Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг сүүлийн жилүүдэд нийгмийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа бөгөөд, 2021 оны эхний гурван сард өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн харамсалтай үзүүлэлт гарчээ. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, ажилгүйдэл, эдийн засгийн хямрал гээд олон хүчин зүйл үүнд нөлөөлж байна. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийг танин мэдэх, таслан зогсоох, хэрхэн шийдвэрлэх талаар “Талархлын Хүч” ТББ-ын нийгмийн сэтгэл зүй, гэр бүлийн зөвлөгч Г.Баясахтай ярилцлаа. Тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн дөрвөн хэлбэртэй байдаг хэдий ч бүх хүчирхийллийн үндэс суурь, шалтгаан нь сэтгэл зүйтэй шууд холбогддог гэдгийг онцолсон юм.
-Гэр бүлийн хүчирхийлэл гэж юу вэ, хүчирхийллийн суурь шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйл юу байдаг вэ?
-Гэрлэлтийн үр дүнд бий болсон тодорхой эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг “гэр бүл” гэнэ. Гэр бүл болох нь үерхэл, нөхөрлөлөөс өөр юм. Харин хүчирхийлэл бол аливаа нэг субъект өмнөө тулгарсан зорилгодоо хүрэхийн тулд айдас төхүүлэх, албадлага, хүчирхийллийн аргыг хэрэглэхийг хэлнэ. Үүнд,
Бие махбодын хувьд: амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг,
Сэтгэл санааны хувьд: хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгөх, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэхийг,
Эдийн засгийн хувьд: цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хаан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулахыг
Бэлгийн хувьд: хамтран амьдрагч эсвэл гэр бүлийн гишүүнээ хүсээгүй байхад бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадахыг бэлгийн хүчирхийлэл гэнэ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэхэд олон шалтгаан нөхцөл бий. Жишээлбэл, Монголчуудын хувьд “ганц удаа гар хүрээ л биз, сүртэй юм” эсвэл “Сайн эхнэрийг сардаа нэг”, “Эр эмийн хооронд илжиг бүү жороол”, “Эмэгтэй хүний үс урт, ухаан богино”, “Эр муу ч эмийн дээр” гэх мэт уламжлалт, хэвшмэл, буруу ойлголт маш их байдаг. Түүнчлэн бид хүүхдэд бага наснаас нь эхлэн цэцэрлэг, сургууль, их сургуульд нь гэр бүлийн боловсрол олгох бодит, хичээл мэдлэгийг өгдөггүй. Үүнээс үүдэн төлөвлөлтгүй гэр бүл болох, хүчирхийллийг өөрсдөө ч, нийгмээрээ ч хүлээн зөвшөөрөх, таслан зогсоохгүй байх, хохирогчийг буруутгах, хохирогч хүчирхийллийг тэвчих зэрэг олон сөрөг үр дагаврууд үүсдэг. Гэр бүлийн асуудлын 80 хувь нь санхүү мөнгөтэй холбоотой байдаг ч, энэ нь өөрөө сэтгэл зүй суурьтай л асуудал шүү дээ. Эхнэрээ, хүүхдээ тэтгэн тэжээх үүргээ “ял, албадлага” мэтээр хүлээн авч дарамт үзүүлэх эдийн засгийн хүчирхийлэл бөгөөд үндэс суурь нь тухайн хүний зан үйл, сэтгэл зүйтэй л холбоотой асуудал байдаг.
- Хайр, халдагыг нэг хүнээс мэдэрдэг болохоор үргэлж эргэлзээ төрүүлдэг, нөгөө талаас эдийн засгийн хувьд хараат байдал, хүүхдээ өнчрүүлэхгүй гэсэн эсвэл өөр гарц байхгүй гэсэн бодлоосоо болж энэ хортой харилцаанаас гарч чадахгүй байх нь “хүчирхийллийг тэвчих, даамжруулах” нөхцөлийг бий болгодог байх. Тэгэхээр яагаад хүчирхийлэл үйлдэгдэж байна. Үүнийг хэрхэн таслан таньж мэдэж, таслан зогсоох вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч нь хүүхэд наснаасаа авсан бие, сэтгэлийн шарх, ялангуяа аав ээждээ бүрэн хайрлуулаагүй, байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөөгүй байхтай холбоотой байх нь бий. Ээж аав нь хүүхдүүдээ хайр халамжийг бүрэн мэдрүүлээгүй, гэр бүлийн боловсрол, зөв үлгэр дуурайлал үзүүлээгүй, бие махбодийн шийтгэл амсуулж өсгөх нь “хүчирхийллийн сэтгэл зүй”-г төлөвшүүлдэг. Тэгэхээр насанд хүрч, хэдийн төлөвшсөн хүнийг гэр бүл болоод шууд өөрчилчихнө гэж бодож болохгүй. Охин төрүүлвэл гайгүй болно байх, гайгүй ажилтай төрөлтэй болчихвол засарна байх, би илүү хайрлаж, халамжлбал гайгүй болно байх гэсэн хоосон найдвараа орхиж, хэрвээ та хүчирхийлэлд байгаа бол нөхцөл байдлаа эргэцүүлж, хүчирхийлэл үйлдэгч өөрчлөгдөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Нөгөө талаа хүчирхийлэл үйлдэгч нь хамтрагчаа өөрийн өмч гэж ойлгож, зодсон ч гэсэн тэвчээд л байдаг юм байна, намайг хүндэлж, хэлснээр минь хийх ёстой гэж боддог. Үгүй шүү дээ. Хайр өвтгөх ёсгүй, буруу зүйлийг, хүчирхийллийг та тэвчих ёсгүй. Хүн буруу зүйл хийснийхээ төлөө зодуулах ёсгүй. Хүн хэлээрээ мал хөлөөрөө гэдэг. Тэр бүү хэл гэр бүлээс гадуурх харилцаанд орж, араар тавьсан ч нөхөр нь сэтгэл зүй, бие махбодод нь гэмтэл учруулж халдах ёсгүй.Х уулийн дагуу шийдвэр гаргуулж болно. Хэрвээ та болоод таны ойр дотны хэн нэгэн ийм байдалд автаж л байгаа бол гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа буюу өөрийнхөө хил хязгаар, оюун санаагаа чөлөөтэй илэрхийлэх орон зайгүй болсон гэсэн үг.
Ихэнх тохиолдолд хүчирхийлэлд өртдөг ч “Би хайртай учраас энэ бүхнийг тэвчиж, уучилж байгаа юм” гэж хохирогчид хэлдэг. Хайр байвал тэнд эрүүл ухаан заавал байх ёстой. Хүн өөрийгөө үнэлдэг, хайрладаг байх ёстой. Өөрийг чинь доромжилж байгаа зүйлд “үгүй” гэж хэлж сурах ёстой. Хэрвээ та өөрийгөө үнэлэхгүй бол өөр хүн таныг үнэлэхгүй шүү дээ. Гэтэл тэгж чадахгүй байвал та хүнд “донтох” эмгэг, хүчирхийллийг хүлээн зөвшөөрч байх магадлалтай. “Яагаад над руу хашгирч, гар хүрч байгаа юм бэ? Тэр хүнд ингэх эрх байхгүй, үүнийг зөвшөөрөхгүй” гэсэн байр суурьтай байх ёстой. Хувь хүнд өөрийн гэсэн хил хязгаар, орон зай гэж байдаг. Энэ нь чөлөөтэй сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх орон зайн хил хязгаар юм.
Мөн бие махбодын хил хязгаар гэж бий. 1.5 радиус дотор хувь хүний орон зай шүү дээ.Энэ радиус руу ороход л хүний бие махбод руу хүчирхийлэл үйлдэх сэдэл төрдөг. Нэг метрийн зайтай зогсож байгаа хүн уурлаад цохих гэхэд ядаж гар нь хүрэхгүй. Бие махбодоо хамгаалсан орон зайг хүн өөртөө авч байх хэрэгтэй.
Харин оюун санааны орон зай гэдэг нь хүн өөрийгөө илэрхийлэх явдал юм. Эрүүл ухаантай хүн бол намайг доромжилж болохгүй гэдгийг илэрхийлдэг. Харин "хүнд донтсон", хүчирхийллийг тэвчиж, хүлээн зөвшөөрдөг хүмүүс энэ хил хязгаараа харамсалтайн алдсан байдаг. Хил хязгаар эвдэгдсэн, хаалга нь онгорхой газарт хулгайч, дээрэмчид дураараа авирлаж, хүссэнээ хийдэгтэй л яг адилхан. Хувь хүн өөрийнхөө орон зай, хил хязгаарыг алдвал хүчирхийлэлд автаж, эргүүлээд эргэн тойрондоо байгаа үр хүүхдүүдээ, бусад хүнийг хүчирхийлэх гол шалтгаан болдог.
-Тэгэхээр энэ нөхцөлд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?
-Эрүүл хүн үгүй гэж хэлж байгаа үгийг зүгээр хүлээж авдаг байхад, үүнийг хүлээж авч чадахгүй, тэр хүнийг айлгаж, амийг нь тэмцүүлж л байгаа бол эмгэгтэй байдал үүссэнийг харж болно. Хэрвээ та гэр бүлийнхээ хүнтэй харилцахдаа ямар нэгэн үг хэлэхээс, ямар нэгэн үйлдэл хийхээс айж л байгаа бол энэ харилцаанд асуудал байна гэсэн үг. Тиймээс мэргэжлийн хүнд хандаж, тусламж авах шаардлагатай. Шууд сал гэж зөвлөж бас болохгүй. Гэр бүл болгонд, асуудал хямрал бий. Үүнийг маш олон аргаар даван туулдаг. Эхний авах арга хэмжээ бол мэдрэмжээ чөлөөтэй ярилцах. Тэгэхгүй бол хуримтлагдаж яваад тэсэрдэг. Нөгөө талаас чи хэлэхгүй л бол чиний юу бодож, мэдэрч байгааг мэдэхгүй. Нөгөө хүнийхийгээ ч бас. Харилцан ярилцаж, хамтдаа асуудлаа хэлэлцдэг дадалтай гэр бүлд хүчирхийлэл гарах магадлал бага. Эрүүл харилцаатай байж чадна. Харин ярилцахаас айдаг, мэдрэмжээ илэрхийлэхээс айдаг бол энэ харилцаа асуудалтай. “ҮГҮЙ” гэдэг үгийг айдасгүй хэлж чаддаг бол энэ зөв харилцаа юм.
-”Зориулаад” л байгаа нь хайрлаад байгаа мэтээр ойлгох нь буруу байх талтай гэсэн шүү дээ. Тэгэхээр бид хайрыг хэрхэн ойлгож хүлээж авах хэрэгтэй вэ?
-Дотно харилцаа, халамж, хамгаалалт гэсэн гурван зүйл цогцоор байж хайр болно. Хүмүүс хайрлаж л байгаа бол ингэ, тэг гэж хэлдэг. Хэрвээ чиний биед хүндэтгэлгүй хандаж, өвтгөж байгаа бол энэ хайр мөн үү? Тэр хүн таныг хамгаалахгүй байна шүү дээ. Хайрын нэг илэрхийлэл болох халаммж бас, хамгаалалт нь хаана байна.
Тэгэхээр хайрлаж байгаа бол халамжилдаг, хамгаалдаг, аюултай нөхцөл байдал, дургүй байхад чинь хий гэж хэлдэггүй, хүсэхгүй байхад чинь бэлгийн харилцаанд орохгүй, ажилтай байхад чинь таныг хүндлэхгүйгээр одоо ир тэгэхгүй бол би тэглээ шүү гэдэгт л та өөрөө автаж байгаа бол танд асуудал байна, та хүчирхийллийг өөгшүүлж байна гэсэн үг. Ийм зүйл хааяа нэг илэрч байвал сэтгэлзүйн дэмжлэг туслалцаа авах хэрэгтэй. Хүн өөрийгөө хайрлаж, үнэ цэнээ мэддэг байж бусдаар хайрлуулж, бусдын үнэ цэнийг мэддэг.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье!