Гэр бүл гэдэг нь хоёр ба түүнээс дээш хүмүүсийн нийгмийн холбоо бөгөөд хосуудын хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэн, эцэг эх, үр хүүхдийг багтааж, гэрлэлтийн үр дүнд бий болсон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ.
Гэр бүл нь нийгэмд үр удмаа үлдээх, гэр бүлийн гишүүд бие биеийнхээ төлөө анхаарал халамж тавих, үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх гэсэн үндсэн 3 үүргийг хүлээдэг байна.
“Гэр бүл" гэдэг ойлголтод эцэг эх, үр хүүхдийг багтаан ойлгодог байсан бол сүүлийн жилүүдэд тус хэвшмэл ойлголт өөрчлөгдөж, ганц бие эцэг эх, ижил хүйстэн, холимог гэр бүл болон хоёр эцэг эх, тэдний хүүхдүүд зэрэг илүү өргөн цар хүрээг хамрах болсон.
Эрүүл харилцаатай гэр бүл үргэлж аз жаргалтай байдаг
Танд л гэж хэлэхэд аз жаргалтай гэр бүлийг цогцлооход нууц гэж огтхон ч үгүй. Харин таны мэддэг юм шиг атлаа өдөр тутмын амьдралдаа тэр бүр хэрэгжүүлдэггүй дараах зарчмуудыг тэд амьдралынхаа хором мөч бүрд хэрэгжүүлдэг байна.
1. Биесээ хайрла
Аз жаргалтай гэр бүлийн үндэс нь бие биеэ үргэлж хүндэлж, урам зориг хайрлаж, хоорондоо эвсэг харилцахаас эхэлдэг.
"Гэр бүлийн харилцаа аз жаргалыг тодорхойлдог" гэж найман хүүхдийн эцэг, алдартай номын зохиогч Рабби Шмулэй Ботеач хэлсэн байдаг. Эцэг эхчүүд ажлаасаа ирэх үед хүүхдүүд нь тэднийг хараад хөл нь газар хүрэхгүй хөөрч, баярладаг шүү дээ. Холоос хүүхдүүд нь гэртээ ирэхэд эцэг эх нь мөн л догдлол дүүрэн угтаж тухайн гэр баяр хөөрөөр бялхдаг. Хосууд нэгнээ ирэхэд мөн халуун дулаанаар угтдаг. Энэ бол гэр бүлийн гишүүдийн нэгнээ гэсэн анхаарал халамж, хайрыг илрэлх юм.
2. Сэтгэлээ нээ
Хүүхдүүд сургууль цэцэрлэгээсээ ирээд тухайн өдөр тохиолдсон зүйлсээ гэр бүлийнхээ гишүүдтэйгээ догдлон хуваалцдаг.
Тухайн өдөр тохиолдсон таагүй үйл явдлыг бодон гэртээ уур уцаартай эсвэл дуу муутайхан орж ирэх таныг хараад тэд баярлах болов уу? Нам гүм, уйтгартай орчин гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг эвдэж, хоосон хөндий болгодогийг санаарай. Ууртай эсвэл сэтгэл тавгүй байдал тань хүүхдэд ихэвчлэн надаас болоод аав ээж ууртай байна гэсэн мэдрэмж, бодлыг төрүүлж байдаг. Тиймээс таныг өдөржин хүлээсэн тэдний урмыг хугалмааргүй байгаа биз дээ?
Таатай ч, таагүй ч тухайн өдөрт болсон үйл явдлаа хайртай хүмүүстэйгээ хуваалцаж сэтгэлээ онгойлгох, санал бодлоо солилцож байх нь гэр бүлийн гишүүдийн харилцаанд эерэг уур амьсгалыг бүрдүүлж байдаг. Хэрэв та тухайн үед ярилцахад бэлэн биш байгаа бол гаднаас орж ирэхдээ асуудлаа хаалганы цаана үлдээж, тохиромжтой нөхцөл бүрдсэн үед хостойгоо зөвлөлдөөрэй.
3. Гэр бүлээ ямагт нэгдүгээрт тавь
Гэрлэгчдийн хувьд хосын харилцаанаас илүүтэй хүүхдүүд нь амьдралын утга учир болж, бүхий л хайр халамжаа тэдэнд зориулж хосын халуун дотно харилцааг бүр умартсан байх нь бий.
Хүүхэд том болж төрж өссөн үүрээ орхихын цаг та хоёр л гэртээ үлдэнэ. Тэр үед гэр орон хоосон, хөндий санагдаж таагүй мэдрэмж авах уу, эсвэл урьдын адил гэр бүл тань халуун дулаан уур амьсгал, инээд хөөрөөр дүүрэн хэвээр байх эсэх нь хосуудаас шалтгаална.
