Нялх биетэй ээжийн сэтгэлзүйн онцлог
Нийтлэлч: Familycenter.mn
Нялх биетэй ээжийн сэтгэлзүйн онцлог
 
Бяцхан гишүүнээ өлгийдөн авч буй ээжүүдийн сэтгэл зүйд чухам ямар өөрчлөлт
гардаг тухай уншигч та бүхэнд хүргэе. Ерөнхийдөө гадаад болон дотоод хүчин зүйлсээс
үүдэлтэй эерэг болон сөрөг өөрчлөлтүүд явагддаг. Дотоод хүчин зүйлсэд бие физиологи
болон сэтгэл зүйн гаралтай өөрчлөлтүүд бий болдог.
Бие физиологийн хувьд дааврын өөрчлөлт их хүчтэй явагддаг тул үүнтэй
холбоотойгоор хүүхэд төрсөний дараа бие организм эргээд хэвийн байдалдаа орох,
өөрчлөлтөндөө дасан зохицох зэрэгт сэтгэлийн хүч, бие махбодийн хүч ихээхэн хэрэг
болдог.
Хүүхэд асрахад эхний гурван сар маш их арчилгаа шаарддаг энэ үед эхийн бие
махбод сул буюу “нялх” биетэй байгаа учир эх өөрөө маш их ядардаг. Хэдий гам барих
буюу биеийн хүчний ажил хийхгүй байсан хэдий ч түүнээс хэд дахин их илүү ачааллыг
хүүхдээ асарч сувилахад зарцуулдаг. Энэ ядаргаа нь дараагийн хэдэн сардаа ч
үргэлжилдэг. Сэтгэл зүйн өөрчлөлтүүд эхийн өөрийн онцлогоос шалтгаалан харилцан
адилгүй явагддаг. Тухайлбал хүүхдээ хамгаалах дотоод зөн совин яалт ч үгүй нөлөөлж
санаа зовох зуршилтай болчихсон байгаагаа ээж нар маань анзаардаггүй.
Интернет, телевиз, ойр дотны хүмүүсийн зөвлөгөө, цахим орчинд явж буй зар
сурталчилгаа, хамт гадаа нарлаж суугаа ээжүүдийн яриа зэрэг ганц эх сурвалжийн
мэдээлэл нь ийнхүү айдаст автахад нөлөөлөх магадлалтай. Хүүхдэд ч мөн адил эхний
гурван сар маш их сорилтыг авчирдаг. Дасан зохицох эхний үе шат явагдах бөгөөд
хамгийн анхны түүнд өгч буй мэдрэмжүүд нь бусдад болон өөртөө итгэх, аюулгүй байдлаа
мэдрэх зэрэг чухал чадваруудад суралцах боломжийг олгодог.
Мөн ээжүүдийн насны онцлог нөлөөтэй байдаг бөгөөд залуу байх тусам жижиг
зүйлсэд бага анхаарал хандуулдаг. Харин насны хувьд 30-с дээш насны ялангуяа анхны
удаа төрүүлж буй эхчүүдийн хувьд олон зүйлтэй харьцуулж өөрт байгаа замбараагүй
мэдээллээс үүдэлтэй айдсыг өөртөө бий болгож өөрийгөө цочроох тохиолдол ажиглагддаг
байна. Нийгмийн сүлжээн дэх замбараагүй мэдээллээс олж авсан мэдээллээ өөртэйгөө,
хүүхэдтэйгээ харьцуулаж миний хүүхэд хөгжлөөрөө хоцорсон юм болов уу, хэвийн биш юм
болов уу гэх мэтчилэн санаа зовох нь их. Эдгээр мэдээллүүд нь баталгаагүй байх нь олон
байдаг тул хийсвэр байдлаар санаагаа зовоохоос илүүтэй мэргэжлийн хүнээс,
байгууллагаас бодит зөвлөгөөг авах нь үр дүнтэй юм шүү.
Төрсний дараа эмэгтэй хүний биед өөрчлөлт орж арьс унжих, жин нэмэх, сэвхтэх
зэрэг олон өөрчлөлтүүд зэрэг бий болсноор өөртөө итгэлгүй болж сэтгэлзүйн хувьд эмзэг
болох нь элбэг байдаг. Эхийн бие хүүхдийг тээж төрүүлэхэд, өсгөн бойжуулахад маш
эрчимтэй ажилладаг тул эдгээр өөрчлөлтүүдийг хэвийн гэж хүлээж авах нь сэтгэлзүйн
хувьд тогтвортой байлгахад туслана. Эргээд хэвийн байдалдаа ороход хугацаа шаардагдах
боловч энэ нь түр зуурын л зүйл юм. Иймд өөртөө хэт өндөр хүлээлт үүсгэж тогтворгүй
байхын оронд тайван аажмаар эрүүл, зөв дэглэмээр хэвийн байдалдаа ороход анхаарч
өөрийгөө хайрлаарай.
Ээж хүн та бол хорвоогийн хамгийн хүчирхэг нэгэн юм шүү!