугдах, хүчирхийллийн нөхцөл байдлыг бууруулж мэдүүлэг өгөх хандлагатай байдаг. Түүнчлэн хүчирхийллийн эхэн үед хүчирхийлэгч хохирогчийг хяналтдаа байлгах зорилгоор шүүмжилдэг, доромжилдог, бусад байдлаар сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлдэг. Дараагийн үед хүчирхийлэл илүү ноцтой болж хүчирхийллийн олон хэлбэрээр үйлдэгддэг. Сүүлийн шатанд хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчоос уучлал хүсдэг, гэмшдэг, дахин хүчирхийлэл үйлдэхгүй гэж амлалт өгдөг. Өөрийнхөө үйлдлийг чамд хайртай учраас ийм үйлдэл хийсэн мэтээр ойлгуулдаг. Энэ үед хохирогчид итгэл төрж, дахин хүчирхийлэл үйлдэгдэхгүй, гэр бүлийн харилцаа хэвийн үргэлжилнэ гэсэн найдвар төрдөг. Гэвч хэсэг хугацааны дараа дахин хүчирхийлэл эхэлж, даамжирч, өмнөх үедээ эргэн орж, хүчирхийлэл нь тойрог хэлбэрээр үргэлжилдэг. Энэ бүхэн эцэстээ хохирогч амиа алдах, эрүүл мэндэд нь хохирол, хүнд хор уршиг учрах нөхцөл байдалд хүргэдэг. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн бусад хүчирхийллийн хэргээс ялгаатай онцлог шинжийг анхаарч үйлдэгдсэн цаг мөчөөс эхлэн хууль сахиулах байгууллагад мэдэгдэж, зогсоох шаардлагатай. Түүнчлэн хууль сахиулах болон шүүх эрх мэдлийн байгууллагын ажилтнууд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийг шалгах, хянан шийдвэрлэхэд хохирогчийн хэрэгцээ, шаардлагыг анхаарч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй аргаар явуулах нь зүйтэй.

 

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОХИРОГЧ, ГЭРЧИЙН ӨРӨӨГ БИЙ БОЛГОСОН

-Монголчууд “Эр, эмийн хооронд илжиг бүү жороол” гэж ярьдаг, энэ нь бүр хэвшмэл ойлголт болчихсон. Ийм байдал нь хүчирхийллийг өөгшүүлэх, нуун дарагдуулах шалтгаан нөхцөл  болох уу?

-Монголчуудын дунд ийм ойлголт байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа, хүчирхийллийн хохирогч болсон талаар мэдсэн, харсан, сонссон хүн бүр хуульд зааснаар цагдаагийн байгууллагад заавал мэдээлэх үүрэгтэй. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг харсан, сонссон, мэдсэн даруйд цагдаагийн байгууллагад мэдээлэх нь хохирогчийн амь нас хохирох, эрүүл мэндэд хохирол учрах, хүчирхийлэл даамжирахаас хамгаалах боломжтой. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил, гэмт хэрэг гэж юу болох, ямар онцлог шинжтэй болох талаар иргэд, олон нийт үнэн зөв мэдээ, мэдээлэл, ойлголт авснаар хүчирхийллийг таслан зогсоож, бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учрах, аливаа эрсдлээс хамгаалах боломжтой гэдгийг ойлгож шуурхай дуудлага, мэдэлэл өгсөнөөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.  

 

-Гэр бүлийн хүчирхийллийн талаарх дуудлага, мэдээлэл болон хэрэг хянан шийдвэрлэлт сүүлийн жилүүдэд ямар үзүүлэлттэй байна вэ?

-Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудаст гарсан мэдээллээс үзэхэд 2024 онд Цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 44,673 гэмт хэрэг бүртгэгдсэнээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 123 бүртгэгдсэн байна. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нэгтгэн гаргасан Монгол Улсын шүүхийн 2024 оны бүтэн жилийн шүүн таслах ажиллагааны нэгдэн дүн мэдээтэй танилцахад, 2024 онд анхан шатны шүүхүүд нийт 17,226 эрүүгийн хэрэг хүлээн авч, 14,682 хэрэг хянан шийдвэрлэснээс 112 буюу 0,8 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг эзэлж байна. Өмнөх онд улсын хэмжээнд 13,977 эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэсний 99 буюу 0,7 хувийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг эзэлж байсан. Үүнээс үзэхэд 2024 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 13 буюу 13,1 хувиар өсчээ. Энэ тоог нийт үйлдэгдсэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн тоо гэж  үзэж болохгүй. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг шийдвэрлэсэн тоо. Гэтэл хүний эрүүл мэндэд хөнгөн, хүнд, хүндэвтэр хохирол санаатай учруулах болон хүнийг алах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэх гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн тооноос энэ үзүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэр, Эрүүгийн хуульд гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тухайн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял оногдуулдаг. Тэгэхээр шууд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг 112 гэж харж болохгүй. Зөрчлийн хэргийн тухайд анхан шатны шүүх 2024 онд нийт 45,917 зөрчлийн хэрэг хүлээн авч, 45,183 хэрэг хянаян шийдвэрлэсэн байна. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн тоог одоогоор тайлан мэдээнд нарийвчлан гаргаагүй. Гэхдээ өмнөх онуудад шийдвэрлэсэн зөрчлийн хэргийн 70-80 орчим хувийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчил эзэлж байсан тоо баримт байдаг.  

 

-Гэр бүлийн хүчирхийллийг хянан шийдвэрлэхэд хохирогчийг хэрхэн хамгаалах вэ.  Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Цагдаагийн байгууллагад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн гомдол, мэдээлэл ирсэн цагаас эхлэн зөрчил шалган шийдвэрлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах арга хэмжээ авдаг. Тухайлбал, хамгийн түрүүнд хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах арга хэмжээ авдаг. Очих ар гэр, аав, ээж, ах дүү байхгүй бол түр хамгаалах байранд байлгаж, мөрдөн шалгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Цагдаагийн байгууллага Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн эрхийг хамгаалан ажиллаж байна. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч оролцож байгаа тохиолдолд шүүгдэгч болон зөрчилд холбогдогчтой нэг танхимд оруулахгүй, тусдаа өрөө, тасалгаанаас буюу зайнаас болон цахимаар оролцуулах арга хэмжээ авч байна. Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны ихэнх шүүхэд насанд хүрээгүй хохирогч, гэрчийн өрөөг бий болгосон. Тухайлбал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ийм зориулалттай тусгай өрөөтэй. Тус өрөөнөөс хохирогч, гэрчийг шүүх хуралдаанд зайнаас болон цахимаар оролцуулах боломжтой тоног төхөөрөмжөөр хангасан байна. Зайнаас болон цахимаар шүүх хуралд хохирогчийг оролцуулж байгаа нь дахин гэмт хэрэг, зөрчлийн хохирогч болох, амь нас, эрүүл мэнд нь хохирол учрахаас хамгаалж буй явдал юм. Зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд Цагдаагийн байгууллага зөрчилд холбогдогч, хохирогч хоёрыг нэг танхимаас зэрэгцүүлж суулган оролцуулж байсан тохиолдол гарч байсан. Хохирогч нь зөрчил үйлдсэн этгээдийнхээ хажууд зэрэгцэн сууж байгаа тохиолдолд яаж зөрчлийн талаар үнэн бодит, зөв мэдээллийг өгөх вэ. Зэрэгцэн суулгаснаар хохирогчийн аюулгүй байдлыг хангах боломжгүй нөхцөл байдал бий болж байгаа. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагаа, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ч адилхан хохирогчийн аюулгүй байдлыг маш сайн анхаарах шаардлагатай.

 

-Энэ тохиолдолд хохирогчоос өгч буй мэдээлэл ч үнэн зөв эсэх нь эргэлзээтэй байна гэсэн үг үү?

