• Тавтай морилно уу.
    
Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?
Хүчирхийллийн тойргоос хэрхэн гарах вэ?

Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ?

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн (ГБХТтХ) үйлчлэлд хамаарах этгээдүүдийн нэг нь нөгөөдөө сэтгэл санааны дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэр бүлийн хүчирхийлэл гэнэ. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэрлэсэн, урьд нь гэр бүлийн харилцаатай байсан, эсхүл хэзээ нэгэн цагт хамт амьдарч байсан бусад ойр дотны хүмүүсийн зүгээс, хүч эрх мэдлээр далайлгаж, эрхшээлдээ оруулах зорилгоор бие махбод, сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хэлбэрээр  хяналтаа тогтоож, өөрийн хамааралд оруулж буй  тэгш бус харилцаа юм.   

 

Гэр бүлийн хүчирхийлэл хэзээ зогсох вэ?

Хүчирхийлэл үйлдэгч гэм буруугаа ойлгож, өөрөө гэмт үйлдлээ зогсоох шийдвэр гаргах: хүчирхийлэгч гэмт үйлдлээ зогсоох үйл явц нь урт удаан хугацаа шаардагдах бөгөөд олон талын хүчин зүйл нөлөөллөөр бий болдог тул энэ үр дүн тийм ч түгээмэл тохиолддоггүй.

Хохирогч гэр бүлийн харилцаагаа бүр мөсөн таслан, хүчирхийлэл үйлдэгчийг орхин явах: таны амь нас хохирох, эсвэл хэн нэгний амь насанд та аргагүй байдлын улмаас  хүрч гэмт хэрэгтэн болох эрсдэл байгаа тул хамгийн зөв шийдэл нь хүчирхийлэгчийг орхин явах үйлдэл байж болно.

Хохирогч, хүчирхийлэл үйлдэгчийн хэн нэг нь амь насаа алдах

Гэр бүлийн хүчирхийллийн үр дагавар

Хувь хүнд үүсэх үр дагавар:

  • Хувь хүний эрүүл мэнд,
  • Насжилт, хөгжил
  • Хөдөлмөрийн бүтээмж буурч, хорт зуршилд автуулах
  • Сэтгэл санааны дарамтад оруулах
  • Амьдралын идэвхгүй болох

 

Гэр бүлд үүсэх үр дагавар:

  • Амьдралын чанар буурах
  • Санхүүгийн хямрал, өр зээлд орох
  • Орон гэргүйдэх
  • Гэр бүл салалт
  • Хэн нэг нь ял шийтгэл хүлээх сөрөг үр дагавартай.
  • Гэр бүл доторх эмэгтэйчүүд, хүүхдийн амьд явах, аюулгүй байх эрх зөрчигдөх
  • Гэр бүлийн гишүүдийн бие, сэтгэл, хувьд эрүүл, боловсролтой, ажилтай, орон байртай, хамт олонтой  байх эрх зөрчигдөх

 

Хүүхдэд үүсэх үр дагавар:

  • Хүчирхийллийг харж, сонсож өссөн хүүхэд сэтгэл зүйн хувьд их зовж шаналдаг.
  • Улмаар 1) эрүүл мэнд, 2) сурлагын чанар, 3) хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг.
  • Хүүхдийн бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаа ба оюун ухаанд үзүүлэх дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн шууд нөлөөг цаг хугацааны хувьд богино ба урт хугацааны үр дагавар гэж хоёр хуваан авч үздэг.

 

Богино хугацаанд үзүүлэх үр дагаварын нөлөө:

  • Оюун ухаан, танин мэдэхүйн чадвар буурах
  • Бусадтай харилцах харилцаа сөрөг, догшин ширүүн болох
  • Өөртөө итгэлгүй, аймхай болох
  • Нийгэм хамт олны эсрэг хандлагатай болох
  • Сэтгэл санааны хямралтай болох
  • Ууртай, цухалдуу, зан авиртай болох
  • Хэний ч үгийг тоохоо больж, бусдыг хайрлах сэтгэлгүй болох
  • Гэрээсээ дайжих, гадуур тэнэх

 

Урт хугацаанд үзүүлэх үр дагаварын нөлөө:

