Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль ба хохирогчид үзүүлэх туслалцаа

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хохирогч” гэдэгт гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг ойлгоно гэж заасан. Одоогийн нөхцөлд хохирогчид учирсан сэтгэл санааны хохирол, сэтгэл зүйн гэмтэлд өртсөн эсэх үзүүлэлтийг хохирогчийг авч үзсэн тодорхойлолтуудад тусгагдаагүй байна.

Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 12-р зүйлд зааснаар Монгол Улсад хохирогчид дараах таван төрлийн нөхөн сэргээх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхээр хуульчилсан. Үүнд

  1. эрүүл мэндийн нөхөн сэргээх эмчилгээ;
  2. сэтгэцийн нөхөн сэргээх эмчилгээ;
  3. ажлын байраар хангах, мэргэжлийн сургалтад хамруулах;
  4. хууль зүйн туслалцаа;
  5. гадаад улсад Монгол Улсыг төлөөлөн суугаа дипломат төлөөлөгчийн болон консулын газраас хохирогчийг түр хугацаагаар орон байр, хоол хүнсээр хангах, гадаад паспорт, түүнтэй адилтгах баримт бичиг олгох, эх оронд нь буцаан авчрах.

Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч нарт анхан шатны туслалцаа нэн тэргүүнд шаардлагатай байдаг бөгөөд тус туслалцаанд сэтгэл зүйн зөвлөгөө, хууль эрх зүйн туслалцаа, эрүүл мэндийн үзлэг, хохирогчийг хамгаалах байрны үйлчилгээнүүд багтдаг.

Монгол улсад дараах байгууллагууд Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг ба анхан шатны дэмжлэг туслалцаа, нөхөн сэргээх гэсэн үндсэн хоёр түвшинд үйлчилгээ үзүүлж байна.

  • Талита-Ази ТББ нь удаан хугацаагаар хамгаалах байр ажиллуулахын зэрэгцээ сэтгэл заслын цогц үйлчилгээ,
  • Хүйсийн тэгш эрхийн төв ТББ нь хохирогчдыг гадаад улс орноос эгүүлэн авчрах, түр хамгаалах байранд байрлуулах, нийгмийн ажлын цогц үйлчилгээ,
  • Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Иргэдэд туслах хүний эрхийн төв нь хууль зүйн туслалцаа, зөвлөгөө, өмгөөллийн үйлчилгээ,
  • ЭКПАТ Үндэсний сүлжээ нь насанд хүрээгүй иргэдэд чиглэсэн сургалт, сурталчилгаа, зөвлөгөө өгөх үйлчилгээ,
  • Unbound ТББ нь сургалт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны чиглэлээр түлхүү ажиллаж байна.