Та гэр бүлийн харилцаанд үүссэн маргааныг эерэгээр шийдвэрлэж чаддаг уу?
Нийтлэлч: Familycenter.mn

Өдөр тутмын жижиг асуудлаас эхлээд гэр бүлийг төлөөлөн томоохон шийдвэр гаргах үед хостойгоо санал нийлэхгүй ам мурийх тохиолдол гарах нь олонтаа. Гэр бүлийн харилцаанд ямар ч сорилт бэрхшээл тулгарсан бай тайван, ухаалгаар шийдвэрлэж харилцаандаа сэв суулгахгүй байх, хамтрагчийнхаа оронд өөрийгөө тавьж, уучлал гуйж дадах нь хамгийн чухал байдаг. Үл ойлголцлыг зөвөөр шийдвэрлэж, бие биенээ сонсож, нээлттэй ярилцаж чадаагүйгээс хэн нэгнийхээ сэтгэлийг шархлуулах, стресст автах цаашлаад сэтгэл гутрал, салалтад хүргэж мэднэ. Дараах сорилын тусламжтай гэр бүлийн харилцаанд тулгардаг асуудлыг хэрхэн шийдвэрлэдгээ тодорхойлж, харах өнцөг, хандлагаа эргэцүүлж үзээрэй. 

 1. Сануулсаар байхад хамтрагч тань үүрэгт ажлаа хийхээ мартжээ. Та хэрхэх вэ? 
a)      Юу буруу хийснээ анзаарах хүртэл нь ярилцахаа болино. 
b)      Дараа маргахдаа л нэг мөсөн хэлье гээд дуугүй өнгөрнө. 
c)      Хамтрагч руугаа шууд хашгирна. 
d)      Цухалтай санагдах ч дараагийн удаа сануулъя гээд чимээгүй өнгөрнө. 
e)      Түүнийг сайхан ааштай байх цагийн олж эвтэйхэн хэлнэ. 
 
 2. Хамтрагчид тань, таны ямар нэгэн үйлдэл болохгүй байгаа тул ярилцах хэрэгтэй тухай хэллээ. Та хэрхэх вэ? 
a)      Маргаан өрнөхөөс сэргийлж, түүний хэлсэнтэй санал нэгдэж буйгаа илэрхийлнэ. 
b)      Дотроо шударга бус санагдаж дургүй хүрэх ч хэлээ хазаад чимээгүй сонсоно.. 
c)      Шууд дургүйцлээ илэрхийлж өөрийгөө өмөөрнө. 
d)      Бага зэрэг гомдолтой санагдах ч нөхцөл байдлыг дордуулахгүйн тулд түүнийг ойлгохыг хичээнэ. 
e)      Түүний ярианд анхаарлаа хандуулж, тэдний оронд өөрийгөө тавьж үзнэ. 
 
3. Хамтрагчтайгаа хайр сэтгэлийн харилцаагаа үргэлжлүүлэх эсэх дээр эргэлзээ, санаа зовнил төрж эхэллээ. Та хэрхэх вэ? 
a)      Эргэлзээ, санаа зовнил аяндаа арилна гэж бодоод тоохгүй өнгөрнө. 
b)      Шууд хэлчихгүй ч, өөр асуудлын талаар ярихдаа санаандгүй хэлнэ. 
c)      Маргалдах шалтаг гаргаж ирээд, санаа зовоогоод буй асуудлаа хэлж орхино. 
d)      Хамтрагчдаа хэлэх эсэх талаар удаан хугацаанд эргэлзэх ч эцэстээ зориглож хэлнэ. 
e)      Танд тухгүй, эвгүй санагдавч хамтрагчтайгаа тохиромжтой цагийг тааруулж байгаад ярилцана. 
 
4. Та хоёр маш завгүй ажиллаж, хоёр биендээ цаг гаргалгүй багагүй хугацааг өнгөрүүлжээ. Энэ тохиолдолд та яах вэ? 
a)   Юу ч хэлэхгүй ч, ямар нэгэн маргаан өрнөх үед, хуримтлуулж байгаад бүгдийг нь хэлнэ. 
b)    Санаа үргэлж зовж, харилцаандаа сэтгэл дундуур, гонсгор байгаагаа үг үйлдлээрээ илэрхийлж эхэлнэ. 
c)      Хувиа хичээж байгааг нь хэлж гэр бүлдээ, өөрт тань цаг гаргахыг хүснэ. 
d)      Тохиромжтой үеийг нь тааруулж байгаад хэлнэ. 
e)      Хамтдаа цагаа өнгөрүүлэх зүйлсийг төлөвлөж, хэрэгжүүлнэ. 
 