  • Хүүхэд тамхи, архи болон бусад төрлийн мансууруулах бодис хэрэглэх
  • Хоолны дуршил өөрчлөгдөх ба алдагдах, хэт таргалах
  • Насанд хүрсэн хойноо хэн нэгэнтэй дотно харилцаанд орохоос эмээх
  • Насанд хүрсэн хойноо бэлгийн олон хавьтагчтай болох, биеэ үнэлэх, хүчирхийлэл, дарамтын  хохирогч болох
  • Өөрөө хүчирхийлэл үйлдэх, амиа хорлох зэрэг байдлаар илэрдэг

 

Нийгэмд үүсэх үр дагавар:

  • Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүдийн хооронд гардаг хувийн шинжтэй харилцаа мэт боловч нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хор уршиг өндөр тул нийгмийн асуудал юм.
  • Гэмт хэрэг, зөрчил өсөх, гэр бүл салалт нэмэгдэх, хүүхэд өнчрөх, өрх толгойлсон эмэгтэйчүүд олшрох, ядуурал, хараа хяналтгүй хүүхэд нэмэгдэх зэрэг олон сөрөг үр дагаврыг дагуулдаг.
  • Гэр бүлийн хүчирхийллээс үүдэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, гэр бүл, цаашлаад нийгэм, улс үндэстэн ядууралд хүргэх эрсдэлтэй.
  • Хохирогч болсон хүмүүсийн зүгээс гэр бүл, нийгэм, эдийн засаг, улс орны амьдралд оруулах хувь нэмэр, хөдөлмөрийн бүтээмж эрс багасаж, эсэргээрээ цагдаа болон хууль зүйн үйлчилгээ, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ, сэтгэл зүйн болон бусад зөвлөгөө, эрх зүйн туслалцаа, унааны зардал, түр хамгаалах байранд байрлуулах, хохирогчийг чадавхижуулах, үйлчилгээ үзүүлэх гэх мэт  шууд зардал нэмэгддэг.

 

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрүүд

Гэр бүлийн хүчирхийллийг бие махбодын хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл гэсэн дөрвөн хэлбэрт хуваан авч үздэг. Эдгээр дөрвөн хэлбэрийн аль нэг нь, эсхүл олон хэлбэрүүд хавсран үйлдэгдсэн байвал гэр бүлийн хүчирхийлэл юм. Өөрөөр хэлбэл ГБХ нь зөвхөн бие махбодыг өвтгөж зовоох явдал биш, эрхшээлдээ байлгахын тулд нөгөө хүнээ хэл амаар гутаан доромжилж, эд мөнгөөр хяхан хавчиж, гэрээсээ гаргахгүй хорьж цагдаж, бэлгийн төрөл бүрийн дарамт үзүүлэх зэрэг ямар ч байдлаар илэрч болдог.

 

Бие махбодын хүчирхийлэл. Гэр бүлийн харилцаанд давамгай байдал тогтоохоор хүч хэрэглэн биед нь халдах, алгадах, өшиглөх, зодох гэх мэтээр биед нь гэмтэл учруулах, эрүүл мэндийг хохироох, эд юмсаар цохих, гэмтээх, үсдэх, түлэх, хутга, буу гэх мэт хүйтэн зэвсэг хэрэглэж айлган сүрдүүлэх, амь насыг хохироох, хохироохоор сүрдүүлэх зэрэг бөгөөд мөн  үүгээр хязгаарлахгүй.

Сэтгэл санааны хүчирхийлэл. Эрхшээлд байлгах, аливаа хүсэл бодлыг үл ойшоох, нэр хоч өгөх, гутаан доромжлох, загнах, зандрах, айлган сүрдүүлэх, гүтгэх, үл хайхрах, мөрдөн мөшгих, бусадтай харилцахыг хязгаарлах, өөртөө болон амьдралд итгэх итгэлгүй болгох, заналхийлэх, улмаар амиа хорлоход хүргэх зэрэг бөгөөдүүгээр хязгаарлахгүй.

Эдийн засгийн хүчирхийлэл. Хөдлөх ба үл хөдлөх эд хөрөнгө, түүнчлэн мөнгөн хөрөнгө, цалин хөлсийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, ажилгүй болгох, эдийн засгийн эх үүсвэрээс нь салгах, эд юмаа эвдэн сүйтгэх, айлгах, орлого олох боломжийг хязгаарлах, тэжээн тэтгэхээс зайлсхийх, өрөнд оруулах, хэрэглээг нь хясан боогдуулах зэрэг бөгөөд үүгээр хязгаарлахгүй.

