Сэтгэл санааны хүчирхийлэл ба өртсөн хүүхдэд илрэх түгээмэл шинж тэмдгүүд
Нийтлэлч: Familycenter.mn
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд хүчирхийллийн үйл явдлыг эргэн санах, таагүй дурсамжтай нь төстэй үйл явдал тохиолдоход сэтгэл нь түгшиж, айдаст автах ба өөрийн сэтгэл зүйг хамгаалахын тулд өөрт сөрөг нөлөөтэй үйлдлүүдийг хийдэг. Эдгээр үйлдлүүд нь тэр таагүй дурсамжийг санахгүй байх гэж хичээх, уурлаж үзэн ядсан мэдрэмжээ гаргахгүй тэвчих үед улам ихээр хийгддэг.
 
Сэтгэл санааны хүчирхийлэл гэж тогтмол буюу ноцтой байдлаар хүүхэдтэй зүй бус харьцах, гадуурхан шоовдорлох, шоглох замаар хүүхдийн сэтгэл санаа, зан байдлын төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэхийг хэлнэ.
 
Сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдэд илрэх сөрөг үр дагаварууд
 
Бүтэлгүйтэхээс айх айдастай болж өөртөө хэт өндөр шаардлага тавих
Тоглох дургүй болох, аливаа зүйлд сонирхолгүй болох, өөрийн хийсэн үйлдлийнхээ үр дагавраас айх, үүнээсээ болоод худлаа ярих, хэтэрхий дотогшоо, эсвэл түрэмгий зан авир гаргах
Сэтгэл санаа нь тогтворгүй болох, үгэнд хэт оромтгой, бусдаас хэтэрхий их анхаарал хүссэн зан байдал гаргах
Харилцаа холбоо тогтоохдоо муу болох, хүнд хэлбэрийн сэтгэлийн гутралд орох, зураг зурах эсвэл ном бичихдээ ихэвчлэн хүчирхийллийн сэдвээр зурж бичих
Танин мэдэхүй, оюун ухааны хөгжлөөр үе тэнгийнхнээсээ хоцрох
Тайван бус, хэт хөдөлгөөнтэй байх бөгөөд архи тамхи, мансуурууах бодис хэрэглэх,
Хүүхэд айдас, итгэл алдалтаас болж болсон явдлаа нууж хаалттай байх нь түгээмэл тул насанд хүрэгчдийн анхаарал, ойлгож дэмжих хандлага хамгийн чухал юм. Хэрэв та хүүхдийн зан авирт дээрх мэт өөрчлөлтүүдийг анзаарвал, мэргэжлийн байгууллага болон хүүхдийн эрхийн байгууллагад хандах нь зүйтэй.
 
Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалах, сэтгэлзүйн тусламж үзүүлэх нь зөвхөн нэг гэр бүлийн асуудал биш, бүх нийтийн хариуцлага юм.