-Тийм ээ. Хохирогч хүчирхийлэл даамжирсан тухайн агшинд л үйлдлийг таслан зогсоож, амь аврагдахын тулд цагдаагийн байгууллагад ханддаг. Хохирогчид гэм буруутай этгээдийг шийтгэж, хариуцлага хүлээлгэх, учирсан хохирлоо барагдуулах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ямар нэг сонирхол байдаггүй. Тэгэхээр хохирогчийн аюулгүй байдлыг хангаж, аль болох биечлэн оролцуулахгүй зайнаас оролцуулах нь хэргийн талаар хохирогч ямар нэг айдасгүй, болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх боломжтой. Гэр бүлийн хүчирхийллийг шийдвэрлэхэд хайхрамжгүй, удаан, бусад хөнгөн гэмт хэрэгтэй адилтган авч үзэх нь хохирогчийн шүүхэд итгэх итгэлийг бууруулаад зогсохгүй, мэдүүлгээсээ буцахад хүргэж болно. Энэ тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч ял завших, хүчирхийлэл улам даамжирч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах магадлал нэмэгдэнэ. Гэр бүлийн хүчирхийлэл давтагдах, даамжрах шинжтэй тул энэ үед хохирогчийн нөхцөл байдлыг ойлгож, түүнийг хамгаалах шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй. Хэрэв хүчирхийлэл үйлдэгч ял шийтгэлгүй үлдвэл түүний эрх мэдэл, гэр бүлийн харилцаан дахь ноёрхол улам даамжирч, хүчирхийлэл давтагдах, хор уршиг нэмэгдэх эрсдэл өндөр болдог.

 

-Шүүх шийдлээ, асуудал шийдэгдлээ гэж тайвширч болохгүй нь ээ?

- Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэл оногдуулсанаар хохирогчийн аюул байдал бүрэн хангагдсан гэж үзэж болохгүй. Гэмт этгээд ялаа эдлээд гараад ирнэ. Тухайлбал, бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээд суллагдах гэж байна гэж цахим орчинд маш их мэдээлэл цацагдаж байсан. Гэтэл үүнийг хохирогч хамгийн түрүүнд мэдсэн байх ёстой. Ял эдлүүлэх үйл ажиллагаанд хяналт тавьж буй прокурор, хорих байгууллага болон шүүхээс хохирогчид мэдээлэл өгөх, аюулгүй байдлыг нь хангаж өгсөн байх шаардлагатай. Ингэснээр дахин хохирохгүй байх боломж бүрдэнэ. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хорих ял эдэлж байгаа этгээдийг хуульд заасан нөхцөл хангагдсан гэж үзвэл прокурорын санал, дүгнэлтээр хугацаанаас өмнө суллах асуудлыг шүүх хурлаар шийдвэрлэдэг. Хуульд зааснаар хорих ял эдлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа прокурорын зүгээс ялангуяа гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн байх шаардлагатай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хохирогчийн мэдээллээр хангуулах эрх дотор хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр мэдэгдэнэ гэж заасан байдаг. Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг хорих ялаас хугацааны өмнө суллах тухай прокурор санал, дүгнэлт гаргасныг хохирогч мэдээгүй тохиолдолд яаж хүсэлтээ гаргах вэ. Иймд прокурорын зүгээс хохирогчид энэ талаар урьдчилан мэдэгдэж байх нь чухал. Тухайлбал, хохирогч шүүх хуралдааны тов мэдэх, хуралдаанд оролцох, магадгүй хүчирхийлэл үйлдэгч хорих ялаас хугацааны өмнө суллагдсан тохиолдолд хохирогчид аюулгүй байдлаа хангах, хамгаалуулах боломжийг олгох нь зүйтэй.

 

-Гэмт этгээд хуульд заасан хугацаанд ял эдэллээ. Гэхдээ тухайн этгээдийг засарсан, өөрчлөгдсөн гэдгийг урьдчилан мэдэх боломжтой юу. Ял эдлэх хугацаанд  зан үйлийг  засах, засарч хүмүүжих ямар сургалтад хамруулдаг вэ?

-Хорих ял эдэлж байх хугацаанд хорих байгууллагаас олон төрлийн сургалт явуулдаг, зан үйлийг засах сургалтууд зайлшгүй явагддаг. Эрүүгийн хуульд зааснаар хоригдлыг эдлээгүй үлдсэн хорих ялаас хугацаанаас нь өмнө суллахад тухайн хоригдлын гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан, нийгэмд гарахад аюулгүй болсон, зан байдлаараа засарч хүмүүжсэн, ял эдлэх хугацаанд ажил хөдөлмөр хийж байсан, ноцтой зөрчил гаргаагүй зэргийг харгалзан хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоодог. Шүүх мөн тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, урьд гэмт хэрэг үйлдэж хугацааны өмнө суллагдаж байсан эсэх, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагын зорилго хангагдаж байгаа эсэхийг хянаж, холбогдох хувийн хэрэг, баримтуудтай танилцаж, шүүх хуралдаанд оролцогч нарыг оролцуулан шийдвэрлэдэг.     

 

-Зарим нь засрахгүй давтан гэмт хэрэг үйлдэн тохиолдол байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч засраагүй, алдаагаа дахин давтсан тохиолдол хэр байдаг вэ?

-Миний хувьд 2016 оноос хойш Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажилласан. Манай дүүрэгт 5 хорих анги үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, Эмэгтэйчүүдийн нээлттэй, хаалттай хорих, Сургалт хүмүүжлийн тусгай байгууллага буюу хорих ял шийтгэгдсэн өсвөр насны хүний хорих ялыг эдлүүлж байгаа байгууллага, мөн нээлттэй, хаалттай хорих байгууллагуудад хорих ял эдэлж буй хоригдлын хорих ялаас хугацааны өмнө суллах тухай хорих ангийн санал, прокурорын дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэж ирсэн. Сүүлийн 8 жилийн хугацаанд дээрх хорих ангиас хугацааны өмнө суллагдсан хоригдол дахин гэмт хэрэг үйлдэн ял эдэлсэн тохиолдол маш бага буюу 1-2 тохиолдол гарч байсан. Хугацааны өмнө суллаж хяналт тогтоох асуудлыг шийдвэрлэхэд хуульд зааснаар харгалзан үздэг хэд хэдэн нөхцөл байдал бий, хорих ялын зохих хувийг эдэлсэн эсэх, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн эсэх, ял эдлэх хугацаандаа нийгэмшүүлэх, зан үйлийг засах ямар сургалтад хамрагдсан, ял эдлэх хугацаандаа ямар ажил хийж шагналын хоногоор урамшуулагдсан, сахилгын зөрчил гаргаж байсан эсэхийг харгалзан үздэг. Түүнчлэн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийн хувьд ямар төрлийн сургалтад хамрагдсан, түүнийг бэлгийн болон бусад хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэхгүй байх, зан үйлийг засах ямар сургалтад хамруулсан, нийгэмд аюулгүй болсон нь хувийн хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдож байгааг шалган тодруулж, ангийн санал, прокурорын дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэвэл хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоох шийдвэр гаргадаг. Тухайн этгээд дахин хэзээ, ямар гэмт хэрэг үйлдэхийг урьдчилан мэдэх боломжгүй. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүнд шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг ханган ял оногдуулдаг. Тухайн хүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуульд зааснаар 2-8, 5-12 жилийн хорих ял оногдуулахаар заасан тохиолдолд шүүх ял оногдуулахдаа шударга ёсны зарчимд нийцүүлэн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорих ялын хэмжээг тогтоож шийдвэрлэдэг. Улмаар уг ялаа эдэлж буй хүний эдлээгүй үлдсэн хорих ялын хэмжээ дээрх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад нийцэж буй эсэхийг мөн харгалзана.

  

ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧИЙН СЭТГЭЦЭД УЧИРСАН ХОР УРШГИЙГ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛСОН

 -Хуулиар сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлэх боломж бий болсон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шүүх шинжилгээний тухай хууль болон бусад хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2023 оны долдугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх боломжтой болсон. Тухайлбал, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүх Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны долдугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан.  

 

-Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн том хохирогч нь хүүхэд байдаг шүү дээ?

