Нийтлэлч: Familycenter.mnСүүлийн жилүүдэд Монгол улсад хүн худалдаалах гэмт хэргийн арга, хэлбэр нарийсч, цахим орчныг ашиглан хууран мэхлэх, дарамтлах улмаар гэмт хэргийн хохирогч болгох тохиолдлууд нэмэгдсээр байна. Хууль сахиулах байгууллагын мэдээллээр 2021–2024 онд илэрсэн хохирогчдын дийлэнх нь цахим сүлжээгээр танилцаж “ажлын санал”, “зураг авалт”, “тусламж” гэх нэрийн дор хохирсон хүүхдүүд байна.
Гэмт хэрэгтнүүд ихэвчлэн Facebook, TikTok, Instagram зэрэг олон нийтийн сүлжээг ашиглаж “загварын зураг авалт”, “бараа сурталчилгаа”, “гадаадад ажиллах боломж” гэсэн худал мэдээлэл тараан хуурамч гэрээ байгуулж гадаад руу явуулах, зураг бичлэгийг нь ашиглан сүрдүүлэх замаар бэлгийн мөлжлөг, хүний наймааны сүлжээнд оруулах тохиолдол ихэсчээ.
Ийнхүү гэмт хэрэг үйлдэхдээ хүүхдүүд, өсвөр насныханд “түр ажил”, “оффисын туслах”, “үйлчлэгч”, “сурталчилгааны модель” гэх мэт ажил санал болгож, иргэний үнэмлэх, зураг, хаяг, холбогдох мэдээллийг авдаг байна.
Эдгээр мэдээллийг ашиглан хуурамч виз бүрдүүлэх, бэлгийн мөлжлөгт албадан оролцуулахад ашигладаг байна.
Монгол улсад хүүхэд, өсвөр насныханы интернет хэрэглээний өсөлт өндөр, хяналт сул бөгөөд эцэг эх, асран хамгаалагчдын мэдээлэл, анхаарал дутмаг байгаагаас энэ төрлийн гэмт хэрэг өсөх, хүүхдүүд хохирогч болох тохиолдлууд нэмэгдсээр байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдүүдтэйгээ цахим орчны аюулгүй байдлын талаар нээлттэй ярилцах, хүүхдүүдийн цахим хэрэглээнд анхаарал хандуулах нь зохистой юм.