Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй хүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамтран ажилладаг, үйлчилгээ үзүүлдэг хэн бүхэнд зориулав.

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг хуулиар хэрхэн хамгаалдаг вэ?

Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч, түүний гэр бүлийн бусад гишүүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх чиглэлээр дараах хуулиуд хэрэгжиж байна.
107 Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл
 102 Цагдаагийн дуудлага
108 Хүүхдийн тусламжийн утас
 9649-0505 - Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (Сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл)
 1800-1202 - Хууль зүйн луужин (Хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл)
-24 цагийн турш дуудлага, мэдээлэл хүлээн авна.

Сэтгэл зүйн хамгаалалтын арга хэлбэрүүд

  • Гэрч, хохирогчийг хамгаалалтад авсан үеэс эхлэн шаардлагатай тохиолдолд сэтгэл зүйчийг байлцуулах, тэдний оролцоотой явагдах мөрдөн шалгах ажиллагааны явцад үүсэх сэтгэл зүйн таагүй нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;
  • Шүүх хуралдааны хугацаа, дараалал, явц болон нөхцөл байдлын талаар урьдчилан мэдээлэх;
  • Шүүх хуралдааны танхимд гэрч, хохирогчтой сэтгэл зүйчийг хамт байлцуулах;
  • Шаардлагатай бусад арга хэмжээ.

Хэрэв хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэндэд аюул учрах бодит үндэслэлтэй бол хохирогчийг шүүх хуралдааны танхимд байлцуулалгүйгээр харилцаа холбооны хэрэгсэл ашиглан шүүхийн хэлэлцүүлэгт оролцуулах, шүүх хуралдааны танхимаас шүүгдэгчийг гаргах, шүүх хуралдааныг бүхэлд нь, эсхүл хэсэгчилсэн байдлаар хаалттай явуулах зэрэг арга хэмжээ авч болно. Энэ арга хэмжээг авахуулахын тулд өмгөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргах нь зүйтэй.

 

Аюулгүй байдлын хамгаалалтын арга хэлбэрүүд

Урьдчилан сануулах: гэрч, хохирогчийг алах, бие махбодид гэмтэл учруулах, тарчлаах, айлган сүрдүүлэх, дарамтлах, мөнгө, эд зүйл амлах болон бусад гэмт хэргийг үйлдэхээр заналхийлсэн нь тогтоогдвол тухайн этгээдэд хүлээлгэх ял шийтгэлийн талаар шүүгч, прокурор, мөрдөгч бичгээр урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах зэрэг болно.

Тодорхой үйлдлийг хязгаарлах: гэрч, хохирогчой уулзах, харилцах, харилцаа тогтоохыг оролдох, дагаж мөшгих болон бусад хэлбэрээр харилцахыг хориглох арга хэмжээ хамаарна.

Биечилсэн хамгаалалт: гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор биечлэн хамгаалахыг хэлнэ.

Мэдээллийн нууцлалыг хангах: хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн хувийн мэдээллийг нууцалж өөрчлөх арга хэмжээг авахыг хэлнэ.

Нэг бүрийн тусгай хэрэгсэл болон тусгай техник хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангах: гав, шүгэл, резинэн ба цахилгаан бороохой, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр, резинэн ба хуванцар сумтай буу зэрэг нэг бүрийн тусгай хэрэгсэл, харилцаа холбооны хэрэгслээр хангаж, шаардлагатай тохиолдолд түүний биед болон орон байранд тусгай техник хэрэгсэл суурилуулахыг хэлнэ.

Аюулгүй газарт түр байрлуулах: гэрч, хохирогчийг өөрийнх нь зөвшөөрснөөр, аюулгүй байдал хангагдсан газарт бодит аюул заналхийлэл арилах хүртэл хугацаанд түр байрлуулахыг хэлнэ.

Нүүлгэн шилжүүлэх: гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд учрах аюул, заналхийлэл бодитой болох нь тогтоогдвол түүнийг оршин суугаа газраас нь нүүлгэн шилжүүлэхийг хэлнэ.

Баримт бичиг солих: гэрч, хохирогчийн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, баримт бичийг солихыг хэлнэ.

Гадаад төрхийг өөрчлөх: гэрч, хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалалтын өөр арга хэмжээгээр хангах боломжгүй тохиолдолд түүний зөвшөөрснөөр гадаад төрхийг мэс заслын аргаар өөрчлөхийг хэлнэ.

 

Аюулгүй байдлын хамгаалалтыг хэрэглэх журам

Эрх бүхий албан тушаалтан нь гэрч, хохирогчийн хүсэлт, зөвшөөрөл, бодит аюул заналхийллийн талаарх баримтыг үндэслэн дээрх нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэрийг нэн даруй гаргана.

 

Ямар тохиолдолд хамгаалуулах эрх үүсэх вэ?

Гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл хохирол учирсан бол хамгаалуулах эрх үүснэ. Хохирогчийг цагдаагийн байгууллагын гэрч, хохирогчийг хамгаалах газар хамгаалах үүрэгтэй.

 

Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх гэдэг нь

яллагдагчийг төрийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл тусгай зөвшөөрлөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх арга хэмжээ юм. Энэ арга хэмжээг прокурорын саналыг үндэслэн шүүх авдаг.

 

Таслан сэргийлэх арга хэмжээ гэж юу вэ?

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэргийн яллагдагч, шүүгдэгчид мөрдөгч, прокурор, шүүгчээс авч байгаа арга хэмжээ юм. Таслан сэргийлэх арга хэмжээний дараах төрөл бий. Үүнд:  : 

•   Хувийн баталгаа гаргах;

•   Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх;

•   Хязгаарлалт тогтоох;

•   Барьцаа авах;

•   Цагдан хорих.

Хувийн баталгаа гаргах гэдэг нь яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан шүүх, прокурорын дуудсан цагт ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргуулах явдал юм.

Тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх гэдэг нь яллагдагчийг төрийн албанд ажиллах, тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, эсхүл тусгай зөвшөөрлөөр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, албан үүргээ биелүүлэхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх арга хэмжээ юм. Энэ арга хэмжээг прокурорын саналыг үндэслэн шүүх авдаг.

Хязгаарлалт тогтоох гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид  даалгах арга хэмжээ юм. Энэ таслан сэргийлэх арга хэмжээг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх авдаг.

Барьцаа авах гэдэг нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүргийг яллагдагчид хүлээлгэн, мөнгөн хэлбэрээр барьцаа авах арга хэмжээ юм. Хэрэв яллагдагч хэрэг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд саад учруулбал барьцааг улсын орлого болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр сольдог.

Цагдан хорих гэдэг нь яллагдагч оргон зайлсан, хохирогч, гэрчийг дарамталсан, сүрдүүлсэн, эсхүл тэдгээрийн болон өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ зөрчсөн, хорих ялын доод хэмжээг наймаас дээшгүй цагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан авдаг таслан сэргийлэх арга хэмжээ юм.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Та аюулгүй байдлаа хэрхэн хамгаалуулах вэ?

Өөрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй нөхцөл байна гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аюулгүй байдлаа хамгаалуулах хүсэлтээ мөрдөгч, прокурор, шүүгчид гарган шийдвэрлүүлж болдог.

 

Та гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн ямар асуудлаар хүсэлт, гомдол гаргаж болох вэ?

Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалуулахтай холбоотой доорхи хүсэлтийг эрүүгийн хэргийг хянах, шүүх (ЭХХШ) ажиллагааны аль ч үед шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй. Үүнд:

  • Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчаар тогтоолгох;
  • Хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокуророос татгалзах;
  • Орчуулагч хэлмэрч оролцуулах;
  • Аюулгүй байдлаа хангуулах;
  • Сэжигтэн, яллагдагчийг баривчлуулах;
  • Таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах;
  • Мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах;
  • Нотлох баримт хэрэгт хавсаргуулах;
  • Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх;
  • Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх;
  • Шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах;
  • Хэргийн газрын үзлэг хийлгэх;
  • Шинжээч томилуулах;
  • Гэрч асуулгах;
  • Хохирогчийн эцэг/эхийн нэр, өөрийн нэрээс бусад биеийн байцаалтыг мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгахгүйгээр тусад нь бичиж бүтүүмжлэн хавтаст хэрэгт хавсаргуулах;
  • Мэдээллээр хангуулах гэх мэт.

Хүсэлтийг амаар, бичгээр гаргах ба хүсэлтэд тогтоолгох үйл явдал, гаргуулах шийдвэрийн талаар тодорхой заана.

 

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд оролцож байгаа бол ямар эрх, үүрэгтэй байх вэ?

Эрх:

  • өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах;
  • хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах;
  • тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулах, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах;
  • шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох;
  • шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих;
  • шүүх, прокурор, мөрдөгчийн ажиллагаа, шийдвэрт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргах;
  • эх хэлээрээ, эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах;
  • хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хавтаст хэргээс өөрт хамааралтай хэсэгтэй танилцах, нэмэлт ажиллагаа хийлгэх тухай хүсэлт гаргах;
  • гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах;
  • шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолын хувийг авах;
  • шүүгч, прокурор, мөрдөгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, мэргэжилтэн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах;
  • эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчиж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх гомдол гаргах;
  • шинжээч томилсон тогтоол, шинжээчийн дүгнэлтийн өөрт хамааралтай хэсэгтэй танилцах;
  • өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх;
  • Монгол хэл мэдэхгүй, хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлийн  улмаас өөрийгөө илэрхийлэх боломжгүй бол сайн мэдэх хэл, бичиг, дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламж авах эрхээр хангагдах;
  • мэдээллээр хангуулах;
  • аюулгүй байдлаа хамгаалуулах.

Үүрэг:

  • шүүх, прокурорын дуудсанаар очих;
  • хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх;
  • өөрт илэрхий болсон хэргийн талаархи мэдээллийг задруулахгүй байх;
  • эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг сахих .

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүн хуулийн хариуцлага хүлээх үү?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн этгээдийг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ялааршийтгэнэ.

Хэрэв энэхүү гэмт хэргийг:

- хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг  үйлдсэн;

- асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;

- таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол

зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

 

Ямар үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг гэж үздэг вэ?

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг:

  • байнга зодох: тодорхой нэг хохирогчийг гурав ба түүнээс дээш удаа зодсон давтан үйлдэл юм.
  • харгис хэрцгий харьцах: тарчлаах, бие махбодид нь гэмтэл учруулах, хүнийг хууль бусаар хорих, сэтгэцийн эмнэлэгт хууль бусаар байлгах, бэлгийн хүчирхийлэлд оруулах, өлсгөх,        цангаах, орон гэрээс нь хөөх гэх мэт хэлбэрээр илэрдэг.
  • догшин авирлах: нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн ичгүүр сонжуургүй үйлдэл, харгис хэрцгий аргаар, зориуд удаан үргэлжлүүлэн хийхийг ойлгоно.
  • тарчлаах: бие махбодийн болон сэтгэл санааны шаналгаа, өвдөлт үүсгэсэн аливаа үйлдлийг хэлнэ.

Ямар үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцдог вэ?

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг дараах хэлбэрээр хохироосон үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцдог.

Зодсон: Хохирогчид өвдөлт, зовиур үүсгэх хүч хэрэглэсэн үйлдлийг хэлнэ. Цохих, алгадах, үсдэх, хүлэх, түлхэх, гар хөлийг нь мушгих, хоолойг нь боох, мөргүүлэх, юмаар шидэх, хатгах, өшиглөх, чимхэх, түлэх гэх мэт үйлдлээр илэрдэг.

Хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан: Хохирогчийн хүсээгүй үйлдлийг хийлгэхээр хүчлэх, тулгах, шаардах, шахалт дарамт үзүүлэх, эсхүл хүссэн зүйлийг нь хийлгэхгүй байхыг ойлгоно. Жишээ нь: Цалин, тэтгэврийн зээл авахуулах, үр хөндүүлэх, ажил, сургуульд явахыг нь хориглох, хүсээгүй, эсхүл ёс бус бэлгийн харилцаанд оруулах гэхмэт   

Бусадтай харилцахыг хязгаарласан: Хохирогчийг найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо уулзах, харилцахыг нь хориглох, цагдах, үйлдэл болгоныг нь хяналтдаа байлгаж бие, сэтгэл зүйн хувьд дарамтанд оруулах санаатай үйлдэл юм.

Хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан:  Гэр бүлийн санхүү, орлогын эх үүсвэрийг эрх мэдэлдээ авахын тулд хохирогчийн хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, цалин хөлсөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдахыг хэлнэ. Жишээлбэл : Эд хөрөнгийг нь зөвхөн өөрийн нэр дээрээ шилжүүлэх, хамтран өмчлөгчөөс хасуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө ах дүү нарынхаа нэр дээр бүртгүүлэх, мөнгөн хуримтлал, хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогыг дангаараа зарцуулах, тухайн гэр бүлийн амьжиргааг залгуулж, хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлдэг ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, мал, тээврийн хэрэгсэл зэрэг болон  ажлын байрыг зарж үрэгдүүлэх, ашиглах боломжгүй болгох,  гэр бүлийн дундын эд хөрөнгийг дур мэдэн зарцуулах, эвдэж устгах, цалин орлогыг нь хурааж авах, улмаар амьжиргааны эх үүсвэрээс салгах хэлбэрээр үйлдэгддэг.    

 

Ямар үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцдог вэ?

Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг дараах хэлбэрээр хохироосон үйлдлүүдийг гэр бүлийн хүчирхийлэлд тооцдог.

Зодсон: Хохирогчид өвдөлт, зовиур үүсгэх хүч хэрэглэсэн үйлдлийг хэлнэ. Цохих, алгадах, үсдэх, хүлэх, түлхэх, гар хөлийг нь мушгих, хоолойг нь боох, мөргүүлэх, юмаар шидэх, хатгах, өшиглөх, чимхэх, түлэх гэх мэт үйлдлээр илэрдэг.

Хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан: Хохирогчийн хүсээгүй үйлдлийг хийлгэхээр хүчлэх, тулгах, шаардах, шахалт дарамт үзүүлэх, эсхүл хүссэн зүйлийг нь хийлгэхгүй байхыг ойлгоно. Жишээ нь: Цалин, тэтгэврийн зээл авахуулах, үр хөндүүлэх, ажил, сургуульд явахыг нь хориглох, хүсээгүй, эсхүл ёс бус бэлгийн харилцаанд оруулах гэхмэт   

Бусадтай харилцахыг хязгаарласан: Хохирогчийг найз нөхөд, гэр бүл, хамт олонтойгоо уулзах, харилцахыг нь хориглох, цагдах, үйлдэл болгоныг нь хяналтдаа байлгаж бие, сэтгэл зүйн хувьд дарамтанд оруулах санаатай үйлдэл юм.

Хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан:  Гэр бүлийн санхүү, орлогын эх үүсвэрийг эрх мэдэлдээ авахын тулд хохирогчийн хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, цалин хөлсөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдахыг хэлнэ. Жишээлбэл : Эд хөрөнгийг нь зөвхөн өөрийн нэр дээрээ шилжүүлэх, хамтран өмчлөгчөөс хасуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө ах дүү нарынхаа нэр дээр бүртгүүлэх, мөнгөн хуримтлал, хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогыг дангаараа зарцуулах, тухайн гэр бүлийн амьжиргааг залгуулж, хэвийн амьдрах нөхцлийг бүрдүүлдэг ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, мал, тээврийн хэрэгсэл зэрэг болон  ажлын байрыг зарж үрэгдүүлэх, ашиглах боломжгүй болгох,  гэр бүлийн дундын эд хөрөнгийг дур мэдэн зарцуулах, эвдэж устгах, цалин орлогыг нь хурааж авах, улмаар амьжиргааны эх үүсвэрээс салгах хэлбэрээр үйлдэгддэг.