-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн хохирогчоор гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, нөхрийг ихэвчлэн тогтоож, хүүхдийг орхигдуулдаг тохиолдол байсан. Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөн хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхөд сэтгэл зүйн хувьд айдастай, тогтворгүй болдог. Эцэг, эхийн хувьд хүүхдээ эрүүл, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэй. Гэтэл гэр бүлийн орчинд хайртай хүмүүстэйгээ амьдрах явцад зөрчил, гэмт хэргийн хохирогч болдог. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд заасан “Хүүхдийн эрхийг зөрчих” зөрчлийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нар үйлдэн шүүхээр шийтгэсэн тохиолдол их байдаг. Ялангуяа хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн үйлдэл түгээмэл гарч байна. Энэ зөрчилд хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан, хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн, хүүхдийг дархлаажуулалтад хамруулах үүргээ биелүүлээгүй, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй бол, мөн хүүхдийн сурч боловсрох, хөгжих, оролцох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийнхээ нэр төр, алдар хүндэд сөргөөр нөлөөлөх гэрэл зураг, дуу, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг цахим орчинд байршуулсан, хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан үйлдлүүд хамаарч байна. Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан, хэн нэгнийх нь асрамжинд очсон, эсхүл аль нэг нь нас барсан, гэмт хэрэг үйлдэн хорих ангид ял эдэлж буй хүүхдийг асран хамгаалах, харгалзан дэмжих хүнгүй тохиолдолд төрийн асрамжид өгдөг. Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхад тухайн гэр бүлийн орчинд байсан хүүхдийг хохирогчоор тогтоон, зөрчил шалган шийдвэрлэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, эцэг эх, асран хамгаалагч нарт хариуцлага хүлээлгэж байна. Сэтгэл эмзэглүүлж буй нэг зүйл бол бага насны хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тохиолдол их байна. Бага насны буюу 14 нас хүрээгүй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэрлэсэн хэрэгт судалгаа хийхэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн үйлдсэн тохиолдол цөөнгүй байна.

 

-Ар гэр болон эцэг, эх, ойр дотны хүний хайр халамж, хараа хяналт сул байгаатай холбоотой юу?

- Мэдээж олон шалтгаан бий. Ихэвчлэн бага насны хүүхдэдээ анхаарал бага тавьдаг, хяналт сул, бага насны хүүхдээ бусад хүнд найдаж орхидог, сургуульд нь хүргэж өгдөггүй байдал нөлөөлж байна. Зарим эцэг, эх хүүхдээ дагуулан явж байхдаа гудамж талбайд архидан согтуурдаг, гэр орондоо бусадтай хамт архидан согтуурдаг зэргээс хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тохиолдол бий.

 

-Сэдвээсээ жаахан хазайчих уу. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны үйл ажиллагааны тухайд болон хамтын ажиллагааны талаар ямар байр суурьтай байдаг вэ. Гэр бүлийн хүчирхийллийн талаар багагүй хугацаанд сургалт явуулж, сургагч багш нарыг бэлдэж байсан гэж сонссон?

-Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага Монгол Улсын хэмжээнд 2016 онд хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагын алба хаагч, ажилтнууд, прокурор, шүүгч нарыг сургагч багшаар бэлтгэх сургалтыг явуулж, уг сургалтад миний бие хамрагдан улмаар Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албатай хамтарч АНУ-ын Төрийн департаментын дэргэдэх Хар тамхитай тэмцэх, хууль сахиулах олон улсын товчооны санхүүжилтээр 2020 оныг хүртэл нийслэл болон улсын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн талаар сургалтыг хэрэг бүтгэгч, мөрдөгч, прокурор, шүүгч нарт явуулсан. 2020 оноос Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Баянзүрх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран дээрх сургалтыг Нийслэл, дүүргийн Цагдаагийн байгууллагад, ялангуяа Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтэст сүүлийн 3 жил дараалан явуулсан. Энэхүү сургалтаас гэр бүлийн хүчирхийллийн онцлог, зөрчил, гэмт хэргийн шинж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй аргаар явуулах талаар мэдлэг, мэдээлэл авсан алба хаагчид хохирогчийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлийг хурдан шуурхай илрүүлэн шалган шийдвэрлэхэд үр дүн өгч, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийн шийдвэрлэлт өндөр үзүүлэлтэй гарсан шүү дээ.