Аюулгүй байдлаа хамгаалуулхаар хаана хандаж болох вэ?

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид зориулсан аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ дараах дөрвөн хэлбэртэй. Үүнд:

•   Түр хамгаалах байр

•   Нэг цэгийн үйлчилгээ 

•   Гэрч хохирогчийг хамгаалах байр

•   Төрөл садны хамгаалалт

Дараах тохиолдолд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвд хамгаалалтын үйлчилгээ авах боломжтой:

Насанд хүрэгч:

  • Цагдаагийн албан хаагчийн хийсэн Аюулын зэргийн үнэлгээгээр өндөр эрсдэлтэй гарсан;
  • Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй хангалттай үндэслэл байгаа, эсхүл учирсан бол.

 

Хүүхэд:

  • Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюултай аргаар хүчирхийлэл үйлдсэн, үйлдэж болзошгүй;
  • Хүүхдийн эмзэг байдлыг ашиглаж айдас, сэтгэл санааны дарамтанд оруулсан, оруулж болзошгүй байгаа;
  • Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг нь тогтоогдсон зэрэг орчин нөхцөлд байгаа хүүхэд;

 

Хүүхэд 7 түүнээс дээш настай хирнээ:

  • Аюулын зэргийн үнэлгээгээр  “бага” гарсан бол асран хамгаалагч, харгалзан дэмжчиг болон хүүхдийн саналыг харгалзана;
  • Аюулгүйн зэргийн үнэлгээгээр “дунд”, “өндөр” гарсан бол эцэг, эх, асран хамгаалагчийн саналыг харгалзахгүй, зөвхөн хүүхдийн саналыг харгалзан  түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд хамруулна.

 

Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн үзүүлэх үйлчигээнд дараах хоёр төрлийн үйлчилгээ орно . Үүнд:

Суурь үйлчилгээ:

  • Аюулгүй байдлыг хамгаалах үйлчилгээ
  • Суурь хэрэгцээг хангах үйлчилгээ
  • Асран халамжлах үйлчилгээ
  • Тайвшруулах үйлчилгээ

 

Мэргэжлийн үйлчилгээ:

  • Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ
  • Хууль, эрх зүйн үйлчилгээ
  • Эрүүл мэндийн үйлчилгээ
  • Боловсролын үйлчилгээ
  • Нөхөн сэргээх, чадавхижуулах үйлчилгээ
  • Холбон зуучлах үйлчилгээ

 

Хохирогчийн эрх ашиг

Таны эрх ашгийг дараах хууль тогтоомжийн (http://familycenter.mn/familycenter/brochure/0) хүрээнд хамгаалдаг. Үүнд:

-    Гэр бүлийн тухай хууль

-    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль

-    Хүүхэд хамгааллын тухай хууль

-    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль

-    Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хууль

 

Хуулиар үүрэг хүлээсэн албан тушаалтанд хандах

Хэрвээ та гэртээ аюултай нөхцөл байдалд байгаа бол хамтарсан баг, хохирогчид үйлчилгээ үзүүлэх иргэний нийгмийн байгууллагад хандах аль эсвэл таны оршин суугаа харъяа газарт нэг цэгийн үйлчилгээний төв болон түр хамгаалах байр эсэхийг судлаарай. Хороо, сумын хамтарсан багийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, цагдаа, эмч байдаг.

 

·   Хороо, баг, сумын хамтарсан багийн засаг дарга,  нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан:

-   Хяналт хамгаалалтанд орох

-    Нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх

-    Сэтгэл зүйн зөвлөгөө

-    Эмнэлгийн тусламж

-    Нийгмийн халамжийн үйлчилгээ

-    Эрх зүйн зөвлөгөө туслалцаа

-    Бусад байгууллага, мэргэжилтэнд холбон зуучлах

·   Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага:

-    Сэтгэл зүйн зөвлөгөө

-    Хүүхэд хамгааллын үйлчилгээ

-    Нийгмийн ажлын тусламж, үйлчилгээ

-    Аюулгүй байдлын хамгаалал буюу түр хамгаалах байр

-    Нэг цэгийн үйлчилгээний төвөөр гурван сар хүртэлх үйлчлэх хугацаанд үйлчлүүлэх

·   Хохирогчид үйлчилгээ үзүүлдэг ТББ:

-    Эрх зүйн зөвлөгөө мэдээлэл

-    Сэтгэл зүйн зөвлөгөө

-    Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ

 

Тусламж хүсч мэргэжилтэнд хандах

Сэтгэл зүйн мэргэжилтэнтэй холбогдож өөрийн нөхцөл байдлын талаар ярилцаж зөвлөгөө, мэдээлэл аваарай. Мөн өөрийн итгэлтэй гэр бүлийн гишүүн, найз нөхөд, танилаасаа тусламж хүсч, тэд танд яаж туслах боломжтой талаар ярилцаарай.

Аймаг, дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дэргэдэх Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийн сэтгэл зүйчид хандаарай……  https://familycenter.mn/familycenter/menu/20

Мэдээлэх

Та болон таны гэр бүлийнхний амь нас, эрүүл мэнд аюултай нөхцөлд хүрсэн бол өөрт хамгийн ойр байгаа Цагдаагийн байгууллагад (https://police.gov.mn/home) харъяалал харгалзахгүй хандаарай. Цагдаагийн алба хаагч Таны мэдээллийг хүлээн авмагц гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоож, аюулгүй байдлыг тань хамгаалах, нууцлалыг хангах арга хэмжээг авна. Дараах үнэ төлбөргүй тусламжийн утас 24 цагийн турш дуудлага, мэдээлэл хүлээн авна:

 

    102 цагдаагийн шуурхай дуудлага:

-   Хүчирхийлэгчийн үйлдлийг газар дээр нь таслан зогсоох

-   Хүчирхийлэл үйлдэгчийг баривчлуулах арга хэмжээ авна.

 

    107 гэр бүлийн хүчирхийллийн  дуудлага, мэдээлэл:

-    Зөвлөгөө мэдээлэл өгнө

-    Түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлнэ.

 

    108 хүүхдийн тусламжийн утас:

-    Зөвлөгөө мэдээлэл өгнө

-    Холбон зуучлах үйлчилгээ үзүүлнэ.