Тиймээс хүүхдэдээ анхаарал тавьдаг шиг хосын харилцааг халуун, дулаан байлгахад анхаарах хэрэгтэй. Ингэж чадвал он цаг улирсан ч хосууд нэг нэгэндээ тавих анхаарал халамж, хайрлах сэтгэлээ анхныхаар нь хадгалдаг.
4. Аз жаргалтай хором, мөч бүрийг гэр бүлтэйгээ өнгөрүүлэхийг хичээ
Тэд орой өөр хүмүүстэй гадуур хооллох бус халуун ам бүлээрээ ширээ тойроод оройн зоогоо барих гэж гэр рүүгээ яардаг. Амралтын өдрийг ажиллаж, зугаацаж бус гэр бүлдээ бүрэн дүүрэн зориулахыг илүүд үздэг.
Танд маш энгийн зүйл мэт санагдавч харилцаагаа эрүүл, эерэг байлгахыг тулд долоо хоногт дор хаяж 3-5 удаа гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллож байхыг зөвлөж байна. Энэ бол гэр бүлийн харилцаандаа ахиц, дэвшил авчрах, харилцаагаа илүү бат бөх болгох сайхан боломж юм. Тэр тусмаа оройн хоолоо бэлдэхэд гэр бүлийн гишүүн бүр гар бие оролцох нь таатай харилцааны үндэс болдог.
5. Хамтдаа хөгжилд
Орой бүр эсвэл амралтын өдөр бүр гэр бүлээрээ тогтмол хийдэг дадалтай болж үүнийгээ үр хүүхдүүддээ өвлүүлээрэй. Тухайлбал, эрүүл харилцаатай гэр бүлийн гишүүд хүүхдүүддээ үлгэр орой уншиж өгдөг, гэхдээ үүнийгээ илүү сонирхолтой болгохын тулд хамтдаа үлгэр зохион ярилцах нь ч бий.
6. Ажил, хичээлээс гадуурх үйл ажиллагааг тэнцвэртэй байлга
Эцэг эх, хосууд үргэлж илүү цагаар ажиллах, эсвэл ажлын дараа гадуур суух, зугаацах, хүүхдүүд өдөр бүр хичээлээс гадуур нэмэлт давтлага, дугуйлан, сургалтад хамрагдах зэргээр гэр бүлийн гишүүд долоо хоногийн 5-6 өдөрт бүтэн өдрийн турш завгүй байх болсноор гэр бүлийн гишүүддээ бага цаг зориулдаг. Олон цагаар ажиллаж, суралцсан бие өдрийн төгсгөлд ямар ч эрч хүчгүй болж гэртээ ирээд хурдхан орондоо орж унтахыг л хүсдэг. Хэрэв энэ нөхцөл байдал удаан үргэлжилбэл хүйтэн хөндий гэр таныг угтах болно. Халуун, дотно уур амьсгалтай гэр бүлийн гишүүд ажил, хичээлийн бус цагаар хамтдаа хөгжихийг эрмэлздэг. Тухайлбал, хамтдаа усан сэлэлтээр хичээллэх, гүйх, дугуй унах, гадаад хэл сурах гэх мэт.
Энэ нь найз нөхөр, өөр хамт олонтойгоо суралцаж, хөгжих цагаа багасгах гэсэн үг биш , 7 хоногийн 3 өдрийг гадуур, үлдсэн 4 өдрийг гэр бүлийнхэнтэйгээ гэх зэргээр тэнцвэрийг нь хадгалах тухай ойлголт юм.
7. Гэр бүлийн тогтсон уламжлалтай болох
Ихэнх гэр бүл долоо хоног эсвэл сар бүр тогтмол хийж заншсан гэр бүлийн уламжлалтай байдаг. Энэ нь гэр бүлийн харилцааг халуун дулаан, эерэг байлгах үүднээс хамтдаа бүрдүүлэхийг хичээж буй соёл. Ер нь гэр бүл болж амьдарна гэдэг ганц хүний хичээл зүтгэл бус хамтын хүч хөдөлмөр байдаг. Та гэр бүлийн соёлоо бүрдүүлж, өвлүүлээрэй. Тухайлбал, амралтын өдөр бүр ууланд алхах, загасчлах, сар бүр пиццаны өдөрлөг, кино үдэшлэг уралдаан тэмцээн зохиох гэх мэт.
8. Хоолойн өнгөө нэг түвшинд байлга
Гэр бүл бол хамгийн аюулгүй, тайван орчин байх ёстой тул үлгэр жишээ гэр бүл ямар ч асуудалд үргэлж тайвнаар хандахыг хичээдэг. Таныг ундууцуулах нөхцөл байдалд үүсэн ч дуугаа өндөрсгөхгүй, хоолойн өнгөө ердийнх шигээ намуухан байлгаж, асуудалд тайвнаар хандаж ярилцах замаар шийдвэрлэж сураарай.
Хашхичиж зандарсан хоолойн өнгө, гар тааралдсан зүйлсээ шидлэх зэргээр уур бухимдлаа гэр бүлийн гишүүддээ мэдрүүлэх нь тайван орчинг тухгүй, айдас төрүүлэм болгодог.
9. Хүүхдийнхээ хажууд хэзээ ч бүү маргалд
Хосуудын харилцаанд маргалдах, санал нийлэхгүй асуудлууд гарах нь энүүхэнд. Хүүхэд бол таны үйлдлийн тусгал. Тиймээс хүүхдийнхээ дэргэд муудалцахгүйгээр асуудлаа шийдвэрлэж сураарай. Хэрэв хүүхэд тань та хоёрын маргалдаж буйг санамсаргүй харсан тохиолдолд “Аав ээж хоёрыгоо уучлаарай. Бид хоёр зүгээр л санал зөрсөн юм” гэж эелдгээр тайлбарлах мөн хүүхдийнхээ дэргэд эвлэрснээ заавал харуулаарай. Тэгэхгүй аваас хүүхэд өөрийгөө маргаанд буруутай мэт санаж, дотроо шаналж явдаг.
10. Хэт бүү ажилла
Үлгэр жишээ гэр бүл хамтын амьдралаа эхлүүлж, үр хүүхэдтэй болсноор үүрэг, хариуцлагаа ухамсартайгаар биелүүлдэг.
Та хэт ачаалалтай ажиллаж гэр бүлдээ цаг зав бага зориулах гэр бүлийн гишүүдийн харилцааг хөндий хоосон болгож, бие биеэсээ асуудлаа нуухад хүргэдэг.
Хэдийгээр ажиллаж, хөдөлмөрлөх, гэр бүлийнхээ санхүүгийн хэрэгцээг хангах нь чухал ч, халуун дотно уур амьсгал, хамтдаа бүтээх дурсамж түүнээс илүү чухал гэдгийг үргэлж санаарай.
11. Эв найрамдлыг эрхэмлэх
Хосууд, ах дүү, эцэг эх хүүхэд хоорондын эв найрамдал нь аз жаргалтай амьдрал, итгэлцлийг бий болгодог. Гэр бүлийн харилцаан дахь маргааныг зөвөөр шийдвэрлэж сураагүй байх нь байнгын зөрчилдөөн үүсгэх, эрүүл, эерэг уур амьсгалыг үгүй хийж, гэр бүл дотор хагарал, хана үүсгэдэг. Тиймээс ямар үед тэднийхээ сайн талыг олж харж, магтаж, урам зоригоор тэтгэж байгаарай.
12. Уян хатан бай
Бидний хүрээлж буй орчин, даван туулж буй асуудал, нөхцөл байдал нь бидний зан араншин хандлагыг бүтээж байдаг. Эрүүл, эерэг харилцаатай гэр бүлүүд энэ нөхцөл байдлыг сайн ойлгодог учраас гэр бүлдээ эерэг уур амьсгал бүтээхийг юу юунаас илүү чухалчилдаг.
Тиймээс гэр бүлийн гишүүдийнхээ хүсэл мөрөөдлийг нь сонсож, өөрийнхөөрөө байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хүссэнээ хийх эрхийг нь хязгаарлахгүй, дэмжиж урамшуулж байгаарай. Хэрэв гэр бүлийн хэн нэгэн гишүүн алдаа гаргасан тохиолдолд нөхөрсгөөр санал бодлоо илэрхийлж байх нь зүйтэй. Зөв, бурууг хүн өөрөө л туулж байж мэддэг. Тиймээс тэдний алдааг шүүмжилж, урам зоригийг нь мохоохгүйгээр уучилж, дэмжлэг үзүүлж, ухаарах боломж олгож уян хатан хандаж сураарай.
13. Нээлттэй харилцаа
Харилцаа бол бидний амьдралын амин чухал хэсэг. Харилцааны чадвартай хүн бусдын чин сэтгэлээсээ сонсож, өөрөө хамгийн сүүлд нь ярьж, өөрийгөө зөвөөр ойлгуулж чаддаг тул асуудлыг ярилцаж шийдвэрлэж чаддаг. Тийм ч учраас эрүүл, эерэг, халуун дулаан уур амьсгалыг гэр бүлийн орчиндоо бий болгохын тулд гэр бүлийн гишүүдтэйгээ нээлттэй харилцах явдал юм. Өөр хэн ч таныг гэр бүлийн гишүүнээс чинь илүү хайрлаж, итгэж, түшиж тулж чадахгүй. Тиймээс та гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй харилцаж, тэднийг хүндэлж, өөрсдийг нь ямар үнэ цэнэтэй болохыг нь мэдрүүлж чадах нь бат бэх, үнэ цэнэтэй харилцааны үндэс юм.
Дээрх зарчмууд бол гэр бүл судлаачид олон хосын харилцаанд ажиглалт, хийсний үндсэн дээр тодорхойлсон нийтлэг шинж чанар бөгөөд эдгээрээс өөр зарчим байхыг үгүйсгэхгүй.