5. Та хоёрын сексийн амьдралын дур хүсэл буурчээ. Дотно харилцаанд орох давтамж ч багасаж урьдын  сэтгэл ханамж байхгүй болжээ. Та энэ үед... 
a)      Хамтрагчтайгаа хүйтэн хөндий харилцана. 
b)      Хамтрагч минь дотно харилцаанд орохыг хүсэх хүртэл хүлээнэ. Тэр үед нь дургүйцлээ илэрхийлж зөрүүдэлнэ. 
c)      Дотно харилцаанд орох санаачлагыг гартаа авна, хэрэв хамтрагч маань дургүйцвэл сэтгэл гонсойж үлдэнэ. 
d)      Дотно харилцаанаасаа өмнөх шигээ таатай мэдрэмж, сэтгэл ханамж авч чадаж буй эсэхийг нь хамрагчаасаа асууна. 
e)      Үүний талаар түүнтэй илэн далангүй ярилцаж, хамтдаа гарц эрэлхийлнэ. 
 
 6. Хос тань ажлынхаа бүсгүй/залуу-тай илүү дотно харилцаж буй талаар сэжиглэж эхлэлээ. Энэ байдал танд таагүй мэдрэмж төрүүлж байна гэж төсөөлье. Энэ үед та хэрхэх вэ? 
a)      Хамтрагчаа мөрдөж мөшгөж, түүнтэй харилцах болгонд таслан зогсооно, түүнийг буруутгана. 
b)      Өөрийг тань хуурч буйг гэж шууд буруутгана. 
c)   Өөрийг тань араар тавьж буй эсэхийг нь лавшруулж асууж, нотлох баримт цуглуулж байгаад гомдоллож, маргана. 
d)    Түүнд гэр бүлээсээ гадуур харилцаа үүсгэн нь байж боломгүй гэдгийг ойлгуулна. 
e)    Харилцаанд үүссэн асуудлын талаар санаа зовниж, дотроо эмзэглэж буй талаараа хэлнэ, гэхдээ хамтрагчийнхаа юу гэхийг чих тавин сонсохыг хичээнэ. 
 
7. Хамтрагч тань гэр бүлийн дундын данснаас танд хэлэхгүйгээр том дүнгээр худалдан авалт хийжээ. Энэ талаар асуухад тань, таныг тэгтлээ нухацтай хүлээж авна гэж бодоогүй тухайгаа хэллээ. Та яах вэ? 
a)      Дуугаа хурааж, хэд хоног/хэсэг хугацаанд/ түүнтэй ярилцахаа болино. 
b)      Түүнээс хариугаа авч, дундын дансан дахь мөнгөөрөө авахыг хүссэн зүйлээ худалдан авна. 
c)      Зарлагын баримтыг хэвлээд ирэхээр нь үзүүлж юунд зарцуулсныг нь нарийвчлан тодруулна. 
d)      Түүнд гомдоно, тантай зөвшилцөхгүйгээр яагаад   бодлогогүй үйлдэл хийснийг асууна. 
e)      Уур тань хүрэх ч, дуугаа өндөрсгөхгүйгээр ярилцахыг чухалчилна. 
 
8. Хамтрагч тань нялх хүүхдээ асрах хариуцлагыг хүлээхгүй, бүх ачааллыг та өөр дээрээ авч буй мэдрэмж төрвөл та ямар хариу үйлдэл үзүүлэх вэ? 
a)      Асуудал болгохгүй. Харин ч хамаг сайнаараа хичээнэ. 
b)      Түүнд сануулж хэлэхгүйгээр хүүхдээ асрах үүргийг үлдээгээд хаа нэг тийшээ хэд хоног яваад ирнэ. 
c)      Хүүхдүүдийнхээ өмнө түүн рүү хашгирна. 
d)      Шударга бус загнаж байгаад нь гомдолтой байгаагаа хэлнэ. 
e)      Түүнтэй эелдгээр ярилцаж, хариуцлагаа тэгш үүрэх ёстойг сануулна. 
 
9. Таны хүүхэд байж боломжгүй гаргалаа. Та хоёр шийтгэх эсэх дээр маргалдаж эхэллээ. Энэ үед яах вэ? 
a)      Буулт хийнэ. 
b)      Шийдвэр гаргахаас татгалзана, шаардлагатай гэж үзвэл маргалдана. 
c)      Энэ удаад яаж шийдвэрлэхийг нь хамтрагчдаа даалгаад, дараагийн удаа би өөрөө асуудлыг шийднэ. 
d)      Хамтдаа шийдвэрлэхээр ярилцана, гэхдээ таны шийдвэр зөв гэдгийг түүнд батлахыг хичээнэ. 
e)      Хамтрагчийнхаа байр суурийг ойлгохыг хичээж, дундын шийдэл нь юу байж болох талаар ярилцана. 
 
Хэрэв таны хариултад  5-с дээш Е байвал 
 
Та гэр бүлийн харилцааны аливаа маргааныг үнэхээр сайн шийдвэрлэж чаддаг нэгэн аж. Танай гэр бүл аливаа асуудлыг нээлттэй, тайвнаар шийдвэрлэж чаддаг бөгөөд хэн нэгэн гишүүнд асуудал тулгарвал түүнийг чинь сэтгэлээсээ сонсож чаддаг юм байна. Зарим асуудал үед гэр бүлийн харилцаанд тэвчээр барам асуудал гарах ч та дэвэргэхгүйгээр үргэлж зүй зохиостой, эерэг байр сууринаас шийдвэрлэдэг аж. Та нээлттэй, соёлтой, эерэг харилцааг эрхэмлэдэг ба ямар ч үед асуудлыг хамтрагчийнхаа байр суурьнаас харахыг хичээдэг оролдлого тань маргаан, зөрчлийг хүндрүүлэхгүйгээр шийдвэрлэхэд тусалдаг. Хамтрагчтайгаа зөвшилцөлд хүрч чаддаг ч, халуун дулаан харицлаагаа хадгалахын тулд бүх зүйл дээр түүнтэй санал нийлэх албагүй гэдгийг санаарай. 
 
Хариу: 
Таны хариултад 5-с дээш D байвал 
Сэтгэл хөдлөлөө хянах нь хэцүү байдаг ч та үргэлж асуудлыг нээлттэй, зөв зохистойгоор шийдвэрлэхийг эрмэлздэг юм байна. Хэдий таныг хамтрагч тань гомдоох, уурлуулах үйлдэл гаргасан ч түүнийг сонсох багахан хичээл зүтгэл гаргаарай.  Та харилцаандаа бий болсон асуудлыг шийдвэрлэж чаддаг ч гэр бүлийн бат бэх харилцаа, асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх тал дээр гэр бүлийн сэтгэл зүйч, мэргэжлийн хүмүүсээс туслалцаа авахад илүүдэхгүй. Асуудал заавал хүндэрсэн хойно мэргэжилтэнд хандах бус гэр бүлийн харилцаагаа бат бэх, эрүүл байлгах үүднээс хамтдаа гэр бүлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө авах нь асуудлыг өөрөөр шийдвэрлэж сурах, бие биенээ илүү сайн ойлгож, харилцаандаа анхаарлаа хандуулахад маш том дэмжлэг болно шүү. 
 
Таны хариултад 5-аас дээш B болон А орсон бол 
 Гэр бүлийн харилцаанд асуудал гарахад та хоёр үргэлж бие биенийгээ ялахаар яг л эсрэг багийн тоглогчид шиг л тэмцэлддэг юм байна. Танайх ялихгүй асуудлыг дэвэргэж түймэр болгон хувиргах хандлагатай юм. Та хоёрын харилцаанд  хамтрагчдын гэхээс илүүтэй өрсөлдөгчийн байр суурь давамгайлж, бие биенээ ялахаар баримт нотолгоо цуглуулдаг оролдлогууд тань харилцааг улам дордуулах шинжтэй. Ямар нэгэн асуудал гарвал буулт хийж сураагүйгээс хэн нэгнийгээ зүрхийг шархлуулах үг хэлдэг зан үйл, дадлаа нэн яаралтай засахыг хичээгээрэй. Мөн асуудал, гомдлоо дотроо тээж явахын оронд нээлттэйгээр ярилцаж чаддаг байх нь асуудлыг оновчтой шийдэлд хүрэх хамгийн зохистой арга. Өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ байвч эхлээд сонсож сурах, хосынхоо оронд өөрийгөө тавьж үзэх нь чухал гэдгийг сануулъя. Асуудлаа нээлттэй ярилцах, хүлээцтэй сонсож сурах нь эхэндээ тухгүй мэт санагдах ч хэд хэдэн удаагийн хичээл зүтгэл, оролдлогоор суралцаж болно. Тунирхал, гомдол, үйл ойлголцлыг бие биендээ анхаарал халамж тавьсан асуулт асуух, үйлдэл хийх зэргээр намжаах боломжтой. Мөн та гэр бүлийн сэтгэл зүйч, мэргэжлийн хүнд хандаж дадсанаар бусадтай төдийлөн хуваалцаж зүрхэлдэггүй асуудлаа дотроосоо авч хаяж, эрүүл, зөв харилцааг хэвшүүлэх арга барилд суралцахад ихээхэн тустай.