Бэлгийн хүчирхийлэл. Бэлгийн халдашгүй байдал, бэлгийн эрх чөлөөг зөрчих, хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орох, орохыг шаардах, таагүй үг хэллэгээр өдөн хоргоох, хууран мэхлэх айлган сүрдүүлэх, бэлгийн дур хүслээ хангах, бэлэг эрхтнийг гэмтээх, элдэв аргаар тарчлаах, бэлгийн харьцаанд зүй бусаар орохыг шаардах, оруулахыг завдсан бөгөөд үүгээр хязгаарлайхгүй.

 

Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан

Гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгааныг эрх мэдлийн тэнцвэргүй байдал гэж үздэг. Эрх мэдэл гэдэг нь өөрт хамаатай асуудлаар шийдвэр гаргах, өөрийн сонголтыг хэрэгжүүлэх, эсвэл бусдын сонголтод нөлөөлөхөд эерэгээр ч, бас сөргөөр ч ашиглаж болох хүч, чадамжийг хэлнэ. Эрх мэдэл нь  бидний амьдралын салшгүй хэсэг. Эрх мэдэл нь бидний шийдвэр, сонголтонд байнга нөлөөлж байдаг боловч бид энэ талаар  төдийлэн нухацтай боддоггүй. Хэн нэгэн эрх мэдлээ бусдыг хянах, эрхийг нь хязгаарлах хэлбэрээр ашиглах нь хүчирхийлэл бөгөөд өөрөөр хэлбэл, эрх мэдэл, хүчирхийлэл хоёр хоорондоо нягт холбоотой. Хүчирхийллийн дамтамж, аюултай байдлын түвшин нь эрс ялгаатай байж болох ч үндсэн шинж нь хуулийн хамаарах  этгээдүүдийн нэг нь нөгөөдөө эрх мэдэл, хяналтаа тогтоох явдал юм.

Тиймээс амьдралын хүнд нөхцөл, боловсролын түвшин, архидалт зэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн суурь шалтгаан биш юм. Архи нь хүчирхийллийг эрчимжүүлэгч хүчин зүйл болохоос үндсэн  шалтгаан биш. Түүнчлэн судалгаагаар амьдралынхаа туршид бие махбодын хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 28.6%, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 41.4%, эдийн засгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдын 19.3% нь дээд боловсролтой байжээ.

 

Гэр бүлийн хүчирхийллийн шинж чанар

Гудамж талбай, олон нийтийн газар үйлдэгддэг хүчирхийллээс үүдэлтэй гэмт хэрэг нь гол төлөв өөр хоорондоо бие биенээ үл таних хүмүүсийн хооронд үйлдэгдэж, хариуцлага хүлээдэг байхад гэр бүлийн хүчирхийлэл нь ойр дотно, хамт амьдардаг хүмүүсийн хооронд болж байдгаараа онцлогтой. Иймд хохирогч нэр төрөө бодон хүчирхийллийг нуун дарагдуулах, хүчирхийлэлтэй харилцааг тэвчих, хүчирхийлэл үйлдэгчийг уучлах, хамгаалах, хайрлах-хорсох-гомдох зэргээр бодол санаа нь зөрчилдөх, улмаар хүчирхийлэл давтагдах, даамжрах шалтгаан нөхцөл болдог байна. Гэр бүлийн хүчирхийллийн гол онцлог шинж чанарууд нь:

  • Гэр бүлийн хамааарал бүхий этгээдүүдийн хооронд үйлдэгддэг
  • Төлөвлөгдсөн ухамсарт үйлдлээр илэрдэг
  • Далд нууцаар үйлдэгддэг
  • Дахин давтагддаг
  • Улам даамжирдаг шинж юм.

 



СОРИЛ
Асуулт 2: Онлайнаар харилцдаг найз чинь чиний зургийг үзэхийг хүсч байвал чи явуулах уу?
1
Асуулт 2: Онлайнаар харилцдаг найз чинь чиний зургийг үзэхийг хүсч байвал чи явуулах уу?
Тийм
Үгүй
САНАЛ АСУУЛГА
Та гэрийн ажилд хэдэн цаг зарцуулдаг вэ?
 
 
 
ТУСЛАМЖИЙН УТАС
24 цагийн турш үнэ төлбөргүй хандан тусламж, зөвлөгөө авах боломжтой.
102
Цагдаагийн дуудлага
107
Гэр бүлийн хүчирхийллийн талаар зөвлөгөө, мэдээлэл
108
Хүүхдийн тусламжийн утас
Холбогдох хууль
Кампанит ажилд нэгдэх
Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
Гарын авлага, брошур


Түнш байгууллагууд: