Төрсөн цагаас эхлэн хүүхдэдээ хэлдэг үгс, тоглуулдаг тоглоом, тэдэнд хандаж буй хандлага, хүмүүжлийн арга нь хүүхдийн сэтгэлгээг хайрцаглаж, насан туршид нь илрэх жендэрийн хэвшмэл ойлголтыг бий болгодог гэдгийг та мэдэх үү?
...Эр хүн уйлдаггүй юм, юунд шалчганаад байгаа юм...
...Охин минь 2 нас хүрээгүй байж ягаан өнгийн даашинзад ухаангүй дуртай. Үеийнх нь хүүхдүүд хөл бөмбөг тоглож байхад очиж хамт тоглоорой гэж хэлэхэд минь “охид хөл бөмбөг тоглодоггүй юм” гэж хэлж билээ...
...Охин юм байж хачин чанга дуутай, үргэлж юм руу авирч, үсэрч дэвхцэж байхыг нь яана, улам л эрэгтэйлэг болоод байх юм...
Энэ мэт охид хөвгүүдийнхээ ямар байх “ёстой”, юу хийж болох, үгүйг хүйст хамаатуулан туйлшруулж буй хортой хандлагаараа тэдний бие хүний төлөвшилд жендэрийн хэвшмэл ойлголтыг өдөр бүр суулгаж байгаагаа бид өөрсдөө ч анзаардаггүй. Арга ч үгүй байх өөрсдөө ч ийм ойлголтоор хүмүүжсэн болохоор үүнийгээ бичигдээгүй нийгмийн хууль ч гэж үзэх нь олонтаа.
Хүйсийн талаарх ялгаатай, хэвшмэл ойлголтоор хүүхдээ хэт эрт туйлшруулж буй энэ явцуу үзэл хандлага нь тэдний зан араншин төлөвших, өөрийгөө ойлгох, сонголт хийх, гэр бүлдээ, нийгэмдээ хэрхэн авирлах зэрэгт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй, хүйст оноосон хортой үзлийг дэмждэг нэгэн болоход хүргэдэг.
Тэгвэл чухам ямар хортой явцуу үзлээр бид хүүхдээ хүмүүжүүлдэг вэ, жендэрийн хэвшмэл ойлголт яагаад нийгэмд арилшгүй сөрөг үр дагаврыг авчирдаг вэ?
Хортой гэсний учир нь хэвшмэл ойлголт нь тухайн хүнийг өөрийнхөөрөө байх хүслийг нь нухчин дарж, гадаад ертөнцийн талаарх бидний ойлголт, хандлага, хүлээлт бусдад болон өөртөө хандах хандлага, хүлээн зөвшөөрөх сэтгэхүйг хайрцагладаг байна.
Энэ нь хожим гэр бүл зохиох, нийгмийн харилцаанд ороход аливаад эрэгтэй, эмэгтэй гэсэн хүйсийн туйлширсан хандлага гаргаж, бусадтай ойлголцож чадваргүй болгодог.
Хэдэн зууны өмнө эмэгтэй хүний чадвар, эрчүүдийнхээс хамаагүй доогуур үнэлэгдэж байв. Энэхүү ялгавартай ойлголтыг эвдэх, хүйснээс үл хамааран хүмүүс тэгш эрх эдлэх ёстой талаар олон зуун жилийн турш хүний эрхийн хөдөлгөөн, шинжлэх ухааны туршилт, судалгаа хийгдсээр буй билээ. Өдгөө энэхүү өрөөсгөл ойлголт, хандлага харьцангуй бүдгэрч буй ч жендэрийн хэвшмэл ойлголт аль ч нийгэмд амь бөхтэй оршсоор байна.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагын хийсэн судалгаагаар дэлхий нийтэд эмэгтэйчүүдийн 27.1 % нь цалин хөлсгүй, асаргааны ажил хийдэг бол эрэгтэйчүүдийн 1.5% нь гэр бүлийн гишүүдээ асардаг аж.
