Гэр бүлийн харилцаанд гишүүдийн тэгш оролцоог хангах үүднээс хүйсээс үл хамаарсан ажил үүргийн хуваарилалтыг бий болгож, хүүхдэдээ багаас нь гэр бүлийн харилцаанд хүн бүр эрх, тэгш оролцоотой байх ёстой, хүйсэнд оноосон ажил үүрэг гэж байхгүйг эцэг эхчүүдүйлдлээрээ үлгэрлэх нь хамгийн чухал байдаг. Гэр бүлийн амьдралд гишүүдийн ижил тэнцүү, эрх тэгш үүрэг, оролцоо маш чухал бөгөөд нэг нь нөгөөгөө нөхөх, хамтын удирдлага, зохицуулалтыг бий болгож дадах нь эрүүл, аз жаргалтай харилцааны үндэс болдог. Гэвч гэрийн ажил дахь хосуудын үүрэг оролцоо, хэн нь юуг хэр давтамжтай хийх зэрэг нь ихэнх тохиолдол маргааны шалтгаан болох нь цөөнгүй. Гэрийн ажил үүргийн хуваарилалтаас үүдсэн ялихгүй үл ойлголцол заримдаа хяналтаас гарч хэрүүл маргаан, зөрчил зөрөлдөөнийг үүсэхэд хүргэдэг. Харахад ажил үүргийн оролцоотой хамаатай өдөр тутмын асуудал мэт боловч мөн чанарын хувьд авч үзвэл хосуудын харилцаан дахь жендэрийн эрх тэгш байдал, эрх мэдлийн тэнцвэрийн хэмжүүр алдагдсан, харилцаанд бугласан асуудлын илрэх хэлбэр, шинж тэмдэг байдаг. Тухайлбал, хос тань хооллосны дараа аяга тавгаа угаалцахгүй зурагт үзээд хэвтэж байгаад та гомдоллож байгаа мэт боловч хайртай хүн чинь таныг ойлгож, тусалдаггүй, таны мэдрэмжийг үл хайхарч байгаад үзүүлж буй сэтгэл хөдлөлийн илрэл байх нь олонтаа.