Хүйсээр нь харьцуулбал эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн харьцаа эрэгтэйчүүдийнхээс 26%-иар бага байна.
Одоогийн энэхүү хандлагаар цааш үргэлжилбэл, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн цалин хөлсгүй асаргааны ажилд зарцуулах зөрүүг арилгахад 209 жил шаардагдана.
Энэ мэт жендэрийн тэгш бус байдал оршсор байгаагийн нэгэн шалтгаан нь хүүхдийг төрсөн цагаас нь элхэн хэвшмэл ойлголтоор хүмүүжүүлдэгт оршино. Сэтгэл судлаач, гэр бүл судлаачдын хийсэн судалгаагаар эцэг эх асран хамгаалагчид нь охид, хөвгүүддээ ялгавартай хандаж хүмүүжүүлэх санаа агуулдаггүй ч санамсаргүйгээр үргэлж ялгаварладгийг илрүүлжээ. Энэ бүхэн бүр эхийн хэвлийд байхад л эхэлдэг буюу чанга өшиглөж, хөдөлгөөн ихтэй байгаа эсэхээр хүү, охин хэмээн таадаг байжээ.Тэр бүү хэл зан араншинг дүрсэлж, илэрхийлж буй үгэнд хүртэл хүйс оноодог шүү дээ.
Хүүхэд тоглоом наадгайгаар дамжуулж ертөнцийг танин мэддэг тул тэдний төлөвшилд тоглоом маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмэгтэй, эрэгтэй гэж хүйсээр нь ялгалгүй хүүхдүүдийг лего гэх мэт тоглоомоор тоглуулах нь нь аливааг бүтээн байгуулах, бий болгох санааг дэмжих, хүүхэлдэйгээр тоглуулах нь бусдыг асарч энэрэх, анхаарал халамжийн талаарх ойлголтыг төлөвшүүлдгийг мэддэггүй хүн үгүй л болов уу.
Хүүхдүүд төрсөн цагаасаа эхлэн эргэн тойрноо цаг үргэлж ажиглаж, тэндээс суралцаж, мэдэрч, харж өссөн зүйлс, хүрээлэн буй хүмүүсийн хандлагаар аль хүйст, ямар хэвшмэл ойлголтод хамаарахаа хэдийнээ ойлгож эхэлдэг.
Тиймдээ ч хоёр настайгаасаа эхлэн охидууд ягаан өнгийг өөртөө хамаатуулдаг бол хөвгүүд энэ өнгийг төдийлөн таалдаггүй. Үүний бас нэг шалтгаан нь эцэг эх, тэдний найз нөхөд, хамаатан саданд нь тэдний хүйст хамаатуулсан тоглоомыг бүр эртнээс өгч тоглуулдгаас үүдэлтэй.
Судлаачдын үзэж буйгаар охидын адил хөвгүүд ч бусдыг хайрлах, халамжлах, асран энэрэх төрөлхийн зан араншинтай байдаг ч гэр бүлийн орчин, нийгэмд үүнийг нь багад нь үгүй хийдэг байна.
Хэрэв хөвгүүдэд багаас нь хүүхэлдэй авч өгвөл машин, легогоор тоглодогтой адил тэд барбигаар л тоглох болно.
Тоглоом бол жендэрийн хэвшмэл ойлголтыг лавшруулдаг ердөө ганцхан хүчин зүйл.Харин дараагийн чухал хүчин зүйл ньхүйст оноодог зан чанар юм. Ээж аав хөвгүүдийнхээ огцом ширүүн хөдөлгөөн, дүрсгүйг занг гайхдаг бол харин охидоо уян зөөлөн, төлөв даруу байлгахыг хүсдэг. Мөн аз жаргалтай, гунигтай байдлыг охидод хамаатуулдаг нь мөн л жендэрийн хэвшмэл ойлголтын нэг илрэл.
Нярай үед нь хүүхдүүдийн хөдөлгөөнийг ялгах боломжгүй байтал хүмүүс хөвгүүдийн мөлхөж буй хөдөлгөөнийг нь шаламгай, дайчин гэж эндүүрдэг. Энэ мэт хэвшмэл ойлголтыг эцэг эх, асран хамгаалагчаас хүүхдүүд багаасаа өвлөдөг байна.
Дараагийн нэг чухал зүйлд хэл яриа тооцогддог.
Хүмүүсийн нийтлэг ойлголтоор бол охид түрүүлж хэлд ордог гэдэг ч судлаачдын үзэж буйгаар үүний шалтгаан нь ээжүүд хүүгээсээ илүү охин хүүхэдтэйгээ нярай үед нь их ярилцдагтай холбоотой ажээ. Мөн сэтгэл хөдлөлийн талаар охидтойгоо илүү их ярилцдаг байна. Өөрөөр хэлбэл, бидний хэвшмэл ойлголтоор тодорхойлдог охид яриасаг, сэтгэл хөдлөл ихтэй, эмзэг, уян, харин хөвгүүд хөдөлгөөн ихтэй, түрэмгий зан араншинтай гэдэг зан чанарыг хүмүүс өөрсдөө бий болгож, хүүхдүүддээ итгэн үнэмшүүлдэг байна. Тиймдээ ч хүмүүжлийн энэ мэт хэвшмэл хандлага нь эцэг эхээс хүүхдүүдэд өвлөгддөг.
Кентакигийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Брауны өгүүлснээр эцэг эхчүүд охидод хөвгүүдийн тоглоом, хувцас авч өгдөг ч эсрэгээрээ хэзээ ч хөвгүүддээ охидын хувцас, тоглоом сонгодоггүйг анзаарчээ. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүн ноёрхогч, хүчтэй гэсэн ойлголт, хандлага нийгэмд байдаг нь хөвгүүдийн охидод хамаарах эд зүйлийг сонирхохгүй байхад хүргэдэг аж.
Жендэр судлаачдын үзэж буйгаар хүүхдийн хүсэл сонирхол, зан араншин төлөвшихөд энэ мэт нийгмийн нөхцөлт хүчин зүйлс үлэмж нөлөөлдөг байна. Мөн хүйсийн онцлог, зан чанар нь төрөлхөөс заяагддаг гэдэгтэй эрдэмтдийг санал нийлдэггүй бөгөөд дараагийн нэг баримт бол зарим тохиолдолд охидын умайд андроген буюу эр бэлгийн даавар ялгардаг буюу бидний нэрлэдгээр эрэгтэйлэг зан чанар давамгай ажиглагддаг байна.
Хүүхэд нярай байхдаа орчны өдөөгчид хэт мэдрэг байдаг тул аливаа зүйлийн ялгааг эртнээс мэдэрч, өөриймшүүлдэг.
Хэрэв эцэг эх асран хамгаалагч, насанд хүрэгчид хүйсэнд оноосон энэ мэт зан чанар,хандлага, сонголтуудыг хожмын үр дагаврыг нь бодолцохгүйгээр хүүхдэдээ тулгах аваас жендэрийн хэвшмэл ойлголтыг лавшруулж, цаашлаад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх хөрсийг бэлддэг аж.
Өөр нэг жишээ бол, сургуульд орохдоо хүйсийн ялгаатай байдал тооны хичээлийн үзүүлэлт дээр төдийлөн гардаггүй ч анги дэвших тусам багшийн хандлага, нийгмийн хүлээлтээс үүдэн өрсөлдөх чадварын ялгаа улам тодорч эхэлдэг байна.Астоны их сургуулийн тархи судлаач Жина Риппоны тайлбарласнаар аливааг хүйсээр ангилан туйлширсан хэвшмэл ойлголт хандлага нь хүний оюуны чадамж, ур чадварыг нийгэм ялгавартайгаар хүлээн авч, цаашид бэхжүүлдэг байна.
Нэгэн жишээ дурдахад тооны шалгалт нь хэр байсныг охидоос асуувал өөрийн ур чадвар, гүйцэтгэлдээ итгэл муутайхан байх бол хөвгүүд үр дүнгээ хэтрүүлэн үнэлэх нь бий.
Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчдийн эрэгтэй эмэгтэй хүүхдэд хандаж буй ялгаатай хандлага, анхаарал халамж, хүлээлт нь тэдний боловсрол, карьер сонголт, ирээдүйн амжилт, гэр бүлд гүйцэтгэх үүрэг, гаргах зан авирт хүртэл нөлөөлдөг байна.
Мичиганы их сургуулийн сэтгэл судлаач Меган Маасын хэлснээр бэлгийн болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн гаралтын дүнг аваад үзэхэд гэмт хэрэг үйлдэгчийн дийлэнх нь эрчүүд байдаг. Үүнд нөлөөлж буй хүчин зүйл бол эрчүүд төрөхөөсөө л манлайлагч, ноёрхогч, хүчирхэг, бэлгийн дур хүслээ хангах хэрэгцээтэй байдаг бол эмэгтэйчүүд хүлцэнгүй, асран хамгаалагч, тээгч гэсэн хортой үзэл, хэвшмэл ойлголт бөгөөд энэ нь хүний эрхийн олон зөрчил, бурангуй үйлдлийн үндсэн шалтгаан болдог аж.
Түүний судалгаанаас үзэхэд эрхэмсэг, эмэгтэйлэг байх хүсэлтэй охид гадаад төрх, харагдах байдалдаа илүү их ач холбогдол өгдөг ба өөрийгөө ямар нэг хэрэгсэл /сексийн хэрэгсэл/ болгож харагдуулахад хүргэдэг гэжээ.
Хүүхэд хүрээлэн буй орчин, эцэг эх, сургууль, найз нөхөд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж жендэрийн хэвшмэл ойлголтыг алхам тутамдаа хүлээн авч, лавшруулж, сэтгэхүйдээ суулгадаг.
Гэвч одоог хүртэл хийгдсэн тархи судлалын туршилт, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархины цахилгаан бичлэгээс ялгаатай зүйлийг неорологичид хараахан олж илрүүлээгүйг онцлох хэрэгтэй.
Бид эмэгтэйчүүдийг илүү нинжин сэтгэлтэй гэж боддог ч үнэн хэрэгтээ эрэгтэй эмэгтэй хүмүүс нөхцөл байдлыг хүлээн авах, мэдрэх, хариу үйлдэл үзүүлэхэд яг адилхан байдаг. Харин хэвшмэл ойлголт үүнийг нухчин дардаг.
Төрсөн цагаас эхлэн хүүхдээ хүйсийн ялгавартай хандлагаар хандвал, жендэрийн эрх тэгш биш байдал, хүний эрхийн зөрчил, хүчирхийлэл байсаар л байх болно.
Тиймээс хүүдээ эр хүн уйлдаггүй, хүчирхэг байх ёстой, охиндоо эмэгтэй хүүхэд байж ажилсаг, уян зөөлөн, эмэгтэйлэг бай гэх мэт хэвшмэл ойлголтыг тулгаж тэдний бяцхан ертөнцийг хоёр туйлд бүү хуваагаач ээж аав, багш нараа.
Хүйснээс үл хамааран олон төрлийн тоглоомоор хүүхдээ тоглуулж, охид хөл бөмбөг үзэж хөвгүүд үсээ урт ургуулж, ягаан өнгийн хувцас өмсөж, гэрийн ажил хийж болдгийг, эрэгтэй хүүхэд сэтгэл хөдлөл ихтэй байх, уйлахыг хүлээн зөвшөөрөх, охидод хөвгүүдийн адил хүчирхэг гэдгийг мэдрүүлж өсгөх хэрэгтэй.
Эх